Ковидын үед шийдвэрүүдийн тодорхой бус нөхцөл байдлаас болж нийслэл рүү орж чадалгүй шинжилгээний хариугаа хүлээсээр хоёр иргэн харамсалтайгаар нас барлаа,дөрвөн иргэн спиртний хордлогоор амиа алдлаа.
УОК шийдвэрүүдээ судалгаан дээр тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж чадаж байгаа юу?
Шийдвэрүүддээ хүний эрх, ардчилсан байдлыг хэрхэн тусгаж байгаа вэ? зэрэг асуудлыг хөндөж "Өрөг хэлэлцүүлэг" энэ удаа “Ковидын үеийн тодорхой бус нөхцөл байдлууд иргэдэд хэрхэн хохирол учруулж байгаа вэ?” сэдвээр хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн зочноор :
1. Б.Ууганбаяр
УОК-ийн гишүүн, Онцгой байдлын дэд дарга, хурандаа
2.Ц.Оюунгэрэл
УИХ-ын гишүүн асан
3. Г.Дарамбазар
УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн
4. Н.Өнөрцэцэг
Зариг.мн сайтын эрхлэгч
5. Б.Отгонтөгс
Эдийн засагч
Онцлох ишлэлээс хүргэе:
УОК-ийн гишүүн, Онцгой байдлын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр
"УОК-оос шийдвэр гаргахдаа мэргэжлийн байгууллагын санал дээр тулгуурладаг"
- Зохион байгуулалтад орох тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа болохоос дэвэрч яваад л шийдвэр гаргаад байгаа юм биш. ХӨСҮТ-ээс өгч буй мэргэжлийн зөвлөмжүүд бол үндсэн шийдвэр гаргах тулгуур юм. Тиймээс дур мэдэж шийдвэр гаргадаг зүйл огт байхгүй. Тусгаарлах хуудасны тухайд гэвэл Европын орнуудад халдвар авсан айлын хөршүүд рүү нь холбогдож мэдээлэн, анхаарал болгоомжтой байхыг зөвлөдөг. Энэ нь халдвараас урьдчилан сэргийлэх, тархаахгүй байхын нэг хэлбэр юм. Олон нийтийн сүлжээнд тархаж буй мэдээлэл өрөөсгөл ойлголтыг түгээх нь цөөнгүй. Гамшгийн үед тохиолдох хэд хэдэн хүндрэл бэрхшээл байдгаас хэвлэл мэдээллийн байгууллага гадна талаас хүндрэл учруулсан тохиолдол байдаг.
- Эрдэмтдийн зөвлөл дөнгөж саяхан байгуулагдсан юм биш. Шадар сайд асан Ө.Энхтүвшин, одоогийн шадар сайд Я.Содбаатар нар маш олон удаа салбар салбарын эрдэмтэдтэй уулзаж коронавирустэй тэмцэх арга зүйн талаар ярилцаж байсан юм.Хариу арга хэмжээг төлөвлөгөөн дээр тулгуурлаж зохион байгуулж байна. Төлөвлөгөөг шадар сайд, Эрүүл мэндийн сайд баталсан байдаг. Коронавирустэй тэмцэх үйл ажиллагаа гурван үе шаттай хэрэгжиж байгаа. Үе шаттай гаргасан төлөвлөгөөг олон нийтэд мэдүүлэх ажиллагаан дээрээ цаашид анхааръя.
- Хийж буй ажлыг төгс төгөлдөр байх ёстой гэж хэзээ ч бодож болохгүй. Ганцхан Монгол улс гэлтгүй дэлхий нийтээрээ энэ вирустэй хэрхэн тэмцэх талаар суралцсаар л явна. Дутагдаж байгаа зүйлээ “байхгүй” гээд хаацайлаад байвал бидний ажил урагшаа явахгүй. Хөндлөнгийн хүмүүсийн санал шүүмжийг хүлээн авч хийж буй ажлуудаа улам сайжруулахыг бодно.
- Нэг сувгаар мэдээллэнэ гэдэг нь олон нийтийг аль болох нэгдсэн ойлголтод хүргэх, эрсдэлээс сэргийлж буй арга хэлбэр.
- “Энхсаран” тусгаарлах байрны тухайд гэвэл одоогоор дүн шинжилгээ хийж байна. Тэнд Хятад хүмүүсийг байрлуулаагүй. Үүнийг шуурхай штаб дээр хийж буй хуваарилалтаас харж болно. Тусгаарлах байранд архиддаг, хөзөрддөг өчнөөн асуудлыг хөндөж хэлсэн.Эдгээр алдаа дутагдлыг олон нийтрүү хандаж хэлснээрээ гоншгоносон хурандаа гэх нэрийг зүүгээд явсан. Тусгаарлалтад байгаа иргэдийг эмх журманд оруулахын тулд асуудалд системтэгээр хандах шаардлага гардаг. Ингээд хөөцөлдөөд явахаар явж явж хуулин дээрээ ирээд гацчихдаг. Миний хувьд прокурорын байгууллагатай хамтарч ажиллах саналыг УОК-оос удаа дараа тавьсан.
- Халдвар хамгааллын дэглэмийг сахиулна гэдэг тийм хялбар ажил биш. Арван сарын хугацаанд шуурхай штабыг удирдаад ажиллахдаа маш олон зүйлийг хийж байна. Өнөөдрийн байдлаар нэгэн лүүгээ буруу өгч дайрах нь зохимжгүй. Бүх асуудлаа “төр” гэдэг зүйл дээр тохох гээд байгаа бол, төр чинь өөрөө ард түмэн шүү дээ. Нийтээрээ коронавирустэй тэмцэж, хэрвээ алдаа оноо байх юм бол хамтдаа хариуцлага хүлээнэ.