Олон улсын судалгаанаас авч үзэхэд дэлхийн хүн амын 50-аас илүү хувь нь Д амин дэмийн дутагдалтай байна. Д витамины ач холбогдол, хэрэглээний талаар эм зүйч Ө.Уранчимэгтэй ярилцлаа.
– Д витамин гэж юу вэ. Хүний биед ямар ач холбогдолтой вэ?
– Витаминыг тосонд уусдаг, усанд уусдаг гэж хоёр ангилна. Д витамин бол тосонд уусдаг. Хүний биеийн эсийн мембранаар дамжуулан кальци болон фосфорын түвшинг зохицуулж шимэгдэлтэд оролцдог. Мөн ясны булчингийн хэвийн үйл ажиллагаа, хүүхдийн ясны хөгжилд нөлөөлнө. Ач холбогдол нь ясны сийрэгжилт, зүрх судасны үйл ажиллагаа, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн өсөлт, дархлал тогтолцоонд оролцоно. Тиймээс бүх насныхан уухад тохиромжтой. Эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа 200 IU витамин Д хэрэглэх нь ясны сийрэгжилтийг багасгадаг.
– Витамин Д-г нарнаас авдаг гэдэг шүү дээ. Тэгвэл өвлийн улиралд хэрхэн нөхөх вэ?
Арьсан дор урьтал бодис болох холестрин нь нарны гэрлийн хэт ягаан туяагаар идэвхжин 7 гидрохолестерол болдог. Энэ нь холекалциферол гэх идэвхтэй хэлбэрт шилждэг. Улмаар элэг болон бөөрөнд хамгийн идэвхтэй хэлбэрийн д витамин болж очно. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай өндөрлөг газар байрладаг учир хангалттай нарны гэрэл авч чаддаггүй. Хүний биеийн 60-аас дээш хувь нь ил гарч байж арьсан дор байгаа холестрины нийлэгжилтийг идэвхжүүлнэ. Элэг, бөөрөнд очиж байгаа идэвхтэй хэлбэрийн д витамин нь нарийн гэдэсний хучуур эдийн кальци, фосфорын ионууд дахь шимэгдэлтийг дэмждэг. Улмаар яс болон бусад эрхтэнд нөлөө үзүүлнэ.
– Хэтрүүлэн хэрэглэвэл хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?
Аливаа эм витаминыг их тунгаар хэрэглэвэл сөрөг нөлөөтэй. Хүний биеийн Д витамины хэмжээг цусны шинжилгээгээр тодорхойлно. Насанд хүрсэн хүний хоногийн хэмжээ нь 22-оос 30 мкг гэж үздэг. Хүүхдийн хоногийн тун 13-аас 25 мкг. Манай улсын хувьд гадны олон орны Д витаминыг дусал, капсул, таблетик хэлбэрээр импортолж байгаа.
– Эмийн бус аргаар хэрхэн нөхөх вэ. Тохиромжтой хүнсний бүтээгдэхүүн юу байна вэ?
Д витамин нь загас болон өндөгний шар, сүү сүүн бүтээгдэхүүнд их хэмжээгээр агуулагддаг. Нэг литр сүүнд 30 мкг Д витамин агуулагддаг. Мөн гахай болон бод малын элэг, цөцгийн тосонд агуулагдана. Ургамлын гаралтай зүйлсээс улаан буудайн үр, эрдэнэ шиш, гүнждийн тос гэх мэт.
– Д витаминыг кальцитай хавсарч хэрэглэхгүй бол хангалттай үр дүн өгдөггүй гэдэг үнэн үү?
Кальцийг д витаминтай хавсарч хэрэглэснээр нарийн гэдэсний шимэгдэлтийг идэвхжүүлнэ. Сүүлийн үед кальци, д витамины хавсарсан найрлагатай витаминууд бий болсон. Д витаминыг кальцитай хамт хэрэглэхгүй л бол үр дүнгээ өгөхгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Кальцийг цусаар шимэгдэж хэрэгтэй газраа очиход Д витамин чухал үүрэг гүйцэтгэдэг.
– Д витамин дутагдсанаар хүний биед ямар сөрөг нөлөө гарч, шинж тэмдэг нь хэрхэн илэрдэг вэ?
Рахит буюу сульдаа өвчний үндэс болдог. Энэ нь ихэвчлэн хоёр сартайгаас нэг настай хүүхдүүдэд зонхилон тохиолддог. Учир нь хүүхэд хоёр сар хүртлээ эхийнхээ сүүгээр дамжуулан Д витаминаа авдаг. Үүнээс хойш Д амин дэм нэмэлтээр уух шаардлага бий болдог. Рахит өвчний шинж тэмдгийн хувьд ясны хөгжил дутуу явагдаж толгойгоо даахгүй нэг тал руу хазайна, маш их хөлөрч, хөлд орох нь удаан байдаг. Өсөлтийн насанд мөчдийн болон араг яс, гавал цээжний ясны бүтэц өөрчлөгддөг. Жишээлбэл цээжний хэнхэрцэг яс урагшаа төвийж гарч ирсэн мэт харагддаг. Д витаминыг өвлийн улиралд тэр тусмаа одоогийн энэ корона вирусийн үед хэрэглэх нь нэн тохиромжтой.
Ярилцсанд баярлалаа