Бид иргэн Л.Одгэрэлтэй холбогдож, гэр бүлд нь үүсээд буй асуудлын талаар тодрууллаа. Тэрээр, "Миний ах 58 настай Л.Жаргалсайхан нь ходоодны хорт хавдар оноштой. ОХУ-ын Улаан Үүд хотод амьдардаг. Сүүлийн хоёр сар бие нь эрс муудаж, Улаан үүдийнхээ эмнэлэгт хандахад хагалгааны өртөг төлбөр өндөр, эх орон уруугаа буц гэж зөвлөсөн. Ингээд хил хаалттай ч Улаан Үүдийн консул хөөцөлдөж, сайн ажилласан учраас өчигдөр буюу 2020/02/02-нд Алтанбулагийн боомтоор эх орондоо ирлээ. Одоо биеийн байдал нь хүнд, цус алдалттай Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Би эмчлэгч эмчтэй нь утсаар холбогдсон. Цус тогтоох тариа зэргийг хийж, бүхий л боломжоороо эмчилж байгаа гэсэн. Хот руу хавдар судлалын үндэсний төв рүү явуулах шаардлагатай гэж эмч нар нь надад хэлсэн. Манай зүгээс УОК -т хандсан ч хариу өгөхгүй байна тиймээс та нар өөрсдөө хөөцөлд гэсэн. Би ЭМЯ, УОК, НОК-т хандсан. УОК-ийн үүдний жижүүр намайг оруулаа ч үгүй. Бид уг нь 1-р сарын 23-ны бямба гарагт шуурхай штабын байрлаж байгаа ЭМЯ–нд орж өргөдөл өгсөн. Өргөдөлдөө ах маань хүнд өвчтэй, ирэхэд нь саадгүй Улаанбаатар руу нэвтрүүлээд эмчлээд өгөөч ээ гэсэн утгатай өргөдөл бичсэн. Гэтэл өргөдлийн хариу одоо хүртэл ч алга. Ахтайгаа би утсаар ярьсан, ямар ч байсан эх орондоо ирлээ. Одоо сайхан амармаар байна гээд байсан. Бидэнд их хүнд байна. Эхнэр нь Улаан –үүддээ үлдсэн. Би энд хотод. Ахын минь хажууд хэн ч байхгүй. Тал талд хөл хорионд хэцүү байна" гэв.
Ийнхүү Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-ийнхөн хоорондоо зөвлөлдөж, өвчтөн Л.Жаргалсайханыг хот руу тээвэрлэх ёстой гэсэн шийдэлд хүрсэн ч УОК хариу өгөхгүй бүтэн өдөр өнгөрчээ. Л.Жаргалсайханы дүү Л.Одгэрэл ах минь үхлийн ирмэгт байна. Бидэнд туслаач хэмээн УОК-т үг дайлаа.
Бид ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон ЭМЯ-ны мэргэжилтэн н.Долгорсүрэн нартай утсаар холбогдож мэдээлэл авлаа.
ЭМЯ-ны мэргэжилтэн н.Долгорсүрэн, "Л.Жаргалсайханы талаар мэдэж байгаа. Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эмчлэхгүй хаясан зүйл байхгүй. Эмнэлгийн ажил нарийн. Тэр өвчтөн хол замын ая даах уу, хагалгаанд орох уу эсвэл ХСҮТ-өөс эмч явуулах уу зэргийг Сэлэнгэд эмчилж байгаа эмч, ХСҮТ-ийн эмч нар нь л мэднэ гэв. Харин бид өвчтөн өчигдөр эх орондоо ирсэн. Хил даваад 24 цаг болж байна. Тэр өвчтөнийг хэрхэхээ яагаад ингэж удаан буюу 24 цаг шийдэж байгаа юм бэ ? гэж асуухад, Сэлэнгэ аймгийн бичиг нь дөнгөж сая манай дээр ирж байна. Би яагаад чамд байцаагдах ёстой юм. Эмнэлгийн ажил нарийн" гэв.
Харин ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяраас ар гэртэй нь яагаад холбоо барихгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ? 1-р сарын 23-нд өгсөн өргөдлийг яагаад шийдэхгүй байгаа юм бэ ? гэж асуухад. Эмнэлгийн ажил нарийн. Эмч нар нь шийддэг. Ар гэртэй нь холбоо барья. Тэр өргөдөл ирээгүй шүү. Бид шалгалаа. Тийм өргөдөл алга гэв.
Харин өвчтөн Л.Жаргалсайханы төрсөн дүү Л.Одгэрэл 1-р сарын 23-ны бямба гарагт бид шуурхай штабын байрлаж байгаа газарт өргөдлөө аваачиж өгсөн, бичиг хэрэг байхгүй, надад үлдээчих гээд жижүүр нь хүлээж авсан. Надаас өргөдөл хүлээж авсан жижүүр нь өнөөдөр ч шуурхай штаб дээр ажиллаж байна лээ.
Шуурхай штаб руу намайг оруулаагүй. Тэр өргөдлийг байхгүй байна гэж байгаа бол өчигдөр хүртэл бид шуурхай штабаар очсон. Ахынхаа асуудлыг хэлсэн. Худлаа гэвэл 700.000 төгрөг нэхэж, дансаа хүртэл өгсөн чат бий. ХСҮТ, Сэлэнгийн эмнэлгийнхэн зөвлөлдөөд өвчтэй ахыг минь хот руу явуулах хэрэгтэй л гэсэн. Гэтэл УОК хариу өгөхгүй удаад өдий боллоо гэв.