Энэ сарын 13-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо” хэмээн мэдэгдсэн.
Тодруулбал, зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн сургуулиудад суралцаж байгаа оюутан суралцагчдыг боловсролын зээлд хамруулдаг байсан бол төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 5028 оюутныг боловсролын зээлд хамруулахаар нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Гэвч энэ шийдвэр тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар их дээд сургуулийн оюутнуудын хичээл сонголт эхлээд буй. Төрийн сангаас мэдэгдсэнээр ирэх сарын 10-нд эцсийн байдлаар санхүүжилт орно хэмээсэн. Тэр хүртэл хичээл сонголт нь эхлэх оюутнуудад ямар нэгэн төлбөрийн дарамт үүсгэхгүй байх шийдвэрийг Боловсролын яамнаас батлан гаргасан ч энэ нь бодит байдалд хэрэгжихгүй байгаа талаар оюутнууд хэллээ.
МУИС-ийн гуравдугаар курсийн оюутан “Миний хувьд хоёр жил зээлээр сурч байгаа хэдий ч одоогоор сургуульдаа өртэй болсон. Өнөөдөр өглөө /2021.01.25/ 10 цагаас хичээл сонголт эхэлсэн. Гэвч төлбөрийн 50 хувийг төлөөгүй тохиолдолд хичээл сонголт хийлгэхгүй гэж байна. Зээлийн талаар нааштай хариу өгөхгүй бол энэ семестрт чөлөө авахаас өөр арга алга. Аав ээж маань малчин, энэ жил зудтай учир банкнаас зээл авч өвс тэжээлээ бэлтгэсэн болохоор миний төлбөрийг төлөх боломжгүй. Манай ангийн 60 хүүхдээс 20 нь оюутны хөгжлийн зээлээр сурдаг. Сургуулийн захиргаа квотдоо тааруулан нэг ангиас хоёр хүүхдийн материалыг л хүлээн авч байгаа” гэв.
МУБИС-ийн гуравдугаар курсийн оюутан “2019 оны хоёрдугаар улирлын зээлийн санхүүжилт орохгүй гэдгийг хичээл эхлэхээс долоохон хоногийн өмнө мэдэгдсэн. Улмаар бидэнд бөөн төлбөрийн дарамт үүсээд байна. Тухайн үедээ ихэнх оюутнууд жилийн чөлөөнд орохгүйн тулд өндөр хүүтэй зээл авч төлбөрөө төлсөн. Зарим нь боломжгүй учраас жилийн чөлөөгөө авсан. Энэ сараас оюутнууд цахим тэмцэл хийж ОХЗ /Оюутны Хөгжлийн зээл/ олгохыг шаардлаа. Үүний үр дүнд зээл олгохоор боллоо гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж бөөн баяр болсон юм. Гэтэл яг хичээл сонголт хийх болтол сургуулиас өөр мэдээлэл ирээд байна. Үүнд:
· Өнгөрсөн хаврын зээлээ төлөх,
· ОХЗ-д нэг ангиас хоёр л хүүхэд хамруулна, гэхдээ санхүүжилт орж ирэх эсэх нь эргэлзээтэй,
· Өртэй оюутны хичээл сонголтыг нээж өгвөл сургуулийн зээлийн мэргэжилтэн цалингаасаа хасуулна гэсэн.
ОХЗ нь амьжиргааны түвшин доогуур айл өрхийн, сурах чин хүсэлтэй, идэвх чармайлттай оюутнуудын ганц боломж нь байсан юм. Уг нь зээлийг бид буцаан төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж авдаг. Хэнд ч хэрэггүй хөшөө, усан оргилуур, шарын шашинд хөрөнгө оруулдаг байж боловсролын салбараа яагаад ингэж орхигдуулж байна вэ? харамсалтай байна” гэв.
Оюутнуудын бодит байдал ийм байна. Цар тахал дэгдсэн энэ үед улс орны эдийн засаг царцаад буй. Үүнийг дагаад айл өрх, хувиараа хөдөлмөр эрхлэгчид санхүүгийн хүндрэлд орсон. Банкны, тэтгэврийн зээлтэй айл өрхүүд өдрийн хоолоо арай гэж аргацааж буй энэ үед оюутны төлбөр асуудал болж байна.
Энэ асуудлаар МУБИС-ийн оюутны хөгжлийн зээл хариуцсан мэргэжилтэн Л.Баттогтох “Манай сургууль энэ сарын 20-ноос эхлэн хичээл сонголт эхэлсэн. Яамнаас тогтоосон квотын дагуу манай сургуулиас 40-өөд хүүхдийн материалыг хүлээн аваад байна. Сургуулийн зүгээс зээлд хамруулахаар материалаа өгсөн, өмнөх жилийн зээлийн үлдэгдэлтэй оюутнуудаас өргөдөл хүлээн авч байгаа. Тэдний хичээл сонголтыг хийлгэсэн. Аль болох төлбөрийн дарамт үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ.
Энэ жилийн ОХЗ олголтод ойролцоогоор 15 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Уг санхүүжилтийг Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2021 оны төсвийн багц дахь Оюутны хөгжлийн зээлийн зориулалтаар батлагдсан 24,8 тэрбум төгрөгөөс санхүүжүүлэхээр болжээ. Уг зээлийг 2017 оноос эхлэн олгож байна. Энэ хугацаанд 32633 оюутанд 46,1 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Оюутны хөгжлийн зээл нь оюутнуудад ямар нэгэн төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг нээж өгөх, өрхийн амьжиргааны зардлыг бууруулах ач холбогдолтой.