Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Монгол хэлний хуулийн хэрэгжилт, зөв бичих дүрэм” сэдвээр мэргэжлийн хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Иргэдийн дунд зарим үгүүдийн бичиглэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдөөд байна, эрдэмтэд монгол хэлний дүрмээр тоглолоо гэсэн шүүмжлэлүүд гарч байна. Тэгэхээр Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн үү? Асуултын хариултыг хэлэлцүүлгээс үзээрэй.
Зочин:
- Ч.Баттулга Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн
- Э.Пүрэвжав ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч
- МУИС-ийн ШУ-ын сургуулийн захирал Д.Заяабаатар
- Р.Энхбат “Мон судар” ХХК-ийн захирал
Журамласан үгсээс…
Авлига – авилга
Цоморлиг – цоморлог
Сурвалжлага – сурвалжилга
Харчихаад – харчхаад
Зовиур – зовуурь
Дуучсихаарай – дуусчхаарай
Онцлох эшлэлээс хүргэж байна
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Ч.Баттулга:
“Монгол хэлний тухай хуульд засаж сайжруулах зүйл бий”
- 1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш л Монгол улсын төр засаг хэлний талаар бодлого гаргаж эхэлсэн. Жишээлбэл 1990 оны үед Монгол бичигт шилжинэ гэж байснаа удалгүй шилжихээ болилоо гэх мэт. 2003 онд анх Монгол улсын Төрийн хэлний хууль гэж батлагдсан байдаг. Тэр хууль хэрэгжиж явсаар 2015 онд Монгол хэлний тухай хууль болон шинэчлэгдэж батлагдсан.
- Хэлний бодлогын Үндэсний зөвлөл шинэ хууль батлагдсаны дараа анхны хурлаараа хэл шинжлэлийн эрдэмтдийн боловсруулсан “Монгол хэлний журамласан толь” баталсан. Энэ журамласан толь хүчин төгөлдөр явж байна.
- Иргэдийн дунд бичиг үсэг байнга өөрчлөгдөж байна гэсэн яриа гардаг нь 1990 оноос хойш 2003 он хүртэл төрөөс хэлний талаар тодорхой бодлого баримтлаагүйтэй ч холбоотой юм. Энэ хугацаанд иргэд өөр өөрийнхөөрөө бичиж, миний бичсэн зөв гэх итгэл үнэмшилтэй болсон. Журамлаад ирэхээр ямар ч хүн өөрийнх нь бичсэнээс өөр болохоор яагаад гэсэн хандлага гарна. Зөв бичих дүрэм огт өөрчлөгдөөгүй. Цөөн тооны үгийн бичлэгийг тодотгож журамласан.
- Үг журамлана гэдэг нь нийт иргэдийн дунд эргэлзээтэй байгаа үгүүдийг тодруулж, шийдэж өгч байгаа гэсэн үг. Гэхдээ тэгж журамлахдаа арга зүйн алдаа гарсан гэдэгтэй бүгд санал нэг байгаа.
- Дүрэм журам гэдэг бол бүх нийтээрээ дагаж мөрдөхийн тулд гаргадаг зүйл. Зүйрлэж хэлбэл замын хөдөлгөөний дүрэм мөрдөхтэй адил. Дүрэм бүх хүнд таалагддаггүй. Цаанаа тогтолцоо, систем, дүрэм журамтай байгаа. Нэгэнт л 2018 онд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөр батлагдсан журам байгаа бол энэ журмыг мөрдөх нь иргэн бүрийн үүрэг.
- Одоо нэгэнт журамлагдсан үгүүд дээр маргаан үүсгэх биш харин гадаад үгийг толь бичигт яаж журамлах вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Гадаад үгийн бичлэгийг журамлана гэдэг маш чухал асуудал.
“Мон судар” ХХК-ийн захирал Р.Энхбат:
“Монгол хэлний хичээлийн агуулга хоцрогдож байна”
- Монгол хэлний нэгдсэн бодлого байхгүй байснаас зөв бичих тал дээр бид зохиолчид болон харилцагчидтай маш их хэрүүл маргаан үүсдэг. Монгол хуучин бичигт ингэж бичдэг байсан учраас би номоо ингэж л хэвлүүлнэ гэж маргадаг. Магадгүй тэр нь хэвлэлийн алдаа юм шиг ч харагдах магадлалтай.
Нэгдсэн бодлогогүй явж ирснээс иргэд зөв бичиж чадахгүй, золиос болж байна.
- Бид 2011 онд ойролцоо байгаа хэлний тэргүүний гэх хүмүүсийг цуглуулаад , компани дээрээ авч ирээд Монгол хэлний зөв бичих журамласан толь хийсэн. Манай журамласан толь гарснаас хоёр сарын дараа тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр эрдэмтдийг дуудаж дахин шинээр журамласан толь гаргасан.
Хийсэн ажлыг дахин өөрчилсөн гэсэн үг. Бөжин, авилга, цоморлог, сурвалжилга, байцаа гэх мэт олон үгийг тэр толиор журамласан.
Үзэл бодлын зөрүү байж болно. Үүнийг шийдэж байгаа төр маань өөрөө ажлыг дахин дахин өөрчлөөд байхаар иргэд хохирогч болох нь гарцаагүй.
- Одоо асуудлыг нэг мөр шийдээд Монгол хэлээ хөгжүүлэх бусад ажилдаа анхаармаар байна. Гадаад үгүүдийг яаралтай журамлах ажлаа хийгээч ээ. Жишээ нь QR код, оффшор, попрох зэрэг үгүүдийг яаж бичих журам байхгүй. Хүн бүр өөр өөрийнхөөлөө бичээд байгаа. Шинэ үг гарах бүрд яаралтай журамлаад явах хэрэгтэй байна.
- Манай хэвлэлийн компаниас баланс, аллерги зэрэг үгүүдийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл рүү явуулсан. Одоо хүртэл хариу ирээгүй байна.
- Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2018 онд гаргасан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бөөн алдаатай. Би алдааг нь энд гаргаад жигсаачихсан байна. Бид өөсрдөө энэ толь бичгийн алдаа засаад сайжруулаад толь бичиг гаргасан. Гэтэл хувийн хэвшлийнхний хийсэн ажлыг үргэлж үгүйсгэж, ашгийн төлөө ажиллаа гэдэг. Төр хийхгүй байгаа учраас бид хийж байна.
- Хэл бол амьд байх ёстой. Үүн дотроо дүрэм журам нь мөн амьд байх ёстой. Цаг үеийн хөгжил өөрчлөлтийг дагаад хэл хөгжих ёстой. Өнөөдөр Дамдинсүрэн гуайн дүрэм дээр буцаад бууж байна гэдэг бол манай Монгол хэлний хөгжил явагдахгүй байна гэж үзэж байна.
- Хэл соёлоо хамгаална, шүтнэ, тахина гэхээс илүү бид хэлээ хөгжүүлэх, бүтээлчээр хандаж авч явмаар байна.
- Монгол бичгийн асуудал ярьж байгаатай холбогдуулаад ер нь бид хэрэгжихгүйг нь мэдсээр байж хууль зарлиг гаргадаг. Монгол хэлэнд өнөөдөр тулгарч байгаа хамгийн том бэрхшээл юу гэдгээс ажлаа эхлэх ёстой. Энэ бол Монгол бичиг рүү орох, энэ хэдэн үгийг цэгцлэх ерөөсөө биш. Хамгийн гол асуудал бол Монгол эх хэлний боловсролыг яаж урьд өмнөхөөс иилүү өөрчилж дараагийн шатанд гаргах вэ гэдэг ажил. Бид Монгол хэлний хичээлийн агуулгыг сайжруулах ёстой. Маш олон танин мэдэхүй олж мэддэг ийм сонирхолтой хичээл болгож өгөх ёстой.
- Бид 5-6 жилийн өмнө төр засгийн бодлогод итгээд Монгол бичгийн сурах бичиг хийж эхэлж байгаад таг зогссон. Яагаад зогссон бэ гэхээр Сургуулиудын үзэж байгаа Монгол бичгийн сурах бичиг ямар агуулга үздэг вэ гэхээр эртний ном судар, зүйр цэцэн үг, хуучин Монгол бичиг судалдаг хүний төвшинд бага ангийн хүүхэд болон дунд ангийн хүүхэд явж байна.
- Хэрвээ хуучин Монгол бичгийг өдөр тутмын амьдралд хэрэглэх гэж байгаа бол өнөөдөр тэдний нүдэнд харагдаж гарт баригдах сонирхолтой агуулгуудаар дамжуулж хүүхдэд Монгол хэл бичгийг хүргэнэ үү гэхээс зүгээр зүйр цэцэн үг цээжлүүлэх гэх мэт агуулгаар хэлбэрээр явж болохгүй. Эх хэлний боловсролыг сайжруулах гол зүйл бол Монгол хэлээ хөгжүүлэхийн тулд маш их агуулгын Монгол хэлний хичээлрүү оруулж өгөх ёстой. Үүнийг ярьж хуульчилж өгөөсэй гэж хэлмээр байна.
МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар:
"Төрд гараад ажил хийсэн харагдах гэж үг журамлаад байж болохгүй"
- Бид зөв бичих дүрэм гэж юу вэ гэдэг дээр олон нийтийн ойлголтын зөрөөг арилгах хэрэгтэй. Зөв бичих дүрэм гэдэг бол одоогоор нийтээрээ хэрэглэж байгаа кирилл бичигт хэрхэн тэмдэглэх зүй тогтлыг тусгасан журам. Энэ дотор үсэг, үг хувилгах, цэг тэмдгийн дүрэм, гадаад үгийг бичих дүрэм гэх мэт дотроо зүй тогтлоороо ангилсан зүйл.
- Дүрэм гэдэг тогтолцоо талаас харахад кирилл бичгийн дүрэм огт өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл анх Ц.Дамдинсүрэн гэдэг хүний боловсруулсан үзэл санаа хэвээрээ байгаа. Харин үе үеийн журамласан толь, эсвэл цаг үеийн шийдвэрийн улмаас зарим нэг үгийг өөр хэлбэрээр бичсэн асуудлыг Монгол хэлний дүрмийг тэр чигт нь өөрчилсөн мэт тайлбарладаг буруу.
- Нөгөө талаасаа иргэдийг буруутгахаас илүүтэй энэ үйл ажиллагааг зангидаж явдаг бодлогын байгууллага, судалгааны байгууллага нь цаанаа нухаад суухаас гадна олон нийт рүү хандсан тайлбар, таниулах зүйл сул байгаатай холбоотой.
- Бүжин- бөжин, авилга – авлига хоёр бол 2018 оны журамласан толин дээр гаргасан үнэн. Цоморлиг-цоморлог, сурвалжлага – сурвалжилга бол өмнөх 1983 оны Дамдинсүрэн багшийн толь дээр яг энэ хэлбэрээрээ байгаа. Зарим нь цоморлиг, сурвалжлага гэж бичиж байсан бол анхнаасаа буруу бичдэг байсан гэсэн үг.
- 2018 оноос өмнөх толинд журамласан 700 үг маш мугуйд, олныг төөрөгдүүлэх үндсийг тавьсан шийдвэр байсан. Хэзээ ч хэлийг журамлахдаа 700-аар нь тасалж журамлана гэж байж болохгүй. Хамгийн алдартай нь Цээж – ийг хоёр ялгасан. Цээж бичиг – Чээж бичиг. Махан биеийн цээжийг “Ц”- ээр бичнэ, оюун ухааны цээжийг “Ч”-ээр бичнэ гэж ялгасан. Энэ бол ямар ч хэл шинжлэлийн үндэсгүй, ямар ч утгагүй шийдвэр. Тэр 700 үгийг харах юм бол яг үнэндээ журамлах шаардлагагүй үгнүүдийг бөөнд нь оруулчихсан.
- Үе үеийн эрх баригчид, шийдвэр гаргагчид ажил хийсэн юм шиг харагдах гэж дэмий өөрчлөлтүүдийг хийдгийн нэг нь 700 үгийн журамлалт болсон.
- 2018 онд Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичиг гараад 700 үгний шийдвэрийг хүчингүй болгосон. Гэхээ одоогийн энэ толь бичиг дээр ч зарим нэг маргаан гарч байна. Бүжин – Бөжин гэх мэт
- Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэдэг бодлого тодорхойлдог нэгж. Зүйрлэвэл их хурал гэсэн үг. Асуудлыг мэргэжлийн хүмүүсээр хийлгээд, тэрийг нь баталж өгөөд улс орон даяар мөрдөх хэрэгтэй. Өдөр тутмын үйл ажиллагааг нь зохион байгуулах үүрэгтэй хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын алба гэж бий. Тэр ажлын алба зохион байгуулалтын үйл ажилгааг хангадаг газар болохоос, толь хийдэг газар биш.
- Манай Хэл зохиолын хүрээлэн гэдэг нарийндаа утга зохиолын хүрээлэн боллоо. Тэнд хэлний асуудлаар тайлбар гаргадаг хүн өдрөөс өдөрт цөөрч байна.
- Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн өмнө хуучнаар Боловсролын сайд толгойлдог байсан. Одоо өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийн дэргэдэх болгосон. Тэр байгууллага хэзээ хүчтэй байх вэ гэхээр эрх мэдэлтэй байхад хүчтэй байна. Мөн эрх мэдлийг хэрэгжүүлэх тодорхой хэмжээний үйл ажиллагааны санхүүжилт зэрэг зүйлээ шийдэх чадвартай байх хэрэгтэй. Одоо бол зүгээр есөн хүний бүрэлдэхүүнтэй эдгээр хүмүүс ямар нэгэн зүйл хэрэгжүүлэх эрх мэдэл алга. Гэхдээ тэнд байгаа хүмүүсийн сайн мууг би яриагүй.
- Бодлого бодит байдал дээр хэрэгжээд явхаараа бантан болоод байна. Тэгэхээр эзэнтэй бай бодлогоо барь, гүйцэтгэл хийдэг нь гүйцэтгэлээ хий. Тэр хүрээнд ном судрын бизнес эрхэлж байгаа эрдэмтэд, байгууллагуудтайгаа хамтарч ажиллаад бүтээлээ хамгийн чанартайгаар гаргаж тавь.
- Би хэлний мэргэжилтэн. Өнөөдөр манай салбарынхан маргаад тал талруугаа хараад суучихсан зүйл байхгүй. Тодорхой хэмжээнд кирилл бичгийн зөв бичих дүрмийг өөрчлөх ёстой гэсэн санаатай хүмүүс байдаг уу гэвэл байдаг. Жишээ нь надаас өнөөдрийн крилл бичгийн дүрэм Монгол хэлний зүй тогтлыг бүрэн тусгасан хууль мөн үү гэвэл би судлаач хүний хувьд үгүй гэж хэлнэ.
- Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа энэ дүрмийг би Монгол улсын иргэний хувьд миний хүсэл үзэл санаанаас үл хамааран мөрдөх ёстой. Энэ зарчмаа л бүгдээрээ хэрэгжүүлье. Судлаач нь ч тэр, олон нийт нь ч тэр үүн дээр нэг хоёр үгэн дээр том асуудал үүсгэдгээ больё.
- Дөрвөн жилийн дараа бид төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулна гээд УИХ баталсан. 2021 онд хүн амын боловсролтой, бичиг үсэг тайлагдсан хэсгийн хэдэн хувь нь үүнд бэлэн байна вэ? Энэ судалгаа байна уу? Сүүлд сонссоноор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанаас Статистикийн газартай явуулж байгаа гэж байсан. Сурах хэсэг, бүрэн бэлэн хэсэг, огт байхгүй хэсэг гээд үүн дээрээ бид ажиллах ёстой. Хүн амын хэдэн хувь нь Монгол бичиг, крилл бичгийг хослуулан хэрэглэхээр байгаа вэ гэдгийг мэдэхгүй. Энэ бараг тийм тоо гаргаж чадахгүй байх гэж бодож байна. Үүн рүү бодитой ажил бол яваагүй.
- Үндсэндээ бол өнөөдөр бид энд нэг төсөөллийн байдалтай байна. Хоёр тал байна нэг нь Монгол бичгээ аваад хос бичигтэй байх юм байна гэх дэврүүн хэсэг. Нөгөө тал нь энэ бол хэзээ ч бүтэхгүй гэх гутрангуй хэсэг. Харамсалтай нь энэ хоёрыг нэг талд гаргах бодитой судалгаа, үйл ажиллагаа энэ өнгөрсөн таван жилд хийгээгүй.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Э.Пүрэвжав :
“Монгол хэлний зөв бичих дүрэм үндсэндээ өөрчлөгдөөгүй”
- Одоогоос 100 жилийн өмнө Ардын хувьсгал ялж, судар бичгийн хүрээлэн байгуулагдаж байсан. 1924 онд БНМАУ-аа тунхаглахад Шинжлэх ухааны академийн суурь болсон Судар бичгийн хүрээлэн маань Эрхлэх үйлдвэрийн товчоо гэж мөрийн хөтөлбөр гаргасан. Үүний нэг зүйлд Монгол үсэг бичгийн дүрмийг зохиох, үгсийг зөв ёсоор бичсэн толь үйлдмүй гэсэн зүйл. Судар бичгийн хүрээлэн тухайн үеийн гүн ухааны тасгийн үндсэн ажлыг ингэж зааж өгсөн.
- Академич Ц.Дамдинсүрэн 1941 онд сар гаруй хугацаанд үндсэн үсгийн дүрэм зохиосон. Энэ дүрэм үндсэндээ өөрчлөгдөөгүй. Анхны толь 1941 онд 18 мянган үгтэй гарсан, дараа нь 1983 онд Ц.Дамдинсүрэн гуайн толийг үндсэндээ баримталсан 38 мянган үгтэй толь хэвлэгдсэн. Сүүлийн толиуд дээр ч дүрэм огт өөрчлөгдөөгүй.
- Шинэ үг гарч ирдэг, зохиох шаардлагатай, эсвэл зарим нь үгийн гарал, үг зүй түүхэн уламжлал талаасаа ингээд биччихвэл зүгээр гэдэг эрдэмтдийн санал гардаг.
- 1980 онд Боловсролын яамнаас журам гараад академич П.Хорлоо гуай 150 үг журамласан. Дараа нь энэ 2012-2013 оны үед хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй адил эрх бүхий байгууллагаас арав гаруй эрдэмтэн оролцож, мэргэжлийн эрдэмтдээс гарын үсэг аваад 700 үг журамлагдсан байдаг. Гэтэл 2018 оны журамласан толь гарснаар тэр бүгд хүчингүй болсон.
- Эрдэмтэд, судлаачид маань судалгаа хийгээд жирийн даруухан явдаг учраас журамласан үгнүүд иргэдэд сайн танигдаж чадаагүй байх. Ойрын 20 гаруй жилийн үсгийн дүрмээр судалгаа хийсэн суурь судалгааны ажил бараг байхгүй гэж бодохоор байна. Эрдэмтэд олон төрлийн судалгаа хийдэг. Үсгийн дүрмээр дагнаж ажилладаг хүн Монголд бага болчихсон юм байна гэж бодохоор байна.
- Монгол хэлний батлагдсан ч хуулийн зарим зүйл анги нь тийм сайн хэрэгжээгүй.
- Хэлний хүрээлэнгийн эрх бүхий байгууллага үүргийг нь төр бүрэн биелүүлээд, хэлний бодлогын зөвлөл маань яг тэр бодлогоо барьж ажлаа хийгээд, эрдэмтэд нэгдэж ажиллавал үг үсгийн жижиг алдаа асуудал гарахгүй гэж итгэж байна.
- Монгол хэлний тухай хуулинд зааснаар 2025 оноос Төрийн байгууллагууд албан хөтлөлтөө крилл болон монгол бичгээр хослуулан хөтөлнө гэсэн заалтын дагуу Монгол бичгийн журамласан толь хийх ажлыг БСШУ-ы сайд эхэлсэн. 40 гаруй хүн орж энэ ажил эхлэлийн шатандаа явж байна. Одоохондоо яг эцэслэж арга зүйгээ тогтоогүй байна.
- Манай Шинжлэх ухааны хүрээлэнд шинэ Шинэ үгийг Монгол хэлний зөв бичих толинд оруулахыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хүмүүс шийднэ. үгний асуудлыг хэлэлцдэг Хэрэглээний хэл шинжлэлийн салбар байгууллага байгуулагдсан. Гэхдээ манай байгууллага батлах эрх байхгүй.
- Дунд сургуулийн сурах бичиг сүүлийн журамласан толь бичгийг баримталж явж байгаа. Гэхдээ энэ толинд ороогүй үгийг сурах бичигт хэрэглэх шаардлага гарна.