ТЭР буландаа бид ардын дууч Б.Алтанжаргалыг урьж ярилцлаа. Тэрээр Анхны тоглолтоо 2018 онд хийж, “хожуу” уран бүтээлээ туурвиж байгаа ч мэргэжлийн дуучин билээ. Ардын дуу сэрүүлэг, ташуур шиг санах сэрэх бүхнийг өгдөг. Яндашгүй их далай гэсээр бидний яриа эхэлсэн юм.
Ардын дууг орчин цагийн маневрт оруулж дуулж байгаа нь залуус сонсох сэдэл болсон. Энэ талаараа яриач.
Миний анхны дуулсан дуу монгол ардын богино дуу Дүүриймаа. Анхны тоглолт 2018 онд “Дөмөн хонгор аялгуу” гэж хийж байв. Хөгжмийн найруулгын хувьд этник гэж жанр. Бид бүгд орчин цагийн хөгжимтэй холих, нэг үеийн төлөөлөл болсон залуучууд. Клип, дуу бүтээх, дууны хөгжмийн найруулга гэх мэт харж байсан чиглэлүүд нь нэг байсан болохоор. Ардын богино дуу миний мэдэхийн сүүлийн 10 жил нэлээн дуулагдлаа. Хүмүүсийн сонирхолд ч сайн хүрч байна. Дотоод ардын өв соёлоо сонсдог тэр сэдлийг төрүүлж өгч байна гэдэг нь бид нарт бахархалтай л зүйл.
Урлагийн хүн тул олон сайхан дээл хувцастай байх. Гэхдээ таны дээлнүүдийн загвар уламжлалаасаа их гаждаггүй харагддаг.
Хүрээ дэгжин гээд оёдлын газар хийдэг. Авдрандаа багтахгүй дээл өдийг хүртэл хийсэн байна. Булгаа эгч маань ер нь миний дээл, монгол цамц, малгай гэх мэт бүх зүйлийг маань хийж өгдөг. Ядамсүрэн гуайн гаргасан номоос их сэдэвлэж дээлээ урладаг. Тэгэхээр угсаатныхаа өмсгөл, зүүсгэл, дээл хувцсыг язгуураар нь барьж явдаг. Энэ зүйлийг бид нар л харуулах ёстой. Ялангуяа олны өмнө ардын урлагаа түгээж яваа бид нар дээл хувцсаа зөв боловсон өмссөн байх ёстой.
Ардын дуучин Б.Алтанжаргал гэж овоглогдох хүртлээ та ардын дуу дуулж байна. Өөрийнхөө чадал чансааг хэр үнэлэх бол?
Өөрийгөө тийм айхавтар сайхан, мундаг дуучин гэж нэрлэхгүй ээ. Ардын урлаг бол бас айхавтар шүү. Шүүлт нь ард түмэндээ байдаг болохоор. Одоо бид нарын ингээд шимтэн сонсоод, үлгэр аваад яг дуулалтын арга барил техник эзэмшсээр явж байгаа ахмад үеийнхэн байна шүү дээ. Соёлын Цоодол гуай, Дугаржав гуай, Лхамжав гуай, Дорждагва гуай, Норовбанзад гуай, Шархүүхэн гуай гэх мэт нэг зуунд төрчихсөн мундаг дуучин хүмүүс. Бид тэр хүмүүсээс л үлгэр авч байна. Бид бол тэр хүмүүсийн хаана нь ч байдаггүй. Манай уртын дууны сонгодог хөгжил нь өнгөрсөн зуунд болоод өнгөрчихсөн юм шиг байгаа юм.
Ардын дуу сургаал шиг, бас амьдралын их өрнөл байдаг
Миний хувьд хэлж ярьж, үлгэр жишээ авахад маань өдөр бүр сануулж байдаг сэрүүлэг мэт авч явдаг Монгол ардын богино дуу “Сандуйтай мод” юм. Залуу байгаа цаг хугацаандаа эрчимтэй урагшаа тэмүүлж ажилла гэсэн ташуур үг шиг санагддаг.
Сандуйтай мод
Сандуйтай юу мод нь болбол сар нарны чимэгээ хө
Сайн явдал саруул ухаан энэ биений чимэг ээ хө хө
Сайхан чиг төрсөн залуухан тэр минь ээ
Санаж явсан миний биений зүрхний минь чимэгээ хө хө
Навчтай юу мод нь болбол нар сарны чимэг ээ хө хө
Насны багад эрдмийг сурах энэ биений чимэг ээ хө хө
Найртай чиг төрсөн залуухан тэр минь ээ
Найдаж явсан миний биений зүрхний минь чимэгээ хө хө
Галууны маань дэгдээхий нь болбол
Ганганаад нисэхээрээ хө
Ганга мөрний усыг болвол гатлаад гарна аа хө хө
Ганьхан чиг төрсөн Оюунсамдангаа хө хө
Газар усны найман зовхис нь дагаад мордвоо хө хө
Та цагаан сарын баяр тэмдэглэдэг үү? Орчин цагт залуус тэмдэглэх нь бага байх шиг.
Манай үндэсний хоёр том баярын нэг нь цагаан сар, нөгөө нь наадам. Өтгөс бууралдаа мэнд мэдэх, ах дүүстэйгээ биеийн сайныг мэдэлцэх хамгийн сайхан баяр. Айл өрх бүр гэртээ идээ будаа засдаг. Энэ нь хүний тэгш дүүрэн байхын бэлгэдэл болж өгдөг. Залуу гэр бүл, цагаан сараа тэмдэглэдэг. Энэ бол өвөө эмээгийн маань захиас. Бид бүгд бахархах ёстой баяр гэж хүлээн авдаг.