(Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 биш 101 жилийн ойд)
Чи түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн зөндөө олдоно
Цицэрон
Төрийн дээр зайдалсан МАН
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд Монголд улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөл нь 2 заалттай бөгөөд нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгажээ.
Энэ үйл явдлын логикийг дүгнэвэл, Монгол Ардын Намын ойг тэмдэглэх үүргийг төрийн хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас төрийн гүйцэтгэх засаглал болох Засгийн газарт өгч, хэрэгжилтийг нь хууль тогтоох засаглалын Байнгын хороод хянана гэсэн үг. Намынхаа ойг тэмдэглэхэд төрийг бүхэлд нь дайчилдаг ийм завхрал байж болох уу?
Үндсэн хуулиар төрийн дээр нам байсан социализмын үед ч нам, төр хоёр холилдсон ийм гажуудал болж байгаагүй, тэр үед төр нь намын заавраар ажилладаг байсан ч албан ёсны протокол дээр төр, нам хоёрын заагийг маш сайн барьж чадаж байсан. Тиймээс МАХН-ын тэгш ойг тэмдэглэх тогтоолыг төрийн дээд байгууллага болох Ардын Их Хурал хэзээ ч баталж байгаагүй, зөвхөн намын дээд байгууллага Улс төрийн Товчоо л баталж байсан. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо.
Ерөнхий сайд П.Гэндэн “Нам бол төрийн улаан булан” гэж ёгтолсон гэдэг. Харин өнөөдөр төрийн дээр зайдалж байгаа МАН-ынхан төрийг ердөө өөрсдийнх нь ажлын алба гэж ойлгож яваа ажгуу.
1920 он уу, 1921 он уу?
Завхрал үүгээр дуусаагүй, дөнгөж эхэлж байна. Энэ нь МАН хэдэн онд байгуулагдсан бэ гэдэг асуудал. Өнөөгийн МАН, өмнөх МАХН ч намаа 1921 оны 3-р сарын 1-нд байгуулсан гэж үзсээр ирсэн ба 2021 оны 3-р сарын 1-нд нам байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэнэ хэмээн хөөрцөглөж буй.
Гэтэл 1919 оны дүн өвөл хойд Хятадын цэргийн эрхтэн Сюй Шүжэн Монголд ирж, автономит эрхийг устгахад үндэсний засаг төрөө сэргээх зорилготой Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6-р сарын 25-нд Туул голын хөвөөнд найр хийх нэрийдлээр цуглан нэгдэж, “Монгол Ардын Нам” нэртэй улс төрийн байгууллагыг байгуулжээ.
1920 оны 12-р сарын 23-нд Коминтерны Монгол-Төвдийн хэлтсийн эрхлэгч Б.Шумяцкийн боловсруулсан танилцуулгад,
“…Монгол Ардын Нам нь олон түмнийхээ санаа бодлыг илэрхийлэн, үндэсний үзлийг өөрийн үзэл суртлын үндэс болгож байгаа нь зүйн хэрэг юм. Монгол Ардын Нам нь сайн бэхжиж, эргэлзээтэй элементүүдээс ангижирч чадаагүй байгаа тул намын доод түвшинд ноёдын, тэр тусмаа лам нарын эсрэг шууд суртал ухуулга хийх нь осолтой байж мэднэ…” гэжээ.
Дээрх танилцуулгаас үзэхэд 1920 оны 12-р сард Коминтерн Монгол Ардын Намыг нэр, үйл ажиллагаатай нь дүгнэсэн байна. Байгуулагдаагүй намыг ингэж урьдчилан дүгнэх боломжгүй нь мэдээж. Энэ танилцуулгын огноо нь өнөөгийн МАН-ынхны нам байгуулагдсан гэж боддог 1921 оноос нь гурван сарын өмнө байгаа биз! Ихэнх улс, нам түүхээ аль болох урагшлуулахыг хичээдэг байтал МАН хойшлуулахыг чармайдаг нь ямар учиртай болохыг социализмын үед ойлгож болох ч харин одоо үед ойлгоход эрүүл ухааны логик хэрэгтэй буй заа!
Хятадын Коммунист Нам 1921 оны 7-р сарын 23-нд байгуулагдсан. МАН яалт ч үгүй 1920 оны 6-р сарын 25-нд байгуулагдсан Азийн анхны улс төрийн нам гэдэг түүхээрээ бахархах ёстой болов уу.
1921 оны 3-р сарын 1-ний өдөр юу болсон бэ?
МАН-ын зааврын дагуу УИХ-ын тогтоолоор Засгийн газраас зохион байгуулж, орон даяар нижгэр тэмдэглэх 1921 оны 3-р сарын 1-ний өдөр ямар үйл явдал болсон бэ?
1920 онд барон Унгерн Монголд нэвтэрч, гамингуудыг хөөн, Нийслэл Хүрээг эзэлснээр Коминтерн Алс Дорнод дахь аюулгүй байдлаа хангах зорилгоор түүнийг яаралтай устгах шаардлага үүсчээ. Тиймээс Сюй Шүжэн-ий гамин цэргийг Монголоос хөөх тэмцэлд Коминтерныг туслахыг гуйж байсан МАН-ыг энэ зорилгодоо нийцүүлэн яаралтай өөрчилжээ. Бас Зөвлөлтийн Гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чичерин Хятадын Гадаад хэргийн яаманд нот бичиг илгээж, Монголд Улаан армийн ангиудыг оруулах зөвшөөрөл хүсэхдээ Монголыг Хятадын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрч, гол зорилгоо дараах байдлаар томьёолжээ:
Зөвлөлтийн Засгийн газар Монгол дахь барон Унгерны зандалчдаас болж, Хятадын бүрэн эрхт байдал эвдэгдсэн явдлыг эцэс болгох нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ гэж үзэх тул Зөвлөлтийн цэргийн ангиуд Монголд цагаан гвардийн бүлгүүдийг бүрэн устгаж, Хятадын бүрэн эрхт байдлыг сэргээснийхаа дараа зорилтоо биелүүлсэн гэж үзэх бөгөөд тэр цагт Хятадын нутаг дэвсгэрээс нэн даруй гарч явах болно.
Мөн Монгол руу нэвтэрч, барон Унгернтай тулалдах Улаан армийн ангиудад дараахь зааварчилгааг өгчээ:
Монголын нутаг дэвсгэр дээр байх үедээ Хятадын цэрэгтэй учирсан тохиолдолд тэдэнд холбоотны ёсоор хандаж, Унгерны эсрэг тэмцэн тэдний эрх ашгийг хамгаалж байгаа байдалтай байх”
Чухам ийм зорилгоор МАН-ыг Зөвлөлтийн экспортын нам болгож өөрчлөхийн тулд 1921 оны 3-р сарын 1-нд Троицкосавск тосгонд Коминтерний Алс Дорнодын хэлтсээс зохион байгуулсан монгол, орос нийлсэн 17 хүн зөвлөлгөөн хийжээ. Зөвлөлгөөн гурван өдөр үргэлжилж, 3-р сарын 2-нд оролцогсдын тоо 19 болж, 3-ны өдөр 26-д хүрсэн байна. Уг хурлаар МАН-ын удирдах байгууллагыг Төв Хороо гэж шийдэцгээсэн нь анхны 7 хувьсгалчийн ч ой тойнд байхгүй Большевик намын удирдлага байгууллага болох Центральный комитет гэдгийн үгчилсэн орчуулга болой.
Энэ өдөр МАН-аас “Түмэнд тунхаглах бичиг” гэдэг намын мөрийн хөтөлбөрөө зарлажээ:
“Дундад Иргэн улсын хүний тоо маш олон, муж хязгаар, үндэс суртал нь хэд хэдэн буй учраа зүй нь мөн хэд хэдэн анги өөрөөн эзэрхэн засах улс байгуулан, өөр хоорондоо гэрээ дүрэм тогтоож, тангарагийн Холбоот Дундад Улс болбаас зохих тул манай монгол үндэстэн мөн энэ холбоонд багтан орохоос татгалзах явдалгүй, харин ч Өмнөд хятад, Умард хятад, Сычуань хязгаар, Түвд, Хотон, Манж, Монгол зэрэг дор дороо өөрөөн эзэрхэн шударга засаг байгуулж, бүгд хоорондоо нэгэн хэлхээ батлаж, Холбоот улс байгуулбаас сая харилцан бие бенээ дарлалцахгүй болоод гадаадын эзэрхэг түрэмгийн аюулаас хамгаалахад сайн” гэжээ.
1921 оны 3-р сарын 1-нд баталсан МАН-ын дээрх мөрийн хөтөлбөрийг орчин үеийн найруулгаар уншвал МАН нь Хятадын Холбоот Улсад Холбооны улс байдлаар нэгдэхээс татгалзах явдалгүй, харин ч гадаадын довтолгооноос хамгаалахад сайн гэдэг логик хоёрдмол утгагүйгээр ойлгогдоно.
Эмгэнэл үү, бахархал уу?
Тиймээс 1921 оны 3-р сарын 1-ний өдрийн дээрх үйл явдлуудыг Эх орончдын өдөр хэмээн нэрлэж, УИХ, Засгийн газрын тогтоолоор улс даяараа тэмдэглэх нь бахархал уу, эмгэнэл үү?
МАН-ын 100 жилийн жинхэнэ ой буюу 2020 оны 6-р сарын 25-нд УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарч, МАН-ыхан юун 100 жилийн ойтой, манатай байсан билээ. Харин 2021 онд 101 жилийн ойгоо 100 жилийн ойтойгоо “нөхөж тэмдэглэнэ” гэж мэдэгдвэл түүхийн үнэн болон эрүүл ухааны логикт илүүтэй нийцэх юм.
МАН 2010 онд Коминтерны тулгасан Хувьсгалт гэдэг нэрийг хасч, Монгол Ардын Нам хэмээх уугуул нэрээ сэргээсэн нь түүхийн үнэнд нийцсэн шийдэл байсан юм. Гэтэл МАН нь 1920 онд анх байгуулагдсан санаа зорилгоосоо гажуудаж, гадаадын цэрэг-стратегийн ашиг сонирхлын “тоглоом” болсон “зохиомол түүх”-ээ УИХ-ын тогтоолоор Азийн анхны улс төрийн нам болох намынхаа ойг нэг жилээр ухрааж тэмдэглэж болно гэж үү?
Б.Чимэд