Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм менежментийн бүрэлдэхүүнээ өөрчилсөн байна. Энэ дундаас Зэсийн салбар хариуцсан захирлаар Б.Болдыг томилсон нь хамгийн их анхаарал татаж байна.
Харин өмнө нь Зэс, очир эрдэнийн группийн захирал байсан, Монголын талтай хийх гол яриа хэлэлцээг ахалж байсан Арнауд Суарат “Rio Tinto”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал болжээ.
Якоб Стаусхолм "Би “Rio Tinto”-ийг нутгийн ард иргэд, Засгийн газрууд болон бусад гол оролцогч талуудтай харилцан итгэлцсэн түншлэлийг бий болгосон компанийн хувиар дахин бүтээмээр байна" гэж онцолсон байна.
Б.Болдын хувьд 2013 онд “Rio Tinto”-ийн Зэсийн группийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр анх томилогдож байсан бөгөөд 2015 оноос “Rio Tinto”-ийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр, маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар томилогджээ. Түүнчлэн тэрбээр Англид олон жил банк санхүүгийн салбарт ажиллаж байсан аж. Одоо Зэсийн салбар хариуцсан захирлаар томилогдсоноор үндсэндээ “Оюу Толгой” төсөлтэй холбоотой яриа хэлэлцээнд “Rio Tinto”-ийг төлөөлж Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээнд оролцоно гэсэн үг юм.
Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ "Дубайн гэрээг цуцлах санал"-ыг хөрөнгө оруулагч талд тавиад байгаа. Гэхдээ энэхүү Дубайн гэрээгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд зориулж олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас 4.4 тэрбум ам.долларын зээл авсан. Тиймээс гэрээг цуцлах асуудал нь өөрөө олон улсын том зээлдэгч нарын эрх ашгийг хөндөх учраас энэ асуудал нэлээд төвөгтэй гэдгийг Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлж байлаа.
“Rio Tinto” компани гүний уурхайн зардал, хугацаа өмнөх төлөвлөгөөнөөс нь хэтэрч байгааг албан ёсоор зарлаад байна. Хэдий тийм боловч энэ төлөвлөгөөгөөр Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох тооцооллыг ЗГХЭГ гаргаад байгаа юм. Тиймээс Монголын талын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, “Оюу Толгой” төслийн зардлыг бууруулах, суурь гэрээнүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг манай талаас үндсэндээ тавьж байна.
Одоогоор яриа хэлэлцээ үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талууд онлайнаар уулзалтаа хийж байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч Ерөнхий сайдад томилогдсон учир одоо ЗГХЭГ-ын даргад шинэ хүн томилогдоно. Тухайн хүн цаашид яриа хэлэлцээг ахлаад явах аж. Мөн холбогдох яамдын сайд нар өөрчлөгдөж магадгүй байна. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэх төлөвтэй байгаа юм.