Өрөг.мн сайт 2020 оны “ОНЦЛОХ 11” хүнийг нэрлэлээ. Тэдний нэг эрдэмтэн О.Мөнхсайхан. Тэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн доктор, Японы Нагояагийн их сургуулийг дүүргэсэн. Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахад манлайлан гар бие оролцож, үндсэн хуулийн үзэл санаа, шүүх засаглалын хараат бус байдал, ардчилал, хүний эрхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүнтэй өрнүүлсэн товч ярилцлагыг уншина уу.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батласан явдал сайн хэрэг. Гэхдээ гол чухал зүйл нь хэрэгжилт. Хууль хэрэгжихэд шаардлагатай 42 хуульд та оролцож байгаа. Энэ талаар яривал?
2019 оны 11 дүгээр сарын 14-нд Монгол улсын үндсэн хуульд хоёр дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь сүүлийн 20 жилийн турш гурван парламент дамжин яригдсан асуудлуудаар үндсэн хуульд тодруулга хийсэн. Орчин үед үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг их хэцүү сорилт болоод байгаа юм. Нэг талаасаа парламент өөрөө тодорхой судалгаан дээр үндэслээд нэмэлт өөрчлөлт хийчихдэг. Монгол улсын хувьд олон улсын судлаачид энэ хоёрын балансыг олсон аргаар үндсэн хуулиа өөрчилчихлөө гэж сүүлийн үед бичиж байна.
Энэ том процессийг товчхондоо юу гэж хэлэх гээд байна гэхээр мэргэжлийн хүмүүсийн шүүлтүүрээр дамжсан, олон парламент дамжиж хэлэлцэж шүүн тунгаасан,зөвшилцлийг хангасан өөрчлөлтийг амжилттай хийсэн. Энэ түүхийг өмнөх парламентууд ч бий болгосон. Өмнөх парламент өөрсдөдөө зориулж үндсэн хуулийг өөрчлөөгүй нэг онцлог байгаа. Өөрөөр хэлэх юм бол сонгуульд хэн ялах вэ гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Ийм нөхцөлд аль аль талд нь шударга байх ийм агуулгаар өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Ийм нөхцөлд үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд үүний дагуу та бүхний асуусан дагаж гарах 40 гаруй хууль боловсруулагдаад явж байгаа.
Монгол улсын үндсэн хуульд Иргэний биелүүлэх дөрвөн үүрэг бий. Үүнийг та манай үзэгчдэд сануулж хэлбэл?
Хүмүүс заримдаа ямар ажил хийх, ямар албан тушаал хаших гоё вэ гэж асуудаг. Миний хувьд ардчилсан улсын иргэн байна гэдэг нь хамгийн гайхалтай гэж боддог. Яагаад гэхээр нэг талаасаа эрх чөлөөтэй хүн байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ямар амьдралаар амьдармаар байна түүнийхээ аргыг хайх үнэт зүйлээ олох түүнийхээ дагуу зорилго тавьж амьдралаа төлөвлөх түүгээрээ амьдрах. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэж үг бий. Хувь заяаныхаа эзэн байна гэдэг ардчилсан улсын эрхээр олгогдож байгаа зүйл. Нөгөө талаар хүн болгон адил тэгш. Манай үндсэн хуулиар хүн болгоны эрхийг чухал гэж үздэг. Адилхан үнэ цэнэтэй гэж үздэг аль нэгийг нь илүүд үзнэ, ялгаварлана гэдэг зүйл байхгүй. Энэ нь өөрөө хамгийн дээд статус буюу ардчилсан улсын иргэн байх юм. Ардчилсан улсын иргэн байна гэдэг нь энэ эрхүүдээ эдлэхээс гадна хүн болгонд эрхийг эдлэхэд бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэг нэр төрийн ажил юм. Үүн дээр үндсэн хуулийн 17-р зүйлд байгаа тэр үүргүүдийн цаад санаа юу вэ гэхээр ардчилсан улсынхаа хуулийн үнэт зүйл ардчиллын зарчмуудыг хамгаалах, хүндэтгэх үүн дээр тулгуурлаж гарч ирсэн хуулийг сахин биелүүлэх гол утга эхний үүрэг дээр байж байгаа. Ингэснээр хүн болгоны эрхийг баталгаатай болгож байгаа юм.
Яг энэ батлагдсан үндсэн хуулийн үр өгөөж хэзээнээс гарах вэ? Бид хэзээнээс мэдэрч эхлэх вэ?
Заримдаа бид бүх зүйлийг сайхан болгох гэж яардаг. Манай улс ардчилсан дэглэмд ороод ердөө 30 жил л болж байгаа. Гэтэл 230 жил болсон Америк, 100 гаруй жил болчихсон Япон эсвэл Герман шиг бүх зүйл богино хугацаанд өөрчлөгдчих юм шиг хүлээлт байдаг. Гэхдээ манай улсын хувьд адилхан эхэлсэн улсуудтай харьцуулах юм бол ардчилал хүний эрхийн тал дээр сайн явж байгаа. Доогуур дундаж орлоготой 30-аад улс байдаг судалгаанд бусад улстай харьцуулахад манайх дээгүүр боломжийн явж байгаа. Хуулийн өөрчлөлт хэрэгжиж үр дүнгээ өгнө гэдэг бол доод тал нь 10 жил шаардагдана.