Ковидын үед шийдвэрүүдийн тодорхой бус нөхцөл байдлаас болж нийслэл рүү орж чадалгүй шинжилгээний хариугаа хүлээсээр хоёр иргэн харамсалтайгаар нас барлаа, дөрвөн иргэн спиртний хордлогоор амиа алдлаа.
УОК шийдвэрүүдээ судалгаан дээр тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж чадаж байгаа юу?
Шийдвэрүүддээ хүний эрх, ардчилсан байдлыг хэрхэн тусгаж байгаа вэ?
зэрэг асуудлыг хөндөж Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “ Ковидын үеийн тодорхой бус нөхцөл байдлууд иргэдэд хэрхэн хохирол учруулж байгаа вэ?” сэдвээр хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн зочноор :
- Б.Ууганбаяр
УОК-ийн гишүүн, Онцгой байдлын дэд дарга, хурандаа
- Ц.Оюунгэрэл
УИХ-ын гишүүн асан
- Г.Дарамбазар
УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн
- Н.Өнөрцэцэг
Зариг.мн сайтын эрхлэгч
- Б.Отгонтөгс
Эдийн засагч
Онцлох эшлэлээс хүргэе:
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл:
Ковидын үед төр өөрөө хүний эрхийг зөрчиж байна
Тахлын үед хоолгүй байгаа иргэддээ зориулсан фүүд банк ч гаргаагүй байгаа нь харамсалтай
- Хатуу хөл хорионы үед халуураад байгаа дөрвөн сартай хүүхдээ эмнэлэгт хүргэх гэхэд нь цагдаа машинтай явуулаагүйгээс гурван км газар алхаж эмнэлэг орсон зэрэг тохиолдол гарсан. Энэ мэт ил болоогүй олон тохиолдол гарч байгаа байх. Ямар ч тохиолдолд хүн эрүүл мэндийн үйлчилгээг нэн даруй авах эрхтэй. Энэ тохиолдолд хүүхдийн эрх ч зөрчигдөж байна. Хөл хорионы шийдвэрүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэн даруй авах эрх зөрчихдөхүйц нөхцөл байдлыг бий болгоод байна.
- Энэ бол нэг хоёр цагдаагийн гаргаж байгаа зөрчлөөс илүү системийн зөрчил. Шийдвэрүүдээ гаргахдаа үүсэж болох хүний эрхийн үр дагавруудаа яаж арилгах вэ? гэдгийг системтэйгээр төлөвлөөгүй нь харагдаж байна. -Хурдан шуурхай зогсоох, нам зогсоох цэрэгжсэн даалгавар өгөөд сурчихсантай холбоотой. Ковидын үед аль орон цэрэгжсэн командаар тэмцэж байна. Аль орон цэрэгжсэн ч иргэнлэг шийдвэрүүд гаргаж байгаа нь бидэнд ил харагдаж байна. Япон, Тайвань, зэрэг иргэншсэн орнууд иргэнээ бодсон шийдвэрүүд гаргаж ковидыг даван туулж байгаа жишээ олон.
- Манай улсын хамгийн ноцтой хүний эрхийн зөрчил бол төрөөс хамааралтай төлөвлөлт хийсэн иргэд байна. Жишээ нь Франкфуртээс бид очиж авна бэлэн байгаарай гэж зарлачихаад нислэг хийхээ болилоо гэдэг бол байж боломгүй, хүний эрхийн том зөрчил. Ирж авна гэдгийг нь сонсоод хүний нутагт байгаа хүмүүс орон гэрээ зараад, ажилгүй болчихоод, бүх юмыг эцэслэн тооцоолоод, мөнгөө төлөөд онгоцоо хүлээгээд сууж байгаа.
- Иргэн өөрөө төлөвлөөд, өөрийнхөө эрхийг өөрөө хамгаалаад төлөвлөөд байхад нь төр түүнийг нь нурааж байгаа нь ноцтой асуудал.
- Онцгой нөхцөл байдлын үед бид хуулиараа ч тэр, эрүүл мэндээ бодоод, уламжлал ёсоо бодоод нэг захиргаан дор, нэг командаар явах нь хамгийн эрсдэл багатай. Нэг команд гэдэг нь УОК-ийн шийдвэрээр улс орноороо хөдөлж байна гэсэн үг. МУ-ын иргэдийн боловсрол өндөр байна. Хууль эрх зүй, төрөө дээдлэх соёл нь маш өндөр байна. Харин иргэдийн энэ өндөр соёл дээр үндэслээд УОК-ийнхон, шийдвэр гаргагчид хөгжмөөр байна. Коммунизм руу орчихгүй, , хүний эрхийг дээдэлсэн шийдвэр гаргаж байх хэрэгтэй. Манай Ерөнхий сайд, УОК-ийнхон Шинэ Зеландын ерөнхий сайдын ажилласан туршлагыг судлаач ээ гэж зөвлөмөөр байна. Шинэ Зеланд дотроо халдвар алдсан, нам дарсан. Бүх бизнес, эдийн засаг нь хөгжөөд явж байна. Шинэ Зеландын яг тэр туршлагаар явж байгаа улс бол Шинэ Зеландын ерөнхий сайд эмэгтэй бол үнэхээр ардчилсан удирдагч. Гаргаж байгаа бүх шийдвэр, төлөвлөгөөгөө тогтмол тайлбарладаг. Бид ийм төсөлд тэдэн төгрөг баталлаа. Энэ баталсан мөнгө маань ЖДҮ-д хүрэхгүй, гэхдээ бид сонгож авахдаа яг энэ сегментийг сонгож авсан яагаад гэвэл энэ сегмент нь хөдөлж байж дараа дараагийн сегмент нь хөдлөх учраас эхлээд бид үүнийгээ дэмжихээр шийдсэн гээд бүх шалтгаануудыг тайлбарладаг. Гаргаж байгаа мөнгө болгоныхоо шалтгаануудыг ил тод тайлбарладаг. Тэгээд үргэлж лайв хийдэг. Тэгээд ганцхан командаар хөдөлж байгаа иргэд чинь шууд ойлгоод эхэлнэ гэсэн үг. Манай удирдагч нарт ийм манлайлал дутаад байна.
- Бид дуртай даа биш, угаасаа хуулиндаа захирагддаг соёлтой ард түмэн учраас төрийн шийдвэрт захирагдаад байгаа юм. Яг ардчилсан манлайлагч нар ардчилсан аргаар манлайлал хэрэгжүүлэх юм бол хүмүүс бүр дуртай нэг удирдлагад захирагдана.
- Цар тахлын үед хүний эрхийн суурь эрх хамгийн их зөрчигдөж байгаа талбаруудаа эхлээд барьж аваасай гэж бодож байна. Сарын дараа гэхэд төлбөрийн чадвартай аж ахуй нэгжүүд үлдэхгүй нь гэж харагдаж байна. Тэгэхээр ажилгүйдэл ихсэж, өлсгөлөн гэж том асуудал өвчний хажуугаар үүсэх гээд байна. Энэ бол хамгийн том хүний эрхийн зөрчил.
- Үүн дээр фүүдбанк буюу хүнсний хандивийг аль эрт байгуулаад төлөвлөчихсөн байх ёстой. Ковид дөнгөж эхэлж байх үед би фүүдбанкаа байгуулаач ээ гэж дуугарч байсан.
- Төр фүүд банк гаргахгүй бол иргэд санаачлагаараа хүнсний хандив цуглуулж айлуудад тарааж өгнө. Төлөвлөгдөөгүй энэ маршрут нь халдварын эрсдэл болох магадлалтай. Хүн амын хэдэн хувь нь өдрийн орлогоороо амь зууж байгаа билээ гэдэг тоогоо гаргаад тусламжаа бэлдчихсэн байх ёстой.
- Бүр цааш нь яривал уут, шуудайтай хүнс аваачиж өгөх бус карт гаргах ёстой. Гэтэл манайд фүүд банкаа яаж ажиллуулах төлөвлөгөө ч алга.
- Энд ярихгүй өнгөрч болохгүй нэг сэдэв бол сурч боловсрох эрх цар тахлын үед зөрчигдөж байна. Интернетгүй, утасгүй, компьютергүй айлын хүүхдүүд яаж сургуулиа гүйцэж авах юм бэ? Тэгэхээр WIFI- уудыг гэр хорооллоор үнэ төлбөргүй тавиад өгөх ёстой. Тэгээд дата шаардахгүйгээр хүүхдүүд гэр дотроо ямар төхөөрөмж байна тэрүүгээрээ боловсролоо олох хэрэгтэй. Америкт жишээлбэл гэр орондоо өөрийн гэсэн ай- падгүй бүх сурагчдыг падаар хангасан. Тэгж байж бүх сурагчид боловсролын хоцрогдолгүй болно. Тэгэхэд манайд падаар хангаж чадахгүй гэхэд Wifi-аар хангах хэрэгтэй.
- Ерөнхийдөө энэ суурь эрхүүд зөрчигдөж байгаа нь маш их ужгирч байна. Ужгирч байгаа суурь эрхүүдийг хангах тэр суурь эрхүүдийн талаар төлөвлөгөө гаргахгүй бол болохгүй. Дараа дараагийн шатанд Вакцин ойртсон үед вакциныг яаж тэгш хүртээмжтэй хүргэх вэ? гэдэг эрх яригдана.
- Мөн цар тахлын үед нэгнийгээ өвчтэйгээр нь ялгаварлан гадуурхахгүй байх. Хэн нэгэн өвчтөнийг буруутнаар цоллоод эхэлбэл өвчтэй хүмүүс өвчтэйгөө нуугаад, нууснаас болоод аюул илүү их тардаг. Тэр өвчтэй байгаа хүнийг хэдий чинээ хүндэлж харицана, төдий чинээ нийгэмд гарч ил тод би ингэж эдгэлээ гэж нэгэндээ уриална.