Монгол улсад жилдээ 6000 гаруй хүн хорт хавдраар өвчилж, эдгээрийн 70 гаруй хувь нь хожуу оношлогддог. Элэг, ходоод, умайн хүзүү, уушгиний хорт хавдраар өвчлөгчдийн тоогоор бид тивдээ, дэлхийд дээгүүр бичигддэг. Энэ хүмүүст үйлчилгээ үзүүлж эмчилж оношилж буй монгол улсад ганцхан байх хавдар судлалын үндэсний төв харин хавдартай байсан талаарх баримтуудыг дэлгэе.
Энэхүү нэвтрүүлэг нь Монгол улсын эрүүл мэндийн салбарыг харлуулах зорилго агуулаагүй ба энэ салбарт ажилладаг нийт хүмүүсийн тухай биш гэдгийг ойлгоно уу. Энхийн манаанд тангарагтаа үнэнч мэргэжилдээ хайртай шударга ажиллаж буй бүгдэд баярлалаа.
“ХУЛГАЙЧ”
ХСҮТ-ийн инженер Д.Батболор. Хавдартай хүмүүсийг эмчилдэг гурван гол зүйлийн нэг болох Монгол улсын хэмжээнд хоёрхон байгаа одоогийн ханшаар 11 тэрбум орчим төгрөгийн үнэтэй туяа эмчилгээний аппаратын эд ангийг солих нэрээр хулгайлсан байж болзошгүй хэрэг БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байна.
Дээрх баримтыг үзвэл инженер Д.Батболор шинээр авсан эд ангиа суурилуулахдаа удирдлагадаа мэдэгдээгүй, хуучин эд ангиа хүлээлгэж өгөөгүй. Тэр бүү хэл хуучин эд анги нь өөрийнх нь өрөөнөөс гарсан. Шинээр сольсон эд анги нь 2015 оных. Харин хуучин эд анги нь 2018 оных байх нь батлагдана.
/ зураг дээрх эд анги нь 2015 оных байгааг уншигч та харна уу/
Энэ талаар бид ЦЕГ-аас тодруулахад, "шалгаж байгаа нь үнэн, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. Харин ХСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүгээс энэ хэргийн талаар нэмж тодруулахад, "Ийм зүйл болсон. Манай эмнэлгийн өмч хамгаалах комисс хуралдаж, шийдвэр гаргаад Д.Батболорт сахилгын шийтгэл оногдуулсан. Бид энэ хэргийг нуун далдлаагүй. Мөрдөн шалгах ёстой цагдаагийн байгууллагад нь бид өөрсдөө гомдол гаргаад өгчихсөн. Хавдрын эмнэлгийн ганц нэг хүний асуудлыг нийтийнх юм шиг харж болохгүй. Бид хариуцлага алдсан хүмүүсийнхээ толгойг илэхгүй, гэхдээ инженертэйгээ холбоотой асуудлыг нэмж ярих боломжгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа" гэв. Харин улсын хэмжээнд хоёрхон байдаг аппаратын эд ангийг хулгайлахыг оролдсон эл үйлдэлд нь ХСҮТ инженертээ сахилгын шийтгэл оногдуулсан нь зөөлдөхгүй юу? хэмээн асуухад, хөдөлмөрийн хууль, дотоод дүрэм журамд заасны дагуу хариуцлага оногдуулсан гэлээ.
/2019 оны 12-р сарын 03-нд Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн хонгилд их хэмжээний ус алдаж, суурилуулагдсан байсан аппарат нь усанд автсанаас болж, таван төрлийн эд анги сэлбэгийг шинээр авах шаардлагатай болсон юм./
Бид буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгох хүрээнд инженер Д.Батболороос энэ талаар тодруулга авахыг хүссэн. Тэрээр утсаа аваагүй ба мессежед хариу өгөхдөө "тайлбар өгөхөөс татгалзахгүй" гэсэн ч эргэж холбоо бариагүй юм. Ажлын байр болох ХСҮТ рүү ковидтой гээд нэвтрүүлэхгүй байсан тул шууд нүүр тулж уулзах боломж хомс байлаа.
/инженер Д.Батболор/
“АВИЛГАЧ”
Өнгөрсөн долоо хоногт livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа factcheck нэвтрүүлгээрээ Хөвсгөл аймгийн иргэн Т.Батбаяраас ХСҮТ-ийн эмч Э.Эрхэмбаяр гурван сая төгрөгийн авилга нэхсэн тухай нэвтрүүлэг цацсан. Энэ талаар товч дурдахад, иргэн Т.Батбаяр улсын нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд ходоодны хавдартай хэмээн оношлогдоод ХСҮТ-ийг зорьжээ. Ингээд түүнд ходоод тайрах хагалгаа хийх болж, хагалгаа нь төлөвлөгдөж, хагалгаандаа орохоор коридорт хүлээж байжээ. Гэтэл түүний ар гэрээс эмч Э.Эрхэмбаяр 20 минутын дотор гурван сая төгрөг авчирч өг. Өгөхгүй бол эмнэлгээс яв гэжээ. Ар гэр нь өгөөгүй тул төлөвлөгөөт хагалгааг цуцалж, өвчтөн Т.Батбаяр эмнэлгээс гарчээ. ХСҮТ-ийн үйлчлүүлэгч Т.Батбаяр энэ талаар ЭМЯ-нд өргөдөл бичиж өгч, тэр үед ХСҮТ-ийн удирдлагууд мэдсэн байна.
Сэтгүүлч С.Будрагчаагийн бэлтгэсэн factcheck нэвтрүүлэг цацагдсаны дараа хоёр асуудал дээр хүмүүс маргаж байв.
Нэгдүгээрт Э.Эрхэмбаяр гэх эмч авилга авахыг завдаж гурван сая төгрөг нэхээгүй. Тэр өвчтөний хагалгааныхаа 25 хувийг өөрөө төлөх хуулийг тайлбарлаж, тэр мөнгийг л нэхсэн гэх тайлбар байв. Тэгвэл ходоод тайрах хагалгааны 25 хувь нь гурван сая төгрөг үү? ХСҮТ-ийн үйлчлүүлэгч Т.Батбаяр ходоод тайрах хагалгаандаа гурван сая төгрөг төлөх ёстой байсан уу? Энэ асуултад бид хариулт хайж, ЭМЯ, ЭМДЕГ-аас тодруулахад "ХСҮТ дээр хийж буй ходоод тайрах хагалгааны дээд өртөг 2020 онд зургаан сая төгрөг байсан" гэв. Зургаан сая төгрөгийн 25 хувийг өвчтөн төлнө гэж үзвэл ХСҮТ-ийн үйлчлүүлэгч Т.Батбаяр 1.5 саяыг нь ХСҮТ-д тушаах байж. Гэхдээ ХСҮТ-т тушаах 1.5 сая төгрөгийг тэр хагалгааны эмчдээ ч биш эмнэлгийн кассад санхүүд л тушаах ёстой байсан.
/Энэхүү баримт нь 2020 онд эмнэлгүүдэд хийсэн өндөр өртөгтэй хагалгааны төрөөс даах болон иргэн өөрөө даах төлбөрийн хувь хэмжээ юм. ХСҮТ-д хийсэн ходоод тайрах хагалгааны үнэ өртгийг уншигч та харж байна./
Гэхдээ, хамгийн ноцтой нь өвчтөн Т. Батбаяр нарт хийдэг шиг ходоод тайрах хагалгааны өртөг дунджаар гурав орчим сая төгрөг байж. Өөрөөр хэлбэл Э.Эрхэмбаяр эмч хагалгааны нийт өртгийг өвчтөнөөс нэхжээ. Энэ бол Э.Эрхэмбаяр эмч авилга нэхээгүй хагалгааныхаа 25 хувийг нэхсэн гэх тайлбарын эсрэг баримт юм.
Хоёрдугаарт эмч Э.Эрхэмбаяр нь залуу хүн. Авилга нэхэх хэмжээний ёс зүйтэй хүн биш. Ажилдаа жинхлээд нэг жил гаруй болж байгаа. Өөрөө бололцооны амьдралтай ч хүн гэх эх сурвалжтай бид таарав. Гомдол гаргасан, авилга нэхүүлээд өгч чадаагүй буцсан Т.Батбаярын яриаг сонсвол авилга нэхсэн гэх эмч Э.Эрхэмбаяр нь түүнийг хагалгаанд оруулах эсэхийг шийдэх эрх мэдэл бүхий эмч биш. Харин Я.Эрдэнэ-Очир гэх эмч нь тухайн хагалгааны удирдагч эмч бөгөөд Э.Эрхэмбаяр түүнийг таван жил дагалдаж ажилласан түүхтэй. Өөрөөр хэлбэл авилга нэхсэн хүн нь үнэн хэрэгтээ Э.Эрхэмбаяр биш хүний гараар могой барих гэж оролдсон нь Я.Эрдэнэ –Очир байх сэжүүр эндээс харагдана.
ХСҮТ 600 гаруй ажиллагсадтай. Тэдний дотроос зарим нь бидэнд нэрээ нууцалж мэдээлэл өгсөн юм. Тэдний мэдээлснээр, "гурван сая төгрөг нэхсэн нь бага үнийн дүн байна. Ханш нь 5-10 сая төгрөг байдаг. Олон жил ажилласан том туршлагатай эмч нар өөрсдөө авилгын мөнгөө нэхдэггүй. Доод эмч нараараа нэхүүлж авдаг. ХСҮТ дотор бүр "харласан эмч" гэх хэлц үг ч үүссэн. Энэ нь том эмч нарын дор ажиллаад цалингаараа биш тэдний авилгын мөнгөний хаялгаар цалинтай бид нараас илүү амьдардаг хүмүүсийг хэлдэг" гэсэн юм.
Тэгвэл хагалгааг цуцлаад өвчтөнг явуулчихсан мөнгө нэхүүлсэн байж болзошгүй Я.Эрдэнэ-Очир гэх эмч нь яах юм бэ? Хариуцлага ч хүлээхгүй хөшигний цаана үлдэх үү?
/эмч Я.Эрдэнэ-Очир/
ТӨГСГӨЛ
Бид том, жижиг нүдэнд ил харагддаг авилгач. Авилга авсан нь үл үзэгдэх том авилгач нараа ингэж л тэжээж томруулж давраажээ. Жижиг асуудал сөхөж, том авилгачдын тухай ярьсангүй хэмээн унтууцах үзэгч, уншигч гарах биз.
Хэний ч амьдрал хэнийхээс ч илүү биш. Бид тэгш эрхтэй нийгэм бүтээсэн ардчилсан орны иргэд. Хүний эрүүл мэнд, хүний амь нас, хүний хувь заяад жижиг том гэж байхгүй. Авилга шударга бусд ч өндөр нам гэж үгүй.
АТГ байгуулагдаад 14 жил болсон ч авилгын үзүүлэлтээрээ бид бахь байрандаа. Бүх шатны авилга буурсангүй. АТГ байгуулагдахад Монгол улс авилгын үзүүлэлтээр дэлхийд 87-р байранд жагсаж байсан ч 2019 оны үзүүлэлтээр бид 107-р байранд жагсаж байна. Авилгыг том жижиг гэж өөгшүүлж хаацайлсны гор нь энэ баримт.
Монгол улсын насанд хүрсэн иргэдийн 22 хувь нь буюу 440 мянган хүн өдөр бүр авах ёстой төрийн үйлчилгээгээ авч байгаагийнхаа төлөө авилгад өртдөг байна. Бид хар тамхийг жигшдэг атлаа нийгэмд учруулах хор хөнөөлөөрөө хар тамхитай ижил авилгыг хэзээнээс том жижиг гэж ялгахгүй жигшдэг болох вэ? Нийтээрээ бодъё.