Боловсролын багц хуулийн төсөл хэлэлцэж байгаа үед Өрөг хэлэлцүүлэг “Боловсролын хуулийн шинэчлэлээс бид юу хүлээх вэ” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн онцлох эшлэлээс хүргэж байна.
Зочин:
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- УИХ-ын гишүүн Г.Дамдинням
- Боловсрол судлаач Г.Орхон
- Шинэ Монгол сургуулийн захирал Ж.Галбадрах
Боловсрол судлаач Г.Орхон:
- Боловсролын хуулийн шинэчлэлийг олон нийтээр олон удаа хэлэлцүүлэх ёстой. Манай боловсролын яамнаас 21 аймаг даяар хэлэлцүүлэг явуулж байгаа ч хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүсийн ихэнх нь сургуулийн захирал, багш ажилтнууд учраас шаардлагыг цензургүйгээр хэлж чадахгүй байна гэж харж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр бүх нийтийн оролцоо маш чухал.
- Шинэчлэгдэж байгаа хуулиас бид юу хүсэж байна гэхээр нэн түрүүнд боловсролын байгууллагуудын бие даасан байдлыг хангах. Монгол улс ардчилсан улс болсноос хойш 30 жил их дээд сургууль, сургуулиудаа бие даасан өөрийн удирдлагатай болгоё гэж их ярьсан. Гэвч хуульд энэ асуудал шийдэгдэхгүй, тунхагийн чанартай явсаар ирсэн.
Их сургууль бие даасан бус байх нь социализмын үе шиг дээрээс шийдвэр хүлээдэг, өөрсдөө санал санаачлагаараа ажиллах чадавхигүй болдог.
Төрөөс захирлыг нь томилж, удирдах зөвлөлд төрийн оролцоо байх нь сургуулийн удирдлагууд бие дааж шийдвэр гаргах эрхгүй. 30 жилийн хугацаанд их, дээд сургуулиуд хөгжихгүй байгаа том шалтгаан юм.
- Одоо шинэчлэгдэх гэж байгаа ерөнхий хуулийн төслийн 39.1 заалт засаглалын бие даасан байдлыг хангаж чадахгүй л байна. Манай салбарын жирийн багш нар уншаад энэ заалтыг онцгойлж харахгүй. 39.1-д “Үүсгэн байгуулагчийн томилсон захирал, эрхлэгч удирдана” гэж байгаа. Үүсгэн байгуулагч гэж хэн бэ гэхээр төрийн өмчид сургуулиудын хувьд үүсгэн байгуулагч гэдэг нь төр. Тэгэхээр мөн л өмнөх шигээ төрөөс Улсын их сургуулиудын захирлуудыг томилно гэсэн үг. Энэ заалтыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Хэн захирлыг сонгох вэ гэхээр дэлхийн бусад шилдэг их дээд сургуулиудын жишгээр их сургуулийн удирдах зөвлөл буюу их сургуулийн өөрийн удирдлага томилдог.
- Боловсролын хөтөлбөрийн тухай ярихад боловсрол зорилгоо эргэж харах хэрэг гарна. Боловсролын зорилго нь Монгол улс хаашаа явах гэж байгаатай зайлшгүй холбоотой. Үндсэн хуульд Монгол улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэсэн зорилго бий. Боловсролын салбар үүнийг бий болгоход чиглэж ажиллана гэсэн үг. Гэтэл манай боловсролын хуулийн зорилго дээр яг ийм үндэсний зорилготой уялдаж тавигдсан зүйл байдаггүй.
- Манай одоогийн боловсролын хуулийн зорилгыг харвал оролцогч талуудын харилцааг зохицуулна гэсэн л байдаг. Боловсрол нь нийгмийг авч явах, зорилго руу хөтлөх хууль байх байтал хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулдаг иргэний хууль шиг ядмаг байна.
- Монгол хүн гэж хэн бэ, ямар Монгол хүн бэлтгэх хэрэгтэй вэ гэдэг зорилго дээр суурилж хөтөлбөрөө боловсруулах ёстой. Хөтөлбөрийн боловсруулалт хэрэгжүүлж эхлэхээс 10 жилийн өмнө эхлэх ёстой байдаг. Гэтэл манай хөтөлбөрүүд нэг улс төрийн нам гарч ирээд, ажлын хэсэг гаргаад өөрчлөлт оруулаад, багш нарт ямар ч бэлтгэх хугацаа олголгүй шууд өөрчилдөг. Үүнээс болоод багш нар яах аа мэдэхгүй яаж заах учраа олдоггүй.
Зүй нь хөтөлбөрөө шинэчлэх стратегиа гаргана, лаборатори сургуулиудаар хэрэгжүүлж үзнэ. Хэрэгжүүлж үзсэн туршлагаа ярилцаж, багш нараа бэлдэх ул суурьтай судалж, судалгаан дээр үндэслэж байж хөтөлбөрийг хийх ёстой.
- Сүүлийн 30 жил манай хөтөлбөр яагаад богино хугацаанд дахин дахин өөрчлөгдөөд олигтой өөрчлөлт гарахгүй байна гэхээр байна гэхээр судлаагүй, судалгаа байхгүй байгаад байгаа юм. Дараагийн ийм байдлаа цааш үргэлжлүүлэхгүйн тулд өнөөдөр судалгаагаа эхлэх хэрэгтэй. Түрүүчийн сайн судалгаанууд эхлээд явагдаж л байна. Жишээ нь СУИС-аас Монгол хүний үнэт зүйл гэж юу юм гэдгийг тодруулсан байна. Боловсролын хүрээнд бас Монгол хүүхдийн чадамж тоонот загвар гээд жижигхэн жижиг судалгаанууд хийж байна. Судлаачидтайгаа хамтарч ажиллаж, судалгаа хийх хэрэгтэй. Монголд боловсролыг судалдаг судлаач нар их байдаг.
- Хувьсах зардлыг хувийн сургуулиудад өгөх үү, өгөхгүй юу гэдэг асуудал гарч байна. Хувийн сургуулиуд Монгол улсын боловсролд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Хүн чанартай боловсрол эзэмшихийн тулд өөрөө сонголт хийж хувийн сургуульд сурч байгаа учраас хүүхдүүдийг алагчлахгүй гэдэг үүднээс хувийн сургуулиудад хувьсах зардал өгч байна. Гэтэл өнөөдөр хувийн сургуулиудийн зарим нь ашгийн төлөө, нөгөөх нь ашгийн төлөө бус ажиллах зорилготой байна. Бүх хувийн сургуулиуд ашгийн төлөө бус байвал хувьсах зардлыг өгч болж байна.
- Манай боловсролын хуульд боловсролыг сургалтын байгууллага гэдгээр нь бүртгэж болдоггүй. Тийм хуулийн этгээд байдаггүй. Тэгэхээр сургуулиуд яг яаж сургууль гэдэг статусаа байгуулах вэ гэдэг хэцүү сонголт ирчихээд байна. ХХК компани бол ашгийн төлөө явах, эсвэл төрийн бус байгууллага болох. Төрийн бус байгууллага гэхээр боловсролын байгууллагаас өөр гишүүддээ үйлчлэх, нийгэмд үйлчлэх гээд зорилго нь өөр болдог. Компани статустай болчихвол ашгийн төлөө ажиллаж болохгүй гэсэн шаардлага тавьж болдоггүй. Энэ асуудлыг шийдэж бүртгэлийн хуультайгаа уяалдуулж гаргах хэрэгтэй байна.
- Энэ хуулийн цоорхойг ашиглаж “муу” хөтөлбөр хийгээд бараа шиг зардаг, боловсролыг мөнгө гэж хардаг олон хувийн сургуулиуд байна.
- Боловсрол соён гэгээрүүлэх зорилготой байх ёстой.
- Манай Боловсролын реформ хөдөлгөөний санаачлагаар салбарын олон эрдэмтэн, судлаачдыг хамруулсан хэлэлцүүлэг явуулсан. Маш олон саналуудыг гаргаж үүнийгээ Боловсролын яаманд уламжилсан.