Түүхийн ухааны доктор Д.Идэр: Сүүлийн үед Монгол улсын архив, номын санд хадгалагдаж байгаа монголын түүхийн үнэт эх сурвалж, материалуудыг шинжлэх ухаан, хамтын ажиллагааны нэрээр их хэмжээгээр хуулбарлан Хятадад гаргаж, олон боть ном бүтээлүүдийг хэвлүүлсэн асуудал нь цахим орчим, нийгмийн анхаарлыг татаж, олон нийтийн дургүйцэл, эсэргүүцлийг өрнүүлсээр байна.
Энэ асуудалд мэргэжлийн түүхч, судлаачид ч өөрсдийн байр суурь, санал шүүмжлэлийг илэрхийлсэн байдаг. Харамсалтай нь энэ асуудлыг төр засаг, холбогдох төрийн байгууллагууд анхааралдаа авч, зохих хууль журмын дагуу шалгаж, тодруулах ажлыг хийхгүй байгаа нь тун хачирхалтай юм. Энэ асуудал бол Монгол улсын түүх соёлын үнэт өвийн хадгалалт, хамгаалалт, цаашлаад Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай ч холбогдох асуудал болно. Тийм учраас энэ асуудлыг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төржилт, эсвэл хэдэн түүхчдийн хоорондын хувийн атаа хорсол, зөрчил тэмцэл мэтээр үзэж, хандаж болохгүй юм.
Монгол улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхэнд холбогдох чухал эх сурвалж, баримтууд хадгалагдаж байна. 2020 онд одоогийн Соёлын сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Чулуун, БНХАУ-ын Ардын Их Сургуулийн багш Оюунбилэгтэй хамтран Монгол улсын Үндэсний Номын Сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхэнд холбогдох зарим эх сурвалжуудыг хуулбарлан авч, ямар ч эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй, шууд гэрэл зурагт буулган “Монгол улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзундамба хутагтын монгол намтруудын эмхэтгэл” нэртэйгээр дээд, доод хоёр ботиор хэвлүүлжээ.
Энэхүү номын гарчгаас үзвэл Монгол улсад хадгалагдаж буй Өндөр гэгээний 9 монгол намтрыг хэвлүүлсэн байна.
Үүнд:
1. Богд Жавзундамбын анхан төрлийн нэр оршив. Орон дацан анхан байгуулсныг бичсэн буянаар бурхны шашин өнө үүрдийн орших болтугай;
2. Өндөр богдын намтар;
3. Өндөр гэгээний уг эх хийгээд тэр үеийн манжийн хаадын зарлиг тушаал мэтийн чухал хэргийн зүйлийг цуглуулан бичсэн дэвтэр;
4. Дээрхийн уг эх;
5. Жавзундамба ламын төрөл үесийн нэрс хийгээд орон дацан байгуулсан тэмдэглэл;
6. Өндөр гэгээнтний намтар оршив;
7. Өндөр богдын намтар оршив;
8. Өндөр гэгээнтний намтар;
9. Богд Жавзундамба хутагт хийгээд гэгээнтний намтар цадиг түүх панюн оршив гэжээ.
Тус номын монгол, хятад удиртгалаас үзвэл Монгол улсад хадгалагдаж байгаа Өндөр гэгээний 9 монгол намтрыг хэвлүүлсний дотор 5 намтар нь Монгол улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа, 4 намтар нь төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатарын хувийн цуглуулга бөгөөд тэрээр амьд ахуй цагтаа Оюунбилэгт өгч, хэвлэхийг зөвшөөрсөн тул урьд нэг удаа Хятадад хэвлэгдсэнийг дахин хэвлүүлсэн хэмээн дурджээ. Гэтэл энд хэвлэгдсэн Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 5 намтрын эхийг хэвлүүлэхдээ Үндэсний Номын Сангаас зөвшөөрөл авч, ямар нэг хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр байгуулаагүй байна. Тухайн үед С.Чулуун нь Монгол улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан учир түүнд Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа эх сурвалжуудыг хуулбарлан авч, хэвлүүлэх эрх байгүй нь тодорхой юм. Тийм учраас энэ асуудлын талаар Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо албан ёсны тайлбар, мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай байна.
Өндөр гэгээний дээрх монгол намтрууд зөвхөн Монгол улсын Үндэсний Номын Сангийн тусгай сан хөмрөгт хадгалагддаг, гар бичмэлийн эрхтэй, ганц хувь, өмнө нь дотоод, гадаадад бүрэн эхээрээ хаана ч хэвлэгдэж байгаагүй маш ховор, нандин дурсгал юм. Уг намтруудад, Монголын оюун санааны удирдагч Өндөр гэгээн Занабазарын амьдралын нарийн нандин зүйлс, монголчуудын шашин, соёл, үзэл санаа; алтан ургийн язгууртнуудын гарал, үйл амьдрал, тухайн үеийн харийн түрэмгийлэгчдийн ил далд явуулга, бодлого, түүний эсрэг монголчуудын бодлого, тактик зэрэг маш ховор нарийн мэдээ, материалууд агуулагджээ. Бас монголчуудын соёл, шашны чанд нарийн, тэр бүр хүн ойлгож тайлбарлахад амаргүй, мушгин гуйвуулж, улс төржүүлж болзошгүй зүйлс ч байна. Тийм ч учраас уг намтруудыг бүрэн эхээр нь нийтлүүлдэггүй, тэр бүр хүнд үзүүлээд байдаггүй байв.
С.Чулуун, Оюунбилэг нар “Монгол улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзундамба хутагтын монгол намтруудын эмхэтгэл” номыг хэвлүүлэхдээ нүүр хуудсанд Монгол улсын Үндэсний Номын Сангийн нэрийг огт бичсэнгүй. Олон улсын судалгааны зарчмаар номын нүүр дээр хэвлүүлж буй албан байгууллагуудын нэрийг заавал бичдэг. Гэтэл тэд энэ ёс зүй, дүрмийг ноцтойгоор зөрчсөн байна. Мөн тус номын удиртгалд Үндэсний Номын Сангийн нэрийг хятадаар буруу орчуулсан байдаг. Монгол улсын Үндэсний Номын Сан (国家图书馆)-гийн нэрийг “Улсын Төв Номын сан” (国立中央图书馆) хэмээх 2004 онд өөрчилсөн хуучин нэрээр нь орчуулжээ.
Үүнийг энгийн алдаа гэхээс илүүтэй үгийн сонголтоо айхтар бодсон, улс төрийн давхар санааг илэрхийлсэн үйлдэл юм. Хятадууд “Үндэсний” гэдэг үг байвал өвөр монголчуудад сөрөг нөлөөлнө гэдгийг тооцжээ. Ийнхүү Монгол улсын төрийн байгууллагын нэрийг санаатайгаар буруу бичсэн нь Үндэсний Номын Сан хэмээх төрийн байгууллагыг үл хүндэтгэж, доромжилсон хэрэг мөн.
Энэ номд олны анхаарлыг татаж буй нэг зүйл нь Монголын талаас оролцсон С.Чулууны танилцуулга юм. Түүнийг “Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн захирал, Дундад улсын Ардын Их Сургуулийн Син ао (兴奥-xing ao) эрдэмтэн” хэмээн цоллон бичжээ.
Энэхүү Син ао (兴奥-xing ao) гэдэг цолны “Син (兴-xing)” гэдэг нь “мандах, хөгжих, дэгжих бадрах” гэсэн утгатай бол “Ао (奥-ao)” гэдэг нь “гүн, нууц, далд” гэсэн ерөнхий утгатай бөгөөд Монголын цахим сүлжээнд “хоймор (хойд)-ыг мандуулагч” хэмээн орчуулсан байдаг. Ийм сүртэй цол гуншинг Хятад улсаас авсан гадаад эрдэмтэн байдаггүй.
Ийнхүү Үндэсний Номын Санд гар бичмэлийн эрхтэй, асар үнэ цэнтэй дурсгалуудыг албан ёсны гэрээ хэлцэлгүй, хууль бусаар Хятадад хэвлэсэн юм биш биз гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байна. Номын эхний нүүрт бичсэнээс үзвэл:
Хэвлэлийн хуудас (хэмжээ): 43
Үсгийн тоо: 688800
Хэвлэсэн хугацаа: 2020 оны 3 сар
Анхны номын үнэ 1200 юань гэжээ.
1200 юанийг монгол төгрөгт шилжүүлбэл 520 000 орчим төгрөг болно. Ийм үнээр уг номыг зарахад хэдэн зуун сая төгрөгийн ашиг олох нь мэдээжийн хэрэг юм. Одоо энэ ном зарагдаад дуусаж, ховордсон байгаа юм байна.
Улсын номын сангийн ховор номын хуулбарыг БНХАУ-д өгч хэвлүүлэхэд ямар гэрээ үйлдсэн бэ? Монгол улсын үнэлж баршгүй хосгүй ховор дурсгалуудыг хуулбарлан Хятад өгч, ном болгон хэвлүүлэн зарж олсон үлэмж их хэмжээний ашиг хэний халаасанд орж байна вэ? Тэрхүү ашгаас Монгол улс, Үндэсний Номын Сан ямар ашиг хүртэж байгаа вэ? Улсын байгууллагад хадгалагдах номыг эрх мэдэл бүхий хувь хүн, тухайлбал түүнийг хуулбарлан өгсөн сайд С.Чулуун хүртэж байдаг юм биш биз? Тус номыг сөхөж үзээд эрдэмтэн судлаач хүний хувьд өөрийн эрхгүй дээрх асуултууд төрж санаа зовнилоо. Цаашид архив, номын сангийн баримтыг эх захгүй сканердаж, гадаадад нэрээ тавьж хэвлүүлдэг энэ сүлжээ, хонгилыг хууль дүрмээ сайжруулах замаар таслан зогсоох хэрэгтэй.