“КОВИД 19” цар тахлын үед гэрээсээ ажиллаж буй ажилтнууд цалингаа бүрэн авах эрхтэй. Зарим байгууллага эдгээр ажилтнууддаа үндсэн цалингийн 70, 80 хувийг олгож байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл юм. Энэ талаар бид “МН партнерс” хуулийн фермийн захирал, өмгөөлөгч Ц.Мөнхбаттай ярилцлаа.
Өндөржүүлсэн хөл хорионы дэглэмд шилжсэн энэ үед ААН байгууллагууд ажилтнууддаа хөдөлмөрийн хуулийн дагуу хэдэн хувийн цалинг олгох нь зөв бэ?
Хөдөлмөрийн тухай хуулийн 56-р зүйлд аливаа байгууллага сул зогсолтод орсон бол цалингийн 60 хувийг олгохоор заасан байдаг. Сул зогсолт гэдэг нь тодорхой байгууллагын үйл ажиллагаа өөрөө зогсохыг хэлж байгаа юм. Харин хөл хорио тогтоох нь гамшгийн үйл явц учраас хөдөлмөрийн тухай хуулийн 66–р зүйлийн хүрээнд ажилчдын цалингийн 50 хувийг олгохоор зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа явах боломжгүй иргэдэд үндсэн цалингийн 50 хувийг олгох ёстой.
Зарим иргэд гэрээсээ ажиллаад цалингийн 50 хувиа авч байна. Хэрвээ гэрээсээ ажиллахгүй байгаа тохиолдолд яах вэ?
Гэрээсээ ажлаа хийж байгаа нөхцөлийг тусгасан хуулийн зохицуулалт байдаггүй. Тиймээс зарим компаниуд гэрээсээ ажиллаж байгаа учраас үндсэн цалингийн 70, 80 хувийг олгох нь хууль зөрчиж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон гол нөхцөлүүдийг аль нэг тал дангаараа өөрчлөх эрх байхгүй учраас цалин хөлсийг бүтэн авах эрхтэй.
Коронавирусийн халдвар тархсантай холбоотой эдийн засаг хумигдаж, байгууллагуудын орлого тасалдаж байгаа энэ үед ажилтнуудаа цомхтголд оруулах эрсдэл тулгараад байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөлд цомхтгол хийж болдог юм уу?
Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлд зааснаар ажил үүрэг, албан тушаалыг хэвээр хадгалж үлдэх 8 нөхцөл байдаг. Эдгээр нөхцөлөөс бусад нөхцөлд орон тооны цомхтгол хийх боломжтой.
Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална:
- 35.1.1.төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа;
- 35.1.2.ээлжийн амралттай байгаа;
- 35.1.3.эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа;
- 35.1.4.жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;
- 35.1.5.хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийхэд болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа;
- 35.1.6.цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал;
- 35.1.7.хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол;
- 35.1.8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө, бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ.
- 40.1.Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:
- 40.1.1.аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
- 40.1.2.ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;
- 40.5.Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.
Орон тооны цомхтгол хийхэд ажилтнуудад нөхөн олговор, тэтгэмжийг компаниас олгох уу?
Компани олгоно. Бөөнөөр нь халж байгаа тохиолдолд ажилтнуудын төлөөлөлтэй тэтгэмжийн хэмжээг тохиролцоно. Бөөнөөр халаагүй байгаа нөхцөлд 1 сар болон түүнээс дээш хэмжээний тэтгэмж олгоно.
Улирлын шинж чанартай ажлын хувьд ажил олгогч болон ажилчин талууд харилцан тохиролцож ажлын байрыг хадгалах, цалин хөлсгүйгээр амрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Ингээд зөвхөн нийгмийн даатгалыг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлөх зохицуулалт хийдэг.
Төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийг цомхтгоно гэх мэдэгдэх хуудас ирж байгаа талаар манай редакцид мэдээлсэн. Эдгээр хүмүүс хаана хандах вэ?
УОК–оос Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахгүй байх шийдвэр гаргасан. Төрийн жинхэнэ албан хаагч буюу захиргааны албан хаагч, төрийн тусгай албан хаагчид төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хууль бус гэж үзвэл нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, аймаг орон нутгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж болно.
Харин улс төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний ажилчид энэ асуудлаар хөдөлмөрийн тухай хуулийг баримталж, иргэний шүүхээр асуудлаа шийдвэрлэнэ.
Мөн гүйцэтгэх эрх мэдэл бүхий байгууллагаас төрийн албан хаагчдад шууд үүрэг болгосон хэм хэмжээ тогтоох эрхтэй байдаг. Жишээлбэл 0-12 насны хүүхэдтэй эхийг цалинтай чөлөө олго гэдэг шийдвэрийг төрийн алба үг дуугүй дагаж хэрэгжүүлэх үүрэгтэй юм. Харамсалтай нь манай төрийн албаныхан үүнийг даган биелүүлэхгүй байна. Жишээ нь шүүхийн байгууллага дээр 0-12 насны хүүхэдтэй эхийг ажиллуулж байна. Цалинтай чөлөө олгодоггүй. УОК-оос гаргасан шийдвэр нэг бүрчлэн хэрэгжиж чадахгүй байна.