Энэ сарын 29-нд Сэлэнгэ аймгаас 10 настай ихэр охидын нэг “тархины цус харвалттай” гэсэн оноштойгоор 22-ын товчоон дээр ирсэн. Хөдөө орон нутгаас хот руу ирж буй иргэн бүрээс PCR шинжилгээ авч байж нэвтрүүлэх шаардлагын дагуу охиныг 22-ын товчоон дээр 24 цагийн турш саатуулсан байдаг. Улмаар охины биеийн байдал хүндэрч маргааш өглөө нь амиа алдсан юм.
Энэ талаар талийгаач охины ар гэрийн хүнээс авсан тодруулга яриаг хүргэж байна.
Иргэн У: “Хэдийгээр охин харвалт өгсөн ч гэсэн ухаан санаа нь эрүүл. Үе үе унтаад сэрэхдээ маш их даарч байгаагаа аав ээж хоёртоо хэлж байсан. Ингээд түргэний машинтай 22-ын товчоон дээр ирэхэд нэвтрүүлээгүй. Аргаа ядахдаа бид энэ асуудлаар сайтад мэдээ тавиулна гэхэд постон дээр хяналт хийж буй хүмүүс, “За яах вэ, хотод хүлээж авах эмнэлгээ та нар өөрсдөө олчихвол нэвтрүүлээд өгье” гэсэн.
Бид 3-р эмнэлэг, ЭХЭМҮТ-рүү холбогдсон боловч хүлээж авах боломжгүй гэсэн. Энэ хооронд охин “даарч байна” гэхээс өөр зүйл яриагүй. Харин 2 цагийн дараа ЭХЭМҮТ-ийн захирал бидэнтэй холбогдож, “Хэрвээ ирээд тусгаарлалтад орохыг зөвшөөрч байвал хүлээж авна” гэж ярьсан. Бид ч эмнэлэг бараадаж байвал болох нь тэр гээд зөвшөөрсөн юм.
Ингээд эмнэлэгт ирэхэд ээж охин хоёрыг тус тусад нь өрөөнд оруулж тусгаарласан байгаа юм. PCR шинжилгээ хийх хүртэл охинд ямар ч эмчилгээ хийгээгүй. Шинжилгээний хариу нь маргааш гарсан. Бүтэн шөнийн турш талийгаач охин анхан шатны эмнэлгийн тусламж аваагүйн дээр ээжтэйгээ ч хамт байж чадахгүй байсаар амьсгал хураасан. Хичнээн цар тахлын үе байсан ч биеийн байдал нь хүнд байгаа хүүхдийг ээжээс нь хол байлгаж болохгүй биз дээ. Охины биеийн байдлыг асуулгахад, “танай хүүхэд зүгээр сэхээнд оруулах шаардлагагүй” гэж хэлсэн байгаа юм. Гэтэл өглөө нь гэнэт хүүхдийн чинь биеийн байдал муудсан гэх мэдээлэл өгсөн. Ингээд аав ээж нь охин дээрээ оръё гэхэд шинжилгээний хариу гараагүй тохиолдолд оруулахгүй хэмээн хариулсан. Шинжилгээний хариу гарсны дараа хүүхэд рүүгээ ороход охин аль хэдийнэ амьсгал хураачихсан байсан.
ЭХЭМҮТ-ийн эмч энэ талаар тайлбар тавихдаа, “Ихэр хүүхдүүдэд угаасаа ийм зүйл тохиолддог” гэсэн. Эмчилгээ хийлгүй, хүнд суртал гаргаж ийм нөхцөл байдал үүсгэчхээд ийм л хариу хэлээд сууж байсанд нь гомдолтой байна.
Эрүүл мэндийн яамнаас хүнд өвчтэй хүмүүст шууд харьяалал харгалзахгүй үйлчилнэ гэсэн зүйл ямар ч эмнэлгийн салбарт үйлчилдэггүй юм байна” хэмээлээ.