Засгийн газраас арван хоёрдугаар сарын 13-ны өдөр айл өрх, зарим албан байгууллагуудын цахилгаан, дулаан, усны төлбөрийг 2021 оны долдугаар сарын нэгнийг хүртэл тэглэх буюу төр даах шийдвэр гарсан. Шийдвэр гарснаас хойш эрчим хүчний ачаалал ихсэж хоёр ч аймагт хязгаарлалт хийхэд хүрч байв. Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Монгол улсын эрчим хүчний салбарын бодит байдал” сэдвээр салбарын мэргэжилтнүүдтэй хэлэлцлээ.
Зочин:
- УИХын гишүүн С.Ганбаатар
- Эрчим хүчний сайдын зөвлөх П.Товуудорж
- Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан
- Монгол улсын зөвлөх инженер Б.Батлхагва
Онцлох эшлэлээс хүргэж байна
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан:
Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн хүчин чадал 1488 мегаватт. Үүний дийлэнх нь төвийн бүсэд байдаг. Эрчим хүчийг зүүн бүс,баруун бүс, Алтай, Улиастай гэсэн 4 бүсэд хуваадаг.
Төвийн бүсийн:
- Нүүрсээр ажилладаг хүчин чадал 1178 Мвт
- Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 245 Мвт
- ОХУ-аас 245 Мвт эрчим хүч импортоор оруулж ирж байгаа.
Арван хоёрдугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын шийдвэр гарсан. Шийдвэр гарсны маргааш хоёр өдөр эрчим хүчний хэрэглээ эрс өссөн. Оройн их ачааллын үед 1250 Мвт байх болов уу гэж тооцоолж байснаас 1308 Мвт хүрсэн.
Оройн цагаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл тогтворгүй болсон. Нар байхгүй, салхи байхгүй импорт болон нүүрсний станцуудад тулгуурлан асуудлыг шийдсэн. Харин өмнөх жилүүдийн дунджаас илүү гарсан төлбөрийг иргэд өөрсдөө төлнө гэдэг журам гарсантай холбоотойгоор эргэн буурч өнөөдрийн байдлаар 70-аад Мвт-аар буурч 1232 Мвт болсон
Дулааны хувьд 124 градусаар Улаанбаатарт 23.000 тн ус хэвийн халааж байна гэж хэлж болно. Бид 120 Мвт хавьцаа өсөх болов уу гэж тооцоолж байсан гэтэл 200 орчим Мвт болж гэнэт өссөнөөс болж хүндрэл гарсан. Үүнийг залруулж формдоо орсон гэж хэлж болно. Дундаж хэрэглээ бага зэрэг өсөлттэй байгаа.
Монгол улсын Эрчим хүчний салбар 30 жил тулчихсан ачаалалтай явж ирсэн.
Гэхдээ бидэнд амжилт байна. 1992 онд 265 хоногийн 243-д эрчим хүчний хязгаарлалт хийж байсан. Өнөөдөр хүмүүс хязгаарлалт гэдгийг мартчихсан. Хоёр өдөр хүнд байдалд ороход л сандарцгааж байна.
1308 Мвт хамгийн өндөр хэрэглээнд хүрч байгаа нь 17:00 – 21:00 цагийн хооронд юм. 24 цагийн турш ачаалалтай байгаа гэсэн үг биш.
Тавдугаар цахилгаан станц баригдаагүй хэд хэдэн шалтгааныг хэлж болно. Тавдугаар цахилгаан станц барина гэж удаан ярьсан, янз бүрийн төсөл байсан. Төслүүдийн судалгаа ч дутуу хийсэн байх. Гол нь тавдугаар цахилгаан станцыг барина гэж байсан Олон улсын Консорциум нь тараад барихгүй болсон.
Нөгөө төлдөө эрчим хүчний хүний хувьд тавдугаар цахилгаан станцыг Улаанбаатарт барих нь буруу гэж үздэг. Яагаад гэвэл асар их хэмжээний нүүрс ачиж ирж, шатаах болно. Тийм учраас 2010 онд УИХ-ын 72-р тогтоол гарч цаашдаа Монгол Улсын цахилгаан станцуудыг тусдаа барихаа болъё, уурхайн аманд барих хэрэгтэй гэж үзсэн юм.
2009 онд Оюу Толгойн гэрээг батлах үед Оюу Толгойн нийт хэрэглэсэн цахилгааныг Хятадаас авна гэж байсныг Их хурал хэлэлцэж Оюу Толгойн үйлдвэр ашиглалтад орсны дараа дөрвөн жилд багтааж дотоодын их үүсвэрээс авна гэж өөрчилж байсан. Гурван хувилбар бий: түрээснээс, Оюу толгой өөр станцаас авч болно, гурав дахь нь өөр бусдын үүсвэрээс авна гэсэн гурван заалт оруулж өгөөд барих гээд явж байгаа учир нь энэ. Оюу Толгойтой хамтарч барина гэж баахан будиллаа. 2017 онд ашиглалтад орчихсон байх ёстой байсан.
Сүүлд Монголын засгийн газар өөрийн хөрөнгөөр барина гэж шийдсэн явдал зөв. Хөрөнгө оруулалтын 30 хувийг Эрдэнэс Таван толгой, 70 хувийн хөрөнгө оруулалтыг засгийн газар бонд босгох юм уу, зээл авах байдлаар шийдэж санхүүжүүлнэ гэсэн. Үүнд би их найдаж байгаа. 2021 оны 7 дугаар сард ажил эхлэх ёстой.
Өнөөдөр ОюуТолгойн хэрэглээ 1,3 тэрбум мвт байгаа. Жилдээ 395 тэрбум төгрөгийн цахилгаан худалдаж авч байна. Үүнийг Монголд шингээх ёстой. Үнийн талаар нэг ойлголт өгье. Үнэ дэндүү хямдхан гээд байгаа. Үнэ гэдэг бол ерөөсөө л үйл ажиллагааны зардал хөрөнгө оруулалт биш. Тийм учраас өнөөдрийн байдлыг хэлэхэд 2010 онд УИХ-ын 72-р тогтоол гаргаж байхад эрчим хүчний салбар 200 тэрбум төгрөгийн нийт алдагдалтай байсан. Өнөөдөр 10 жилийн дараа 16 тэрбум болж буурсан. Төвийн бүсээ алдагдалгүй болсон. Баруун систем найман тэрбум авдаг. Цаашдаа үүнийг авахгүй байх ёстой. Өөрийгөө авч явах бизнесийн салбар.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Нүүрсний бартерийн гэрээ хийж цахилгаан станц бариулах боломж бий
Тавдугаар цахилгаан станц буюу нэмэлт цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн тухай шийдлийг сүүлийн 20-иод жил ярьж байна. Шийдэгдэж чадахгүй байгаа нь цэвэр улс төржилтөөс болдог. Монголын Засгийн газрын эрчим хүчний эх үүсвэр барих асар том мөнгөний проект төслийн шийдлийг бүлэглэлүүд хоорондоо булаацалддаг. Засгийн газар өөрөө барьцаалагдсан. Нэг бүлэглэл нь барих гэж байхад өөр бүлэглэл нь булаацалддаг барьцаалагдсан бүлэглэлүүдийн хоорондын зодоон болж хувирдаг нь үнэн.
Эрчим хүчний салбар санаа зовмоор, маш их доголдох төвшинд байгаа гэж боддог. Би энэ салбарын мэргэжлийн хүн биш хэдий ч эрчим хүчний салбарын шийдвэрийг намын дарга гаргаж болохгүй. Ерөнхий сайд Хүрэлсүх шийдвэр гаргаад маргааш нь гаргасан шийдвэр дээрээ нэмэлт өөрчлөлт хийж, баримлын шавар шиг зүйл хийж байвал салбарын мэргэжилтнүүдээ сонсоогүй байна.
Энэ салбар тулчихсан их ачаалалтай явсаар ирсэн. Салбарын 16 мянган ажилтны нуруун дээр л явж байна.
Оюутолгой 2015-2019 оны хооронд 569.4 сая долларын цахилгааныг Хятадаас авсан. Хагас тэрбум долларын цахилгааныг 2015-2019 онд авсан. Энэ асар их мөнгө, цахилгаан станц хангалттай барих мөнгө.
Улс төрчид салбарын бие даасан техник инженерийн дүгнэлтийг тойрч ярьдаг соёл бидэнд байхгүй байгаа. Салбарын эрдэмтэд, эрчим хүчний салбарын яамны, салбарын эрдэмтэд бүгд хоорондоо ярьж байгаад ийм шийдлээр барьж байгуулна гэдгийг эрдэмтэд ярьдаг. Энэ асуудлыг улс төржиж шийдэх гэж оролдоод ирэхээр тэд мэргэжлийн улсууд биш. Тэд үргэлж бие биенийгээ үгүйсгэнэ. Салбарын эрдэмтдийн нэгдсэн дүгнэлт гарч ирэх тогтолцоо бидэнд чухал байгаа. Дараа нь хөрөнгө оруулалтын шийдэл гэж бас мэргэжлийн асуудал. Энэ бидэнд дутагдаж байгаа.
Эрдэнэт үйлдвэрийг босгохын тулд Оросууд Эрдэнэт хотод зориулсан цахилгаан станцыг өөрийн хөрөнгөөр барьж өгсөн. Хоёр цахилгаан станц барьж байгаа. Энэ цахилгаан станцаа өөрсдөө мөнгөө гаргаад дараа нь энэ үйлдвэр ажиллаад ашгаараа хөрөнгө оруулалтаа нөхөхөөр Монгол улсынх болно гэдэг гэрээ байгуулсан. Яг адилхан гэрээг Оюутолгой барих бүрэн боломжтой боловч улс төрчид өмнөөс нь яриад Оюутолгой Монголд цахилгаан станц барих ямар ч үүрэг хариуцлага үүрэхгүй гэдэг заалтыг оруулсан.
Оюу толгой Өвөр Монголын Баяннуур билүү жижигхэн тосгоноос тог авдаг. Зургаан сарын дотор цахилгаан станцынхаа мөнгийг Оюутолгойгоос гаргаж авч чадсан байдаг. Тэр тосгоны Хятад захирагч бол манай Оюутолгойн төлөөлөн удирдах биеэ үнэлсэн улс төрчдөөс хамаагүй эх оронч байна гэдгийг дахин дахин хэлэх байна.
Миний гаргалгаа юу гэхээр Өмнөд Африкийн яг Монгол шиг орон жилдээ 20-30 сая тонн нүүрс гаргаад тэрнээсээ олсон ашгаараа цахилгаан станц барьсан. Тэр улсууд 5 сая тонн, 10 сая тонн нүүрс ав оронд нь цахилгаан станц бариад өг гэдэг бартерын гэрээг хийсэн байдаг. Ингэснээр тэр станцыг барих гэж байхад дундаас нь том том мөнгө иднэ гэсэн манай улс төрийн оролцоо байхгүй болдог, гацаа садаа байхгүй болдог. Хоёрдугаарт энэ цахилгаан станц дээр Монголын эрчим хүчний салбарын дүгнэлт шаардлага шахалт, цензүрээр барина. Бартерын энэ гэрээ маш чухал байдаг. Үүн дээр Монгол 20 сая тонн нүүрсний 5 сая тонноор 2-3 цахилгаан станцыг Монгол орон 2-3 жилийн дотор барина гэдэг гэрээ хийхэд улс төрийн маргаан, улс төрийн зодоон шууд зогсоно.
МУ-ын зөвлөх инженер Б.Батлхагва:
Засгийн газраас гарсан энэхүү шийдвэр Монгол улсын эрчим хүчний систем ямар хүнд байдалд байдаг вэ гэдгийг харуулсан. Зүй нь бол нэг ч хэрэглэгчийг хязгаарлах ёсгүй. Гэтэл бид бэлэн биш байна гэсэн үг. Салбар маань сүүлийн олон арван жилийн турш байх ёстой төвшиндөө очиж чадахгүй л байна. Дандаа гал унтраах байдлаар явж байна. Энэ процесс үүнийг тод томруун харуулж өгч байна. Түгээгч сүлжээ, хэрэглэгч талд маш их асуудал үүсч байгаа. Эх үүсвэр талд бүр их асуудал үүслээ. МУ нөөц генераторгүй маш олон жил явж байгаа. Энэ асуудлаа шийдэхэд шинэ эх үүсвэр барихгүй л бол шийдэж чадахгүй.
Эрсдэл талаас нь харахад ОХУ-ын шугам дээд тал нь 247мкв авах ёстой. Түүнээсээ давчихсан учраас хязгаарлалт хийж байгаа. Байнга их ачаалалтай ажиллахад шугамын дамжуулагч халаад, сунаад тасрах нөхцөл байдал үүснэ. Тогтмол удаан хугацаагаар ачаалалтай болгож болохгүй. Удаан байвал аюултай. Энэ шугам нь нэг л шугам байдаг хоёр хэлхээтэй нэг тулгуур дээр байдаг. Ямар нэгэн байдлаар гэмтэхэд МУ-ын систем бол өөрийгөө авч явах чадваргүй систем. МУ-ын систем нойл сууна гэдэг нь усгүй, дулаангүй, цахилгаангүй болно. Яг ийм аюул бодитоор байгаа. Гэхдээ манай 16 мянган ажилчид маш сайн ажилладаг. Тэд нар өдөр шөнөгүй хагас чирэгдсэн байдлаар ажилладаг учраас үүнийг авч гараад байгаа.
ТЭЦ-5 дээр миний сонссон мэдээллээр манай салбарт хөрөнгө оруулагч мөнгө гаргаад эх үүсвэр баръя гэхээр тусгай зөвшөөрөл бичиг цаасны процесс нь маш олон байдаг. Арван хэдэн төрлийн бичиг баримт авах болдог. Сайдаас арван хэдэн төрлийн дэмжсэн бичиг авдаг. Энэ процесс нь удаан явдаг учраас олон улсын корпорацууд хөрөнгө оруулалт хийхээр бүх зүйл нь цаасан дээр эрсдэлгүй байх ёстой гэж шаарддаг. Тэрийг нь нөхөөд явах гэхээр эхнээс нь нэг зөвшөөрлийг нь авч байтал нөгөө зөвшөөрлийнх нь хугацаа дуусчихдаг. Үхлийн тойрог гэж бас ярьдаг, үхлийн тойрог руу орчихдог нэг зөвшөөрлөөс нөгөө зөвшөөрлийн хооронд явахаар 7-8 жил явсан. Хөрөнгө босгочихсон, технологио шийдчихсэн, хэлэлцээрт ороод явж байгаа. Монголын засгийн газарт хэлэлцээрт ороод явахаар 7,8 жил нэг зүйлээ тойроод яваад байхаар залхаад гараад явсан гэж ойлгоод байгаа.
Төрийн хар хайрцгийн бодлого эрчим хүчний салбар дээр дутмаг байдаг. Хэрвээ байдаг бол төрийн гурван өндөрлөгийн төвшинд энэ эрчим хүчний асуудлаа шийдээд явчих боломжтой. Нэгэнт хар хайрцгийн бодлогоор дэмжигдэж явж байгаа төсөл бол зогсоно гэж байхгүй. 2007,2008 оны судалгаагаар өнөөдрийн эрчим хүчний хэрэглээ маань 2000 болсон байх ёстой. 2030 он, 2040 онд 300, 4000 болно гэдэг судалгаа гарч байсан. Намайг дамжуулахад ажиллаж байхад маш олон техникийн хүсэлт, төслүүд явах гээд тог авъя гэдэг хүсэлтүүд ирдэг. Ихэнх том чадлын юмнуудыг буцаадаг. Яагаад гэхээр манайх эх үүсвэрийн дутагдалд орсон гээд Монгол улсын мега төслүүд явдаггүй. Монголд хөрөнгө оруулалт орж ирэх, мега төслүүд хэрэгжих, эдийн засаг солонгорох гэхээр чөдөр болж байгаа зүйл нь ганцхан эрчим хүчний салбар болж байгаа.
Эх үүсвэр байхгүй гээд бүх л техник технологийн хүсэлтүүдийг хойшлуулж байгаа. Тийм хирнээ эх үүсвэр барих гэхээр хэрэглээ байхгүй гээд байдаг. Эх үүсвэрээ барьж байж хэрэглээ нь бий болно. Систем нь массаараа нэг мянга биш, нэг мянга гэдэг нь хэтэрхий бага тоо МУ-ын газар нутаг маш том. Тэр том газар нутаг дээр маш их бизнесийн мега төслүүдийг явуулаад таатай орчин бий болгох боломжтой. Тэгэхээр бодлогоо хийж чадахгүй байна уу гэж бодоод байгаа. Мастер төлөвлөгөө гардаг. Хоёр, гурван шинэчлэл дээр гарч байсан. Тэрийгээ барьж ажиллаж чаддаггүй.
Хүчээр үнэ бариад байхаар эдийн засгийн зарчмаараа явж чадахгүй болдог. Заавал улс төрийн шийдвэр орохгүй бол болохгүй болдог. Дэлхийн хөгжилтэй улс орнуудын хөгжсөн түүх бол эрчим хүчнийхээ үнийг хамгийн хямд байлгаж чадсан улс орнууд өндөр хөгжсөн. Өөрсдөө эх үүсвэрээ барьж чадсан, хамгийн хямдхан үнэтэй байж чадсан. Түүн дээр технологийн уралдаан, дайн эрчим хүчний төлөөх бүх зүйл болсон. Эрчим хүчээ хамгийн бага байлгах нь зөв хэрэг. Тэгж байж суурь эдийн засаг хөгжинө. Гэхдээ бага байлгаж байна гээд хэтэрхий бага байлгахаар салбартаа оруулж ирэх хөрөнгө оруулалтын мөнгө орж ирэхгүй. Одоо бол хэтэрхий бага байгаа. Төрөөс зайлшгүй хийх ёстой ажлууд байгаа.
Эрчим хүчний сайдын зөвлөх П.Товуудорж:
Цахилгаан станцыг том төслүүдийн хөрөнгө оруулалтыг төр батлан даах хэрэгтэй
Засгийн газар эрчим хүчний үнийг төр даах шийдвэрийг гаргахдаа манай салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонссон. Үүнд эрчим хүчний салбар тодорхой хэмжээний бэлтгэлтэй байсан. Тухайн шийдвэр өвлийн их ачааллын оргил, тухайн өдрийн цаг агаарын хүйтрэлт гэсэн давхацсан зүйл байсан учраас шийдвэр гарсан эхний хоёр өдөр ачаалал өссөн.
Өнгөрсөн оны эрчим хүчний хэрэглээ бидний төлөвлөгөөтэй харьцуулахад 6% буурсан. Энэ нь цар тахалтай холбоотой. Эрчим хүчний салбар аж ахуйн нэгжтэй, ашигтай айл өрхөд тодорхой хэмжээний алдагдалтай үнээр борлуулдаг. Өнгөрсөн жилийн хувьд айл өрхийн хэрэглээ нэмэгдээд аж ахуйн нэгжийн хэрэглээ буурсан. Тэр хэмжээгээрээ орлого тасалдсан .
Эрчим хүчний салбар өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний үнэтэй эрчим хүч болох импорт, сэргээгдэх эрчим хүчийг хязгаарлаж хямд эх үүсвэр болох ТЭЦ-3 ТЭЦ-4 нарыг ачааллах байдлаар өөрсдийн дотоод нөөц боломж зардлыг хянаж салбарын хүндрэлийг даван туулж гарсан.. Энэ жил ч гэлтгүй өвлийн их ачаалалтай үед бүх суурилагдсан тоноглолууд бүх хүчин чадлаараа ажилласаар ирсэн.
Өнгөрсөн жилүүдэд ч гэсэн ТЭЦ-3,4 станцууд суурилагдсан хүчин чадлынхаа бэлтгэл ганц хоёрхон зуух жишээлбэл дунд даралт дээр 1200Мвт ганцхан бэлтгэлд, зарим бэлтгэлгүй ч өнжиж байсан жил байгаа. Энэ үй ажиллагаа бол эрчим хүчний салбарын авч явж байгаа 16000 боловсон хүчин энэ салбарыг өдий хүртэл авч явсан. Тэгэхээр үүний ард гарах ёстой бэлтгэл хангасан гэж ойлгож болно. Тэгэхээр энэ шийдвэр ерөнхийдөө манай эрчим хүчний шийдлийн өнөөгийн байгаа байдлыг тодорхой хэмжээнд харуулж байна. Тийм учраас бид маш хурдан эрчим хүчний үүсвэрээ барих, түгээх, халаах зэргийн асуудлаа шинэчлэх. Төлөвлөлт дээрээ үүнийгээ олоод явах боломжуудыг аль аль талд нь гаргаж өгч байгаа.
Эрчим хүчний ачааллын хязгаарлалт биш, зохицуулалт гэж явж байгаа. Та нар 17:00-оос 21:00 цагийн хооронд ээлжээ сольчих хэрэгцээгүй илүү тоноглолоо зогсоо. Жишээлбэл Эрдэнэт ГОК 5000 Мвт усны насосыг тэр үед зогсоож байгаа. Энэ хүндрэлийг хамтдаа даван туулъя гэдэг шийдвэрийг хийж байна.
Өнгөрсөн хугацаанд бидний алдсан алдаа юу вэ гэхээр эрчим хүчний их үүсвэрийг барьж чадаагүй. Гол алдаа нь бид санхүүжилтийн зарчим дээр буруу ажилласан.
ТЭЦ-5 дээр ярихад Франц, Солонгос, Япон гишүүн орнууд 2015 онд Парисын хэлэлцээрт энэ орнууд болон дэлхийн 197 орнууд нэгдэж орж байсан. Нүүрсэн цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй гэсэн гадаад хүчин зүйл байсан байх.
Нөгөө талдаа төслийн санхүүжилт буюу эдгээр компани засгийн газартай байгуулсан тусгай зөвшөөрөл гэрээн дээрээ үндэслэж төслийн 1,4 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийх банкны шалгуурыг манай орон давахгүй байгаа юм.
Шалтгаан нь эрчим хүч өөрөө онцлогтой бизнес. Үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлт нэг зэрэг явдаг хадгалж болдоггүй. Тийм учраас диспетчерийн зохицуулалт, нэгдсэн сүлжээний дүрмийн дагуу төрөөс зохицуулалт ихтэй. Төслийн хөрөнгө оруулалтаа 10-15 жил болж байж нөхөж төлдаг. Тийм учраас тогтвортой бодлого чухал.
Манай улсын эрчим хүчний үнэ олон улсын төвшнөөс доогуур байгаа нөхцөлд гаднын хөрөнгө оруулагч Монголд 1,4 тэр бум доллар оруулаад 15 жилийн дараа өртгөө нөхөөд тогтвортой ажиллана гэдэг маш том эрсдэл. Станцууд ирээдүйд бий болох хэрэглээн дээр дахиж бооцоо тавьж мөнгө босгож байна гэсэн үг ш дээ.
Тийм учраас төр энэ эрсдэлийг даагаад суурь дэд бүтцээ түрүүлж барьж хөгжүүлэх нь төрийн бодлого байх ёстой.
Энэ утгаараа 2020 оны 4 дүгээр сарын 8-нд засгийн газрын тогтоол гарч Таван толгойн станцыг төр барихаар шийдвэрлэсэн нь манайх шиг орны хувьд оновчтой шийдвэр болсон .
Бид суурь дэд бүтэц гэж яриад байгаа эрчим хүч, төмөр замаа, замаа барихгүй бол хувийн хэвшил эдийн засгаа солонгоруулах ажлаа хийж чадахгүй. Эрчим хүчгүй бол ямар ч үйлдвэр цаашаа хөгжихгүй. Нэг үйлдвэр байгуулъя гэхэд эрчим хүчний нөөцгүй байна гэж байгаа. Тийм учраас төр үүн дээр гарцаагүй орж явах ёстой. Бусад орнууд ч гэсэн орж явдаг.
2001 оноос мөрдөж байгаа хуулинд эрчим хүчний үнэ төрийн зохицуулалттай байна гэсэн байгаа. Хамгийн бага үнэтэй нь дөрөвдүгээр цахилгаан станц, Хамгийн өндөр нь Нарны цахилгаан станц. Наран цахилгаан станцын 1 киловатт нь 475 төгрөг орчим байдаг. Ингээд бодохоор манай үнэ дэлхийтэй харьцуулахад 3-5 хямд байгаа юм.
Тиймээс цаашдаа үнийг нэг талдаа хэрэглэгчийг хэт өндөр дарамтад орохгүйгээр, нөгөө талдаа хангагч станцуудыг санхүүгийн хямралд оруулахгүйгээр зохицуулалт хийх хэрэгтэй.