УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэхдээ: Өнөө өглөө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн шүүхийн тухай хуульд тавьсан хоригийг зарчмын хавьд хүлээн авах боломжгүй.
Нэгдүгээрт, Монгол Улсын Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуулийн хэрэгжилтийн хүрээнд батлагдсан. Ерөнхийлөгч шүүхийн тухай хуулийг батлах процессод нь ажил хэрэгч, бүтээлч оролцсон. Хуулийн төсөл санаачилсан, төслөө татаж авсан, ажлын хэсэгт 35 зүйл бүхий 100 хуудас санал ирүүлсэн. Ирүүлсэн саналын 98 хувийг ажлын хэсгийн хүрээнд УИХ хүлээн авч баталсан. “Ерөнхийлөгчид зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх мэдэл олгож болно, энд зааснаас бусдыг хуулиар олгож болохгүй” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүх засаглалд оролцох бүх эрхийг УИХ булаагаад авчихсан юм шиг улс төр хийж байгаа. Ерөнхийлөгч Үндсэн хуульт ёсоор бүх шатны шүүгчдийг томилдог эрх нь хэвээр бий. Ерөнхийлөгч, УИХ, ЗГ гэх субъектүүд шүүх эрх мэдэлд хэт оролцох вий гэсэндээ тал хувийг нь шүүгчдэд үлдээсэн. Гаднын улс орнуудад шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг 100 хувь парламент нь томилдог. Бид бол тавин хувийг нь шүүгчдэд үлдээсэн. Бүх эрхийг шүүгчдэд шилжүүлэх боломжгүй. Учир нь шүүгчид бие биедээ хариуцлага тооцохгүй байх магадлалтай. Мөн албан тушаалд танил талаа томилох асуудал гарч байсан. ЗГ-т ч мөн адил 100 хувь эрхийг өгч болохгүй. Яагаад гэвэл Хууль зүйн сайдын харьяанд шүүхийн зөвлөл байх үед хууль зүйн сайд шүүгчдийн хэрэг маргаанд оролцож байна гэсэн шүүмжлэл дагуулсан.
Ерөнхийлөгчид бүх эрхийг шилжүүлснээр дарангуйлалд орох магадлалтай учир уг эрхийг тарааж эхэлсэн. Тараахдаа УИХ зөвхөн нээлттэй аргаар шийдвэрлэх боломж бий болсон. Гэхдээ УИХ дангаар шийдэхгүй хараат бус, мэргэжлийн 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сонгон шалгаруулалт хийнэ. Уг бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, парламент дахь олонх цөөнх, ЗГ гэх мэт субъектүүдийн төлөөлөл оролцоно. Хуульчдын өмгөөлөгчдийн холбоо, их дээд сургуулиудын төлөөлөл оролцоно.