Өрөг.мн сайт 2020 оны “ОНЦЛОХ 11” хүнийг нэрлэлээ. Төдийлөн олны танил биш тэдний хийсэн бүтээсэн ажил, хөдөлмөр, авьяас билгийг нь хүндлэхгүй байхын аргагүй. Тэдний нэг олон улсын математикийн 61 дүгээр олимпиадийн аварга, Дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй “Шинэ Монгол” сургуулийн сурагч Отгонбаярын Мишээл.
Өнгөрч буй оны 9-р сарын 21,22-ны өдөр олон улсын математикийн олимпиад цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, 105 орны 610 хүүхэд оролцон, Монгол улсаас О.Мишээл алтан медаль, М.Өнөболд, А.Нямдаваа мөнгөн медаль, Б.Хантүшиг хүрэл медаль хүртэж багаараа 29-р байранд орсон амжилт үзүүлсэн юм. Харин О.Мишээлийн хүртсэн алтан медаль нь Монгол улсын дөрөв дэх алтан медаль юм.
Монголын математикийн олимпиадын хорооны шигшээ багийн гишүүн, математикч сурагч О.Мишээлийн товч ярилцлагыг үзэгч та дээрх холбоосоор үзэж, ярилцлагыг хамт уншина уу.
ӨРӨГ.МН САЙТЫН ШИЙДВЭРЭЭР ОНЦОЛЖ БУЙ О.МИШЭЭЛ
Алтан медаль авснаа хаана, хэрхэн мэдэж байв? Тэр баярт мөчийн мэдрэмжээ бидэнтэй хуваалцаач.
Алтан медаль авснаа орой дүн нь сайтад гарахад мэдсэн. Гэрийнхэнтэйгээ буюу аав ээж хоёр дүүтэйгээ байсан. Хоёр дүү маань жаахан учраас сайн ойлгоогүй. Аав ээж маань их баярласан.
Олон олимпиадад бага, дунд ангиасаа оролцож, олон медаль авч байсан болохоор алтан медалийн мэдрэмж байсан байх?
Тийм. Гэхдээ тэмцээний зэрэглэлийн хувьд 2020 онд авсан алтан медаль нь чансаа өндөр учраас илүү гоё байсан.
Олимпиадад бэлдээд дараа нь олимпиаддаа ороод дууссаны дараа амарсан мэт санагддаг байсан гэж ярьсан байсныг уншсан. Тэр нь сэтгэл зүйн хувьд уу?
Тийм. Ер нь олимпиадуудад ороход сэтгэл зүй маш чухал. Бэлтгэл хийсэн хугацааны хажууд олимпиад маш бага хугацаанд болоод өнгөрч байгаа. Тэр богино хугацаандаа хамгийн үр бүтээлтэйгээр өөрийгөө харуулж чадах нь чухал. Тиймээс сэтгэл зүйгээ тааруулж чадахгүйгээс болж сул оролцох тохиолдол байгаа.
Математикийн юу нь сэтгэлийг нь хөглөж, сонирхлыг нь татаж байдаг вэ?
Математикийн бодлогууд дундаа IMO –ийн бодлогуудыг бодож, урагшлахын тулд заавал ямар нэг зүйл олж харах ёстой. Алхам болгонд, үр дүн гаргах болгонд санаа хэрэгтэй байдаг. Тэр болгондоо шинэ зүйл олж харж байгаа юм шиг сэтгэл ханамжтай мэдрэмж төрдөг. Нөгөө талаас олон юм олж хараад яваад байгаа юм шиг мөртлөө нэг газар очоод гацчихдаг. Тэр үед хана мөргөж байгаа юм шиг мэдрэмж ч бас авдаг. Яг л агуйгаар явж байгаа мэт санагддаг.
Бодох арга барил хүн бүрийнх өөр байдаг уу?
Арга барил хүмүүсээсээ мөн бодлогоосоо хамаарна. Зарим төрлийн бодлогуудыг бол нэг л аргаар боддог. Тэрийг нь хүн бүр мэддэг ч юм уу. Зарим бодлогыг ямар замаар авч үзэж байна, ямар замаар ойртож байна, тэрүүгээрээ хүн бүр өөр өөрөөр харна. Түүнээс үүдэж бодлого шийдэгдэх эсэх нь бас хамаарна. Тэгэхээр өөр өөр зам туршиж үзэж чаддаг байх ёстой, өөр өөр зам мэддэг байх ёстой.
Математикчдийн бодож чадаагүй бодлогуудыг бодохоор оролдож үзэж байв уу?
Тиймэрхүү бодлогуудын асуултыг ч ойлгоход хэцүү байдаг. Одоогоор тэр бодлогуудын асуултууд дээр миний мэдлэг хүрэхгүй байгаа.
О.МИШЭЭЛ ОЛИМПИАДАД ИРСЭН НЭГ БОДЛОГЫГ ҮЗЭГЧДЭД БОДОЖ, ТАЙЛБАРЛАЖ ҮЗҮҮЛСЭН ЮМ. БОДЛОГЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ БИЧЛЭГЭЭС ҮЗНЭ ҮҮ.
Олимпиадад нь хэдэн бодлого ирж байсан бэ?
Гурван бодлого ирдэг.
Бүх бодлогоо бодсон уу?
Эхний өдөр гурван бодлогоо гурвууланг нь бодсон. Хоёр дахь өдөр гурван бодлогынхоо хоёрыг бодсон.
Хүчтэй өрсөлдөгчид Азиуд байдаг уу?
Тийм, Хятадууд байдаг.