Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар чөлөөлөх тухай, Татварын алданги чөлөөлөх тухай хуулийг төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр боллоо.
Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээний төлөвлөгөө гаргасан. Энэ хүрээнд зарим хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Эхний ээлжинд ААНОАТ хөнгөлөх чөлөөлөх, татварын алданги чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулж, өмнө нь баталсан хуулийн үйлчлэлийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл сунгах юм.
Мөн хуралдаанаар, хөл хорио сунгасан нийслэл болон зарим аймагт Засгийн газрын нөөц сангаас зургаан тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэв. Халдвар гарсан аймаг, нийслэлд тусгаарлах ажил, тархвар судлалд төлөвлөөгүй олон зардал гарчээ.
Коронавирусний дотоодод гарсан халдварын нөхцөл байдалд мониторинг судалгаа хийж эрсдэлтэй найман бүс нутагт нэг сарын хугацаатай хөндлөнгийн хяналтын баг ажиллуулахаар болов. Тодруулбал, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт халдвартай иргэдтэй харьцаж бйагаа эмч, сувилагчийн халдвар хамгаалал, эм эмнэлгийн хог хаягдлын устгалтай холбоотой асуудлаар хяналт хийх юм. Мөн тусгаарлах байруудад судалгаа хийж цаашид стандартын дагуу халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд ажиллуулж цэгцлэх үүрэг гүйцэтгэнэ. Шаардлага хангасан тусгаарлах байруудыг бэлдсэнээр 12 дугаар сарын 10-наас хойш тусгай нислэг явуулахаар төлөвлөж байгааг Шадар сайд Я.Содбаатар мэдээлэлдээ дурдав.
Гуравдугаар, Алтанбулаг, Эрээнцав, Цагааннуур, Замын-Үүд зэрэг хилийн боомтуудад хяналтын баг томилох юм байна. Ялангуяа экспорт, импортын голлох хөдөлгөөн явж буй Замын-Үүдийн боомтод эрүүл бүс байгуулж, тухайн хэсэгт хөдөлгөөн хязгаарлаж дотоодын цэргийн хүчитгэсэн хамгаалалт авч ажиллахаар төлөвлөж буйг дурдлаа. Мөн нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах тоног төхөөрөмж суурилуулж байгааг тодотгов.
Түүнчлэн Орхон аймагт халдвар гарсантай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож 6600 ажилчдыг шинжилгээнд хамруулж хяналтын баг томилохоор болжээ.