Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өчигдөр буюу энэ сарын 18-ны өдрөөс цахилгаан бараа, гар утас худалдаа, тавилгын дэлгүүр, ТҮЦ болон цанын баазууд халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллаж эхэллээ. Өрөг.мн сайтаас энэхүү байгууллагуудын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
ТҮЦ-ийн худалдаа эрхлэгч: ЗАХУУД ҮНЭЭ НЭМСНЭЭС ҮҮДЭН ЗАРИМ БАРААНЫ ҮНИЙГ НЭМСЭН
– Танайх өглөө хэдэд онгойсон бэ?
Манайх өглөө зургаан цаг өнгөрөөгөөд л онгойсон доо.
– ТҮЦ-ийг нээх гэж байгаа гэсэн мэдээллийг хэзээ авсан бэ?
Өчигдөр орой мэдсэн.
– Иргэдийн ихээр худалдан авдаг бараагаа татаж амжсан уу. Ер нь ТҮЦ нээсэнтэй холбоотойгоор иргэдийн сэтгэгдэл ямар байна вэ?
Захууд барааныхаа үнийг маш ихээр нэмсэн байна лээ. Тэгэхээр бид ч бас бага хэмжээний үнэ нэмсэн. Өглөө онгойсноос хойш хүмүүс “Өө, ашгүй дээ ТҮЦ онгойчихсон юм уу” гээд нэлээн л баяртай байна. Автобусны картаа цэнэглэх, мөнгөө задлуулах гэх мэтээр орж ирдэг.
– Нэлээн удаан хугацаанд ТҮЦ ажиллаагүй шүү дээ. Энэ хугацаанд гэр бүлийн санхүү гэх мэтээр амьдралд тань маш их нөлөөлсөн байх.
Хоол унд, түлээ түлшнээс авахуулаад хүрэлцэхгүй жаахан хэцүү л байлаа.
– Нийслэлээс ямар захирамж хүргүүлсэн бэ. Өглөө нээснээс хойш ирж шалгасан уу?
Орж ирж шалгасан. QR кодоо уншуулах, халуун хэмжих, гар ариутгах гэх мэт халдвар хамгааллын дэглэм сайн сахих ёстой. Хэрвээ иргэн QR кодгүй бол тэмдэглэж аваарай гэсэн. Ер нь хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ, ариутгал хийж байгаа.
2018 оны байдлаар нийслэлд 13,799 ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоон мэдээ бий. Гэхдээ 2019 оноос ТҮЦ буюу Түргэн үйлчилгээний цэгийг албадан буулгаж эхэлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм. Харин ТҮЦ нээсэнтэй холбоотойгоор иргэдээс санал, сэтгэгдэл сонсоход дийлэнх нь “автобусны картаа цэнэглэх, нэгж авах, ус ундаа зэрэг ойр зуурын хэрэгцээгээ заавал супермаркетаас авалгүй ойроос авах болсондоо баяртай байна” хэмээсэн юм.
ЭВДЭРСЭН ГАР УТСАА ЗАСУУЛАХААР ИРГЭД ДУГААРЛАЖ БАЙНА
Өдөр тутмын ажил, амьдралаа утасгүйгээр төсөөлөхөө больсон энэ цаг үед гар утас худалдаа, засварын үйлчилгээ хоёр сар гаруйн хугацаанд хаалттай байсан. Тэгвэл гар утас худалдаа, засвар үйлчилгээ нээгдсэнээр иргэд ТЭДИ төвийн гадаа урт дараалал үүсгэсэн байлаа. Халдвар хамгааллын дэглэмийг сахин, хоорондын зай барин зогсох иргэдийн дийлэнх нь эвдэрсэн утсаа засуулахаар ирсэн гэцгээж байв. Энэ талаар тус төвийн ажилтан “Гар утас худалдаа нээнэ гэсний дагуу өглөө 11 цагт нээсэн. Бид түрээслэгчээ тусдаа хаалгаар оруулаад, хэрэглэгчээ болохоор халууныг нь хэмжээд, бүртгэл хийгээд, QR код уншуулаад оруулж байна. Аль болох их дараалал үүсгэхгүйн тулд эмх цэгцтэй орох, гарах хаалга тусдаа гаргасан байгаа” гэсэн юм.
Жирийн үед 3000-5000 хүн үйлчлүүлдэг тус байгууллагад өглөөнөөс хойш үйлчлүүлсэн иргэдийн дийлэнх нь QR кодоо хэрхэн уншуулахаа мэдэхгүй байгаа нь дараалал үүсэх гол шалтгаан болж байгаа хэмээв. Учир нь иргэд QR кодоо уншуулахдаа Ebarimt-ын кодоо ашиглаад байгаа тул нэг бүрчлэн зааж өгөх шаардлага үүсжээ. Мөн зарим иргэд Ebarimt огт ашигладаггүй байх зэрэг хүндрэлүүд гарч байгаа учир Өрөг.мн сайтаас энэхүү сурвалжилагаараа дамжуулан QR кодоо хэрхэн уншуулах бяцхан заавар, зөвлөмжийг хүргэж байна.
Сэтгүүлч: Г.Энх-Уянга
Зураглаач: Б.Гансүлд