21-р зуунд Монгол улс өмнөд хөрш БНХАУ-тай сайн хөршийн, харилцан итгэсэн найрсаг харилцааг хөгжүүлж, энэ нь улмаар стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгаа билээ. Хоёр улсын харилцаа бүх салбарт, түүний дотор түүхийн шинжлэх ухааны салбарт амжилттай хөгжиж байгаа ч, зарим нэг асуудал оршсоор байна. Тухайлбал, “Монгол Улс бол Хятадын алдагдсан нутаг юм” гэсэн үзэл бодол, байр суурь БНХАУ дахь түүхийн судалгаануудад олон тохиолддог. Жишээлбэл,
- Бээжингийн Үндэстний их сургуулиас эрхлэн гаргасан “Хятадын хөрш улсуудын танилцуулга” (1994) номын “Монгол Улс” бүлгийн түүхийн хэсэгт “Монголын тал нутаг бол Хятадын нэг хэсэг, Гадаад Монгол хэмээн нэрлэнэ” гэжээ.
- Судлаач Лю Вэй 2006 онд “Гадаад Монгол бол Хятадын газар нутаг, гэвч ХХ зууны эхэнд гадаад ба дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр, ялангуяа Хаант Орос улсын бодлогоор Гадаад Монголын улс төрийн байдалд хэд хэдэн цуврал өөрчлөлт гарч тусгаар тогтносон” хэмээн бичиж байна.
- 2009 онд хэвлэгдсэн “Хятад- Оросын харилцааны түүх ба бодит үнэн” хамтын бүтээлд судлаач Сунь Цайшүнь “Гадаад Монголын тусгаар тогтнолын асуудлыг Хятадын түүхийн судалгаанд удаан хугацааны турш хөндөхгүй орхидог байсан нь түүхийн судалгааны биш, харин улс төрийн асуудал байсанд оршино. Өнөө үед Монгол Улс нэгэн бүрэн эрхт улс болон тогтнож, даруй 60- аад жил өнгөрсөн тул бид зүй нь үүнийг түүхийн нэгэн чухал асуудал болгон үзэхээс гадна реалист задлан шинжилгээ хийж, үүний хамт Чингийн асуудлын мөн чанарыг таних ёстой” гээд үргэлжлүүлэн “Гадаад Монголын тал нутаг бол Хятадын(中国) нутаг дэвсгэр” гэж бичжээ.
Энэ бол БНХАУ-ын эрдэмтэд Монгол Улсын өнөөгийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч буй боловч, энэхүү бүрэн эрхт байдал нь Хятадаас салж тусгаар тогтносны үндсэн дээр бий болсон бүрэн эрхт байдал юм гэсэн үзэл билээ. Монголын түүхчид Хятадын энэ үзлийг хэзээ ч, нэг хором ч хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд цаг үргэлж баримтад үндэслэн няцаалт хийж, Монгол бол эртний түүхтэй тусгаар үндэстэн гэдгийг түүх, археологи, антропологи, хэл шинжлэл зэрэг шинжлэх ухааны баримтуудаар нотолж ирсэн. Ингэхдээ монголчууд өөрт буй түүхийн баримтуудаа хатуу цензуртайгаар нягталж, хятадын үзэл бодолд дам байдлаар ашиглагдаж болохуйц баримтууд бий эсэхийг шалган үздэг, хэрэв байвал тухайн баримтад заавал урьдчилан зохих тайлбар хийх уламжлал манай эрдэмтдийн дунд зохих хэмжээнд тогтсон билээ. Хятадын түүхчид “Монгол бол Хятадын алдагдсан нутаг” гэдэг үзлээ шууд нотлох баримт байдаггүй тул дам нотолгоо болж чадахуйц баримтуудыг ямагт эрэн хайж, судлан цуглуулж байдаг. Энэ үйл ажиллагаанд нь хамгийн чухал холбогддог баримтууд бол Манж Чин улсын үеийн Монголын түүхийн архив юм. Учир нь, хятадууд Манж Чин улсыг Хятадын нэг династи гэж ил тодоор үздэг бөгөөд Манж Чин улсын хууль ёсны өв залгамжлагч нь Хятад улс мөн гэдэгт хятадууд эргэлзээгүй итгэдэг. Иймээс монголчууд Манж Чин улсын харьяанд байх үеийн баримтуудыг хятадууд онцгой анхаарч, энэ талаарх баримтын нөөцөө баяжуулахыг эрмэлздэг. Энэ бол Хятадын стратегийн үйл ажиллагаа.
Монгол дахь ажиллагаа
Монгол-Хятадын соёлын харилцаа ХХI зуун гарснаас хойш хурдацтай хөгжиж эхэлсэнтэй уялдан шинжлэх ухааны хамтын ажиллагаа 2010 оны үеэс эрчимжив. Монгол-Хятадын түүхчид Монгол Улсын Үндэсний Төв Архивт хадгалагдаж буй Манж Чин улсын үеийн Хүрээ сайдын хөмрөгийг судалж, хамтарсан эмхэтгэл туурвих тухай гэрээг 2011 оны 1-р сарын 13-нд байгуулжээ. Уг гэрээ нь академик шинжтэй бөгөөд Хүрээ сайдын хөмрөгийн баримтуудаас сонгон авах ажлыг Монголын тал хариуцах, Хятадын тал хэвлүүлэх тал дээр санхүүжилт гаргахаар тохирсон. Агуулгаас үзвэл, Хятадын талд ямар нэгэн их хэмжээгээр баримтын хуулбар шилжүүлэх тухай заалт байхгүй төдийгүй, хэвлүүлэх зардлыг Хятадын тал гаргах үндсэн дээр баримтын эмхэтгэлийг Монгол Улсад ч хэвлүүлэх боломжтой байв. Тус гэрээнд Монголын талаас тухайн үеийн АЕГ-ын дарга Д.Өлзийбаатар, Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, БНХАУ-ын талаас Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газарзүйн судалгааны төвийн (одоо нэрээ Хил хязгаарын түүхийн судалгааны хүрээлэн хэмээн өөрчилсөн) захирал Ли Шэн нар гарын үсэг зурсан байна. Энэ гэрээ байгуулахтай зэрэгцэн Ли Шэн тэргүүтэй Хятадын судлаачид Монголын судлаачдыг Хятадын Бээжингийн 1-р архивт орж ажиллах, улмаар их хэмжээний баримт хуулбарлан авахад бүх талын туслалцаа үзүүлэхээр аман тохиролцоо хийжээ.
Хүрээ сайдын хөмрөгийн тухай гэрээг хэрэгжүүлэхээр хятадын судлаачид 2012 оны 1-р сард Монголд ирж, МУҮТА-ын сан хөмрөгт ажиллах үеэр хоёр улсын эрдэмтдийн академик хамтын ажиллагаа өөрчлөгдөж, “Монгол Улсын Үндэсний Архивын “Хүрээ сайдын хөмрөг”-ийн баримт бичгийн эмхэтгэлийг Монгол-Хятад хоёр тал хамтран, эмхэтгэн хэвлүүлэх тухай гэрээ”-г шинээр байгуулав. 2012 оны 1-р сарын 15-нд байгуулсан энэ шинэ гэрээнд Хүрээ сайдын баримтын бүх дансыг зурган хэлбэрээр хэвлэхээр тохирч, Хятадаас Монголын талд тоног төхөөрөмж ба ажлын хөлсөнд 900,000 юань өгөхөөр болжээ. Уг гэрээгээр, эмхэтгэлийн цахим эх нь Монголд үлдэх бол, цахим эхийн хуулбарыг хятадын талд шилжүүлэн өгөх болов. Энэ гэрээ академик бус, Монголын түүхчдийн оролцоог багасгасан, Хятадын стратегийн зорилтод үйлчилсэн гэрээ болов. Уг гэрээг шинэчлэн байгуулах үеэс эхлэн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулууны оролцоо эрс нэмэгдэж, мөн түүнчлэн Хятадын талын удирдагч Ли Шэнгийн хүчин чармайлт үүнд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Барьцаа
Гэвч удалгүй шинэ байгуулагдсан гэрээ Монголын нийтэд ил болж, шуугиан дэгдэв. Энэ үеэр Монголын тал Хятадын талд хандан Хятадын Бээжингийн 1-р архив дахь Монголын холбогдолтой түүхийн баримтуудыг авахыг шаардаж, Хүрээ сайдын төслийг саатуулав. Мөн АЕГ-ын дарга Д.Өлзийбаатар ажлаасаа гарав. Энэ талаар Хятадын Хил хязгаарын түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Онон: “Архивын Ерөнхий Газрын дарга Д.Өлзийбаатар 2013 онд ажлаасаа халагдсанаар энэхүү төсөл түр зогсолтын байдалд орсон. Д. Өлзийбаатар халагдсаний дараа Монголын тал Хятадын талд өөрийн улсын архивын материалаа нээлттэй болгосон ч Хятадын тал 1-р архивын газар зэрэг газар хадгалагдаж байгаа архивын баримтаа ил болгоогүй хэмээн хавиралдаж Хятадын судлаачдыг энэ асуудлаар айлчлахыг хязгаарласан” хэмээн ярьжээ. Хятадууд архивын баримт өгөхөөс шалтаг тоочин татгалзаж эхлэв.
Хятадын тал энэ үеэр мөн үймж, Хятадын талын төслийн удирдагч Ли Шэн 2016 онд ажлаасаа халагдаж, улмаар хэвлэхэд бэлэн болоод байсан бүх материалуудыг дахин хяналт шалгалтаар оруулжээ. Төслийн хүрээнд нийт 1280 ботийг хэвлүүлж гаргахаар төлөвлөсөн ч үүнийг хасч багасгасан 600 ботийг хэвлүүлэх болсон байна. Энэ нь Монголд өрнөсөн шуугианаар шалтаглан Хятадын тал бүрдүүлсэн материалаа Монголын түүхчдийн оролцоогүйгээр, өөрийн үзэмжээр нягталсан хэрэг юм. Гэвч Монголын талын зөвшөөрөлгүйгээр үүнийг хэвлүүлж чадахгүй байв. Монголын түүхчид Бээжингийн 1-р архивт буй Монголын түүхэнд холбогдох их хэмжээний архивын баримтыг хуулбарлаж авах боломжоо алдахгүйн тулд Хүрээ сайдын төслийг зогсоох замаар барьцаалах ганц л арга үлджээ.
С.Чулууны үйлчлэл
Гэтэл гэрээнд Монголын талаас гарын үсэг зурсан хоёр хүний нэг С.Чулуун саатсан төслийг удирдан хөдөлгөж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд 2017 онд Хүрээ сайдын 20 боть хэвлэгдэн гарав. 2017 оны 12-р сарын 13-нд Бээжин хотод С.Чулуун, Лишэн нар уулзаж, төслийн нөхцөл байдал ба цаашдын арга хэмжээгээ ярилцаж тохирчээ. С.Чулуун өөрийгөө төслийн Монгол талын удирдагч гэж танилцуулаад, төсөлтэй холбогдуулан Монгол улс дахь байдлыг мэдээлж, “Таагүй мэдээ гарч байсан бол одоо бүгд гайгүй болсон. Төслийг өндөр үнэлж байна” хэмээн мэдэгджээ. С.Чулуун “АЕГ-ын дарга солигдсон тул төслийн багийг өөрчлөх ёстой” гэсэн бол Ли Шэн хариуд нь “Гэрээг өөрчлөх тохиолдолд үндсэн агуулгыг өөрчлөхгүй” гэж хэлсэн ба энэ нь гэрээний Хятадын талд нэн ашигтай, Монголын талд ямар ч үр дүнгүй заалтуудыг хэвээр мөрдөх ёстой гэсэн үг юм.
Тус уулзалтаар төслийн дараагийн 50 ботийг 2018 оны 6-р сард багтаан хэвлүүлэхээр тохирсон байна. Монголын талын төслийн анхны удирдагч Д.Өлзийбаатар болон төслийн ажлын хэсгийнхний зорьж байсан Хятадаас баримт авах асуудлыг С.Чулуун тус уулзалтандаа огт сөхсөнгүй, энэ талаар шаардлага тавьсангүй. Одоо ч энэ төсөл үргэлжилсээр байгаа бөгөөд С.Чулуун энэ төслөөс гадна Үндэсний Номын Сан дахь Өндөр гэгээний намтруудыг фото хэлбэрээр Хятадад илгээн хэвлүүлэх (Монгол Улсад хадгалагдаж байгаа Өндөр гэгээний намтрууд энэ 2020 онд ӨМӨЗО-д фото хуулбараар хэвлэгдсэн) зэргээр эрдэм шинжилгэний хамтын ажиллагаа нэрийн доор Хятадын бодлогын судалгаанд ашиглагдаж болохуйц Монгол Улс дахь түүхийн бичмэл баримтуудыг Хятад руу гэрэл зургийн аргаар хуулбарлан илгээх үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлж байна. Хятадаас архивын баримт авах гэсэн Монголын түүхчдийн ажиллагаа бүтэлгүйтэж, “бэлэг” болон хувирав.