КОВИД-19 нь нэг хүнээс нөгөөд амархан халддаг буюу халдварлах эрсдэл өндөртэй шинэ төрлийн өвчин болохыг одоо бараг бүгд ойлгосон гэхэд буруудахгүй. Тиймдээ ч иргэд Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа шийдвэр, арга хэмжээнүүдэд хүндэтгэлтэй хандаж дагаж, мөрдөж байгаа. Харин ЗГ, УОК-оос иргэдийн эрхийг зарим талаар хэт хөсөрдүүлж буй явдлаа “цар тахал гарчхаад байна”, “халдвар тарчихвал яах юм бэ?” гэх мэт утгагүй, үндэслэлгүй хариултаараа халхлах байдал нь хэтэрч, эцэстээ хүний аминд хүрэв.
Улсын онцгой комиссын бодит байдалд нийцээгүй шийдвэр, тэрийг нь хэрэгжүүлж буй Нийслэлийн онцгой комиссын хүний эрхийг уландаа гишгэсэн үйл ажиллагаанаас болж нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй өөд боллоо. Бүтэлгүй, мэргэжлийн бус, бүдүүлэг энэ байдлаас нь болж бүхэл бүтэн хүний алтан амь үрэгдчихээд байхад Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нь “УОК шийд ийм” гэсэн тайлбар өгөөд байж яавч болохгүй!
2020 оны 12 сарын 07-ны өдөр Архангай аймгаас биеийн байдал тааруу ирсэн 58 настай эмэгтэйд шаардлагатай эмнэлгийн тусламжийг нь үзүүлээгүйгээс тус иргэн 22-ын товчоон дээр харамсалтайгаар нас барлаа. Түүнчлэн, мөн өдөр Архангай аймгаас ирсэн 41 иргэнийг зорчиж явсан автобусанд нь хонуулж, хувин өгч автобусанд нь бие засуулан тус иргэдийн эрхийг маш бүдүүлгээр зөрчлөө.
Эдгээр иргэдийн эрхийг зөрчсөнтэй холбоотой дараах асуудлууд хөндөгдөж байгаа юм.
1. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх (Үндсэн хуулийн 16.6)
2. Нэр төр халдашгүй байх эрх (Үндсэн хуулийн 16.13, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5-р зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7-р зүйл)
ЗГ, УОК, Нийслэлийн онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын хөл хорио тогтоож мэдээж болно. Гэхдээ энэ шийдвэр, үйл ажиллагаа нь нэн түрүүнд хуульд нийцсэн байх ёстой ба улмаар, иргэдийн эрхийг хамгийн бага хязгаарласан байх ёстой. Энэ талаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль (“КОВИД-19-ийн хууль”)-ийн 11.3-т “цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрхийг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байх тухай заажээ.
Тэгвэл, зөвхөн PCR шинжилгээ өгөөгүй гэх үндэслэлээр иргэнд эрүүл мэндийн тусламж авах үндсэн эрхийг нь эдлүүлэлгүй, энэ эрхийг нь хязгаарласан нь КОВИД-19-ийн хуулийн 11.3-т заасан хамгийн бага хязгаарлах, бодитой байх, тохирсон байх тухай шаардлагад нийцээгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гэж заагаад тус зүйлийн 6 дахь хэсэгт “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. …” гэж заажээ. Энэ талаар мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 1-р заалтад заалтад ч заасан байдаг. Улмаар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай дэлгэрүүлж “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-нд заасан байдаг. Энэ хуулийн 4.1.5-д заасныг үндэслэвэл “гэнэтийн цочмог өвчин эмгэг, осол, гэмтэл, хордлого, жирэмсэн, төрөх, амь тэнссэн үед эмнэлгийн тусламжийг газар дээр нь болон тээвэрлэх явцад үзүүлж, эмнэлэгт хүргэх түргэн тусламжийн үйлчилгээ;” нь хүний үндсэн эрх байна.
Харин КОВИД-19-ийн үед гаргах аливаа шийдвэр, авч хэрэгжүүлэх аливаа арга хэмжээнд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах нь “нэн тэргүүнд” тавих, хамгийн чухал зарчим байна. Энэ талаар КОВИД-19-ийн хуулийн 5.1.1-д “хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх;” зарчмыг үйл ажиллагаандаа баримтална гэж заах байдлаар хуульчилжээ.
Гэтэл, ЗГ нь тогтоолдоо, УОК, НОК нь шийдвэр үйл ажиллагаандаа КОВИД-19-ийн хуулийн 5.1.1-т заасан зарчим, 11.3-т заасан шалгуурыг баримтлаагүйн улмаас 58 настай иргэний Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар баталгаатай эдлэх эрх нь зөрчигдөж, харамсалтайгаар амиа алджээ. Эмэгтэй тус пост буюу шалган нэвтрүүлэх цэгт 11 цаг саатаж, улмаар тус постод байсан ажилтан Нийслэлийн эрүүл мэндийн газар луу 60 гаруй удаа залгахад хариу өгөөгүй, чиглэл өгөөгүй, түргэн тусламж дуудахад ирээгүй зэргээс харвал төрийн албан тушаалтан, байгууллагын зүгээс иргэний үндсэн эрхийг зөрчиж, амь насыг нь эрстүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл байна.
Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох нь ч мөн КОВИД-19-ийн хуулийн 5.1.6-д заасан цар тахалтай тэмцэх үед үйл ажиллагаандаа баримтлах зарчмуудын нэг юм.
Мөн, УОК, НОК-ын хүний эрхийг үл хэрэгссэн бүдүүлэг шийдвэрээс бол мөн өдөр Архангай аймгаас ирсэн 41 иргэний “нэр төр халдашгүй байх эрх” нь бүдүүлгээр зөрчигджээ.
Тодруулбал, тус 41 иргэнийг мөн л PCR шинжилгээ өгөөгүй гэх үндэслэлээр Улаанбаатар хотруу оруулахаас татгалзаж, ирсэн автобусанд нь огт буулгалгүй 21 цаг “хорьсон” байна. Халдвар тархсан аймгаас өөр аймагруу эсвэл Улаанбаатар хотруу зөрчиж буй бол PCR-ийн шинжилгээ өгсөн байх гэх шаардлага тавих нь үндэслэлтэй байж болох юм. Гэтэл, төр (1-рт) Тухайн байгаа аймагтаа PCR шинжилгээ өгөх нөхцөлөөр нь хангаж өгөх; (2-рт) хэрвээ тус байгаа газраа PCR шинжилгээ өгөх нөхцөлөөр нь хангаж өгөөгүй бол Улаанбаатар хотод ирээд PCR шинжилгээ өгөх боломжоор хангах, шинжилгээний хариу иртэл хүний наад захын жам ёсны хэрэгцээгээ хангах (жишээ нь: унтах, хоол унд идэж, уух, бие засах хэрэгцээгээ хангах) нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой юм.
Гэтэл УОК, Архангай аймгийн онцгой комисс, НОК нараас дээр дурдсан 2 нөхцөлийн алиныг нь биелүүлсэнгүй. Улмаар, автобусанд байсан 41 иргэнийг автобусанд хонуулж, “бие засъя” гэх хүсэлт гаргахад нь тэднийг “хорьж” байсан цагдаагийн ажилтнууд тухайн иргэдэд хувин өгч, автобусандаа бие зас гэжээ. Иргэд аргагүйн эрхэнд автобусан дотроо хувинд бие зассан байна. Энэ байдлыг зарим иргэд “эрүү шүүлт”-тэй ч адилтгаж үзэх биз!
Энэ нь “хүний нэр төрийн халдашгүй эрх”-ийг маш бүдүүлгээр зөрчсөн дэндүү бүдүүлэг зөрчил юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13-т “… Хэнд ч болов … хүнлэг бус ХЭРЦГИЙ хандаж нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж заасан байна. Хүний нэр төр (dignity) гэдэг нь хүнд төрсөн цагаас нь заяасан төрөлхийн үнэ цэн, эрхэм чанар юм. Аливаа улс хүний нэр төрийг хамгаалж, улмаар доромжлон гутаахыг хүний эрхийн хэм хэмжээ, зарчмуудаар хязгаарладаг тухай Монгол Улсын Хүний эрхийн комиссын 2015 оны Хүний эрхийн товч тайлбар толийн 20-р хуудаст тайлбарлажээ.
Энгийн ухаанаар бодож үзэхэд, халдвар хамгааллын дүрэм, журмыг хангасан байдлаар иргэдийг ядаж л бие засах газраар хангах нь зохион байгуулахад тийм ч хэцүү зүйл биш баймаар. 21-р зуунд, 2020 онд бид төр засгаасаа “биднийг бусдын нүдэн дээр хувинд бие зас гэж битгий шаардаач ээ, бие засах газар орохыг зөвшөөрөөч” гэж гуйх ичмээр ч юм шиг.
Энэ жишээнүүд бол төрөөс, ЗГ, УОК, НОК-оос “цар тахал” нэрийн доор иргэдийн наад захын, жам ёсны эрхийг хэрхэн үл ойшоож, бүдүүлгээр бас хэрцгийгээр зөрчиж буйн тодоос тод жишээ юм. Бүхэл бүтэн 10-н сар шахуу “өндөржүүлсэн бэлэн байдал”-д байж, 1 сар “бүх нийтийн бэлэн байдал”-д байгаа ЗГ, УОК, НОК нь өөрсдөө юунд ч бэлэн биш байгаа нь эдгээр жишээнүүдээс харагдах шиг.
Гаргаж буй шийдвэр, явуулж буй үйл ажиллагаанууд нь Монгол Улсын Үндсэн хууль, КОВИД-19-ийн хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа, энэ нь иргэдийн (хүний) эрхийг ноцтойгоор бүдүүлгээр зөрчиж буй байна гэж үзэж байна. Иймд ЗГ, УОК, НОК нь цаашдын үйл ажиллагаандаа хуульд заасан шаардлагуудыг баримталж, “цар тахал” нэрээр халхавч хийж дур зоргоороо аашлахаа зогсоож, удирдаж буй албан тушаалтнууд хариуцлага хүлээхийг бид шаардах нь зүйтэй гэж үзэж байна!
нийтлэлч Б.Мягмардорж