Цар тахлын улмаас манай улсын бизнес эрхлэгчид тун хүнд цаг үеийг туулж буй. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тухайд ажлын байраа хадгалж үлдэх, бизнесээ цааш үргэлжлүүлэх, хөл дээр нь тогтоож үлдэх эсэх эргэлзээтэй байгаа энэ үед Өрөг.мн сайтаас үндэсний хувцас, загварын “Ивээл” брэндийн үүсгэн байгуулагч, “Abigail” компанийн захирал Г.Рэгзэдмаатай ярилцлаа.
– Танай үйлдвэр ажиллаж болох салбарын жагсаалтад орсон байгаа. Гэсэн хэдий ч барааны хүргэлт хорьчихсон болохоор компанийн нөхцөл байдал ямархуу байна. Энэ үед борлуулалтаа яаж хийж байгаа вэ?
Манай “Ивээл” брэнд 2017 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа үндэсний дээл хувцсыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлье гэсэн зорилготой ажиллаж, хамгийн анх 2010 онд төсөл бичиж эхэлсэн. Коронавирус дэлхий даяар ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлээд ковид бидэнд шууд нөлөөлж эхэлсэн. Өнгөрсөн цаг хугацаанд бизнес маань амжилтгүй, орлого бага үед зөвхөн өөрийгөө л зүхдэг байсан. Яагаад гэвэл хангалттай хэмжээнд ажиллаж чадсангүй, хангалттай хэмжээнд өөрөө сайн байсангүй гэж боддог байсан. Гэвч цар тахал гэж давагдашгүй хүчин зүйл чанга юм байна гэдгийг өөрийн биеэр амсаж байна. Гэхдээ бид өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлээд онлайн веб сайтаа идэвхитэй ашиглаж эхэлсэн. Гурван сарын өмнө “Ивээл” брэнд веб хуудсаа өлгийдөж авлаа. Онлайн бизнесийг маш сайн хөгжүүлэх ёстой юм байна гэдэг үүднээс тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. Жирийн цаг үеийг бодвол орлого мэдээж буурсан. Гэхдээ бидний гол зардал тэр хэмжээгээр буурсан учир үүнийг боломж гэж харж байна. Бид найман салбар дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг байсан бол нэг сараас дөрвөн салбар дэлгүүрээ хаасан. Одоо бол нэг ч салбар ажиллахгүй байна. Бид үйлдвэрийн байрнаас онлайнаар захиалга авч хүргэлтийн үйлчилгээгээр бизнесээ явуулж байна.
– Хэрэглэгчдэд онлайнаар бараа захиалж, худалдан авах шаардлага зайлшгүй л тулгамдаж байна. Гараад өвлийн хувцас авъя гэхэд дэлгүүр ажиллахгүй. Энэ хандлага яаж өөрчлөгдөж байна вэ?
Онлайн захиалгын салбар шинэхэн хөгжиж байгаа нь мэдэгдэж байна. Хэсэгхэн хүмүүс буюу залуучууд л хэрэглэхээс бусад нь сайн мэдэхгүй. Гэхдээ манай үйлчлүүлэгчдийн худалдан авах соёл их сайжирч байгаа. Хоёр сарын өмнө анх онлайн худалдаа руу шилжиж байхад маш их гомдол, чирэгдэл, хүлээлт, ачаалал гээд асуудлууд гардаг байсан. Өдөрт 50 хүргэлт гарлаа гэхэд 90 хувь нь асуудалтай хүргэлт байсан. Яагаад гэвэл, бараа хэзээ ирэх вэ гэх асуудлууд маш их гарна. Бид энэ хугацаанд маш сайн сайжруулалт хийлээ. Одоо манай хүргэлтүүд харьцангуй асуудал багатай болсон. Худалдан авагчид маань онлайнаар захиалга, худалдан авалт хийгээд харьцангуй сурч байна. Үүнийг давуу тал гэж харж байна. Бид дараагийн төлөвлөгөөндөө стратегаа өөрчлөөд үйлдвэрийн борлуулалтын нэг цэгүүд нээхээр ажиллаж байна.
– Ковид19-өөс болоод үйлдвэрүүд бизнесийн моделоо ахиад эргэж харах хэрэгтэй болж байна. Өөрчлөх нь өөрчлөөд онлайн горимд шилжих нь шилжээд асуудлаа боломж болгох гэдэг ч юмуу. Та бүхний хувьд өмнө нь сонсоход материалны өөдөс ашиглаад “Ээлтэй ивээл” гэх ахин нэг төсөл боловсруулж эхэлсэн байгаа. Төсөл нь хэр амжилттай явж байгаа вэ. Энэ талаар товчхон мэдээлэл өгөөч?
“Ивээл” брэнд үүсгэн байгуулагдсанаас хойш амжилттай явахын хэрээр бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэх тусам хог хаягдал, материалын өөдөс их гарч ирсэн. Энэ бидний хувьд том асуудал байсан. Ингээд 2018 оны сүүл, 2019 оноос эхлээд “Ээлтэй ивээл” төслийг бичиж хог хаягдал, өөдсийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм байна гэдгийг харсан. Одоо 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дандаа даавууны өөдсөөр үйлдвэрлэж байна. Манай өөдсийн тасаг их давуу талтай. Оёдол сурах сонирхолтой залуучууд их байдаг. Гэвч завгүй ажлын хуваарь юм уу, хийж байгаа ажлын онцлогоос хамаараад суралцах боломжгүй залуусдаа зориулаад “ээлтэй ивээл” төсөл дээрээ цалинтай сургаж авч байгаа. Хоёрдугаарт, манай “Ээлтэй ивээл” төслийн бүтээгдэхүүн импортыг орлоод 3-12 дахин хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Төслийн бүрэлдэхүүн томроод зургаан ажилтантай болсон. Өнөөдөр гэхэд би “Ээлтэй ивээл”-ийнхээ өөдсөөр хийсэн хантаазыг өмсөж ирсэн. Монгол дээл их онцлогтой. Их хэмжээний өөдсийг хаях хэцүү. Тийм учраас бид өөдсөөрөө олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд нийлүүлж байгаа. Нэг давуу тал нь бид өөдөснөөсөө ямар ч ашиг хардаггүй. Гол зорилго нь манай тасгийнхан тогтмол цалинтай байх, зах зээлд хямд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэх юм.
– Ажилтнуудынхаа байрыг үйлдвэртэйгээ хослуулаад өрх толгойлсон гэх мэт эмэгтэйчүүдийг ажлын байрнаас гадна амьдрах байраар хангаж байгаа юм билээ. Энэ талаараа мэдээлэл өгнө үү. Мөн ковидоос шалтгаалан цомхотгол хийсэн үү?
Яах аргагүй манай салбарын онцлог байна л даа. Хүний нөөц бол бидний маш том асуудал. Яагаад гэхээр 700.000 төгрөгийн цалин авчхаад 500.000 төгрөгийг нь байрны түрээсэнд өгчихдөг. Тиймээс бид судалгаа хийсний үндсэн дээр үйлдвэрийн байраа түшиглээд, ажилчдын амьдрах орон сууцны түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх нь зөв юм байна гэж үзсэн. Энэ бол манай том давуу талуудын нэг. Ажилчид маань түгжрээнд орохгүй, өдрийн хоолоо үйлдвэр дээрээ идчихнэ. Дээрээс нь тогтвор суурьшилтай ажиллана. Авч байгаа цалингаа өөртөө илүү өгөөжтэй зарцуулах гэх мэт олон сайн зүйл бий л дээ.
– Одоогийн нөхцөл байдлаар ажиллаад борлуулалт муу байдаг. Энэ чигээрээ явлаа гэхэд хэдий хугацааны дараа зайлшгүй цомхотгол хийх шаардлага гарна гэж үзэж байгаа вэ?
Ер нь бол хүнд байна. Бид түрүү жилийн нэг сард 120 ажилтантай байсан. Одоо гурав дахин багассан. Үйлдвэрлэл маш хэцүү салбар. Кластерын дамжлагатай. Гэрээр ажиллах боломжгүй. Бүтэн босгодог брэндүүд ч юм уу, үйлдвэрүүд боломжтой. Манайх шиг массын үйлдвэрлэл болохоор гэрээр ажиллах боломжгүй байдаг. Манай худалдааныхан амарч байна. Захиргааны хүмүүс маань онлайнаар ажлаа хийж байна. Үйлдвэрийнхэн болон үйлдвэрийнхээ ойр орчимд амьдардаг ажилчид ажиллаад бусад ажилчид гэрээр ажил аваад ажиллаж байна. Одоогийн байдлаар 22 хүнийг тогтмол цалинжуулаад, 20 гаруй ажилтнаа яалт ч үгүй амрааж байна.
– Төрөөс ирэх долдугаар сарын 01 хүртэл нийтдээ зургаан сарын хугацаанд тог, ус, хэрэглээний мөнгийг тэглэсэн нь бизнест тань хэр зэрэг дэмжлэг болж байгаа вэ. Тэрхүү зардал бизнесийн нийт зардлын хэдэн хувийг эзэлдэг байсан бэ?
Тэр бол сайхан шийдвэр байсан. Төр засгаас маш олон шийдвэр гарсан боловч бодитоор нөлөөлөх бодлогын хүрээнд нөлөөлөх шийдвэрүүд тэр болгон гараагүй. Яг энэ жижиг, дунд үйлдвэрлэлүүд, нийт өрх айлуудад тог, хэрэглээний хөнгөлөлт маш том дэмжлэг болсон. Манайх одоо дөрвөн салбар дэлгүүр, үйлдвэрийн байр, ажлын байр гээд 4- 5 сая төгрөг төлдөг. Цаг үе сайжрахаар бизнесүүд эргээд хэвэндээ ортлоо маш их цаг хугацаа шаардана. Нэг айдас байгаа нь энэ олон худалдааны төлөөлөгчдийнхөө цалинг яаж өгөх вэ. Эргээд хэвийн хэмжээнд борлуулалтын орлого олтлоо минийхээр 18 сар гэж харж байгаа. 18 сар түүнээс дээшээ болсны дараа хэвийн үйл ажиллагаандаа орно. Энэ хугацаанд бид хэрхэн, яаж үйл ажиллагаа явуулах вэ, энэ олон салбараа яах вэ, энэ олон худалдааны зөвлөхөө яах вэ гэдэг асуудалтай л нүүр тулгарч байна даа.
Урилгыг маань хүлээж авч ярилцсан танд баярлалаа.