Өрөг.мн сайт 2020 оны “ОНЦЛОХ 11” хүнийг нэрлэлээ. Төдийлөн олны танил биш тэдний хийсэн бүтээсэн ажил, хөдөлмөр, авьяас билгийг нь хүндлэхгүй байхын аргагүй. Бидний онцолж буй Амарын Нямдаваа. Тэр мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиадад 2020 оны есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд онлайнаар оролцож, 87 орны 384 сурагчтай өрсөлдөж, Монгол улсын анхны алтан медалийг авчирсан юм. Сант сургуулийн сурагч Амарын Нямдаваа нь 2019 онд энэ тэмцээнээс мөн л Монголын анхны мөнгөн медалийг авчирч, 2020 онд амжилтаа, түүхээ ийнхүү шинэчилсэн билээ.
2019 онд мөнгөн медаль авсныхаа дараа ахин энэ тэмцээнд орж, алтан медаль авах тухайгаа хэвлэлд ярьсан байсан. Алдаагаа хэрхэн засав? Алтан медаль авахын тулд юун дээрээ анхаарч ажиллав ?
Өмнө жил мөнгөн медаль авахдаа би өөрөө хичээгээд явбал Монголын анхны алтан медалийг авч чадах юм байна гэж зориг орсон. Энэ жилийн бэлтгэлээ үргэлжлүүлээд илүү нухацтай хийсэн. Гурван бодлого таван цагт боддог, амархнаас хүнд гэх мэт хэцүү зүйлс байдаг. Тиймээс цагийн хуваарилалт менежмент дээрээ ажиллаж, энэ жилийн алтан медальд хүрсэн гэж бодож байна.
Мэдээлэл зүйн олимпиад яг ямар шалгаруулалттай, юуг нь шалгадаг, ямар даалгавар гүйцэтгэдэг олимпиад вэ?
Мэдээлэл зүйн олимпиад нь код бичнэ. Гэхдээ яг ажлын код буюу аппликейшн, вебтэй хамаагүйгээр илүү бодлогын төрөл. Зохион байгуулалт хурдыг шалгасан байдлаар бодлогууд нь орж ирдэг. Бодлогын асуудлууд нь цагтаа амжиж программчилж хариуг нь гаргах ёстой гэдэг дээр илүү төвлөрдөг.
Өөрийн чинь хувьд энэ жил мөн олон улсын математикийн олимпиадаас мөнгөн медаль авсан математикч хүн. Математик мэдээлэл зүйн олимпиадад нь ямар нөлөө, давуу тал болдог вэ?
Математик мэдээлэл зүйд их нэмэр болдог, миний мэдээлэл зүй бас математикт нэмэр болсон гэж бодож байна. Мэдээлэл зүй өөрөө бүх юмаа гараараа хийж байгаа болохоор нарийн бүх юмаа мэдэж хийхэд тус болдог гэж бодож байна.
Мэдээлэл зүй, код бичих, IT салбарын ач холбогдлын талаар яривал.
IT салбарын ач холбогдлын хувьд бидний амьдралд томоохон хамааралтай болчихсон. Гар утаснаасаа интернет ороход л бүх зүйлс IT –тай хамаатай байна. Цаашаа хэд хэдэн зүйл дээр төвлөрдөг. Эхнийх нь хүмүүсийн гараараа, цаасаар хийдэг зүйлийг компьютерт оруулаад хэд дахин хурдтай хийж ажилладаг болсон. Дараагийнх нь нарийвчлал дээр их төвлөрдөг. Жишээ нь эмнэлгийн хувьд мэс засал хийхэд хүний гараар хийвэл алдаа гарах магадлалтай. Компьютер бол миллиметрээс ч илүү их нарийвчлалтай бүх зүйлээ хийх боломжтой байдаг. Энэ мэт зүйлсээр мэдээлэл зүй хүний амьдралд их тус болдог гэж бодож байна.
Мэргэжлээ сонгочихсон, энэ чиглэлээрээ явах нь тодорхой болчихсон уу?
Энэ чиглэлээрээ явна гэхдээ энэ нь бас дотроо олон задардаг яг аль нь гэдгээ хараахан шийдээгүй байна.
Олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн нь дэлхийн шилдэг сургуулиудад сурахад давуу тал болох уу?
Мэдээж давуу тал болно.
Математик, мэдээлэл зүй сонирхож байгаа хүүхдүүдэд зөвлөгөө туршлагаасаа хуваалцвал. Жишээ нь заавал томьёо цээжлэх ёстой байдаг уу? Эсвэл тухайн томьёоны хэрхэн бий болсон бүтцийг нь мэдэх нь чухал байдаг уу?
Миний хувьд томьёогоо цаашаа бүх юм нь яагаад ийм байгааг нь ойлгох нь зөв гэж бодож байна. Мэдээлэл зүй дээр өөрөө бүх зүйлээ гараараа хийж байгаа болохоор өөрөө бүх зүйлээ мэдэхээс аргагүй байдаг. Энгийн математикийг нэг хүн олон дахин хийгээд байхад сурчихна. Гэхдээ энэ олимпиадын зүйлсийг хэдэн жил хийгээд шууд лаг болчихгүй. Илүү өөр төрлийн сэтгэлгээний зүйлсийг нь шалгадаг. Заавал бусад хүүхдүүд шиг багаасаа хийх ёстой юм байна гэж ойлгох хэрэггүй.
Математикийн олимпиадаас алтан медаль авсан О. Мишээлтэй ярилцаж байхад тоо бодох нь агуй дотор явж байгаа мэт мэдрэмж, бодлууд төрдөг гэж байсан. Та зүйрлэвэл?
Бүх юмаа гараараа бүтээгээд. Нэг мөр мөрөөр нь бичиж байх нь хамгийн сайхан. Яг өөрөө бүх зүйлийг бүтээн байгуулж байгаа мэт санагддаг. Миний анзаарснаар хүүхдүүд мэдээлэл зүйн олипиадийг бараг мэддэггүй. Би өөрөө ч 9-р ангидаа манай сургуульд олимпиадийн чиглэлээр заана гэсэн багш ирж сонссон. Манай Монголын хүүхдүүд сайн мэддэггүй болохоороо тэмцээнүүдэд ордоггүй. Мэдээлэл зүйд Хятад, Орос, Америк улсууд тогтмол сайн оролцдог гэж хэлж болно.
2020 оныг ардаа үдэх гэж байна. Ар гэр, найз нөхөд, хамт олон, олон хүмүүст мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна.
Миний амжилтад хүрэхэд тусалсан аав ээж, найз нөхөд, багш нартаа талархлаа илэрхийлж байна. Та бүхэнд намайг урьж оролцуулсанд баярлалаа. Хүн бүрд цааш цаашдынх нь ажилд амжилт хүсье.