Монгол улс дотооддоо COVID-19-ын халдвар алдснаас үүдэж бүх нийтийн хатуу хөл хорионы дэглэмд шилжээд хагас сарын хугацаа өнгөрч байна. Хөл хорионы хугацаанд өрхийн орлого огцом буурахад Засгийн газар хангалттай түвшинд анхаарал тавихгүй, шийдвэрлэх арга зам санал болгохгүй, УОК-ийн гаргасан шийдвэрүүд нь урьдчилсан төлөвлөгөөгүй, тууштай биш, логик уялдаа холбоогүй, шийдвэрийн талаарх мэдээлэл түгээлт нь алдаатай зэрэг нь иргэдийн тэсвэр барагдаж, төрдөө итгэх итгэл алдах эрсдэлийг дагуулж байна.
Нийгмийн харилцаа нь хүмүүст эерэг сэтгэл хөдлөлийг үүсгэдэг бол удаан хугацаагаар хорионд байх нь хүмүүст сөрөг сэтгэл хөдлөлийг үүсгэж эхэлдэг. Итгэл найдвараа алдсан, түгшсэн, ялагдаж байгаа мэдрэмж удаан хугацаагаар үргэлжилбэл хүн ямар нэгэн байдлаар эргэн тойрондоо эсрэг дайралтыг хийж эхэлдэг. Тухайлбал гэр бүлийнхэндээ уураа гаргах, хүчирхийлэх, эд зүйлд уураа гаргах, худал яриа дэгдээх зэрэг үйлдлүүдийг хийх магадлал нэмэгддэг. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үүссэн итгэл найдвар, урам зориг мохох байдал нь гэмт хэргийн тоо, аллага, хүчирхийллийн тоо өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг болдог.
Онцгойлон анхаарах зүйл бол хатуу хөл хорионы үед өрхийн орлого огцом буурсан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч нь цалин тавихгүй болсон ААН-үүдийн ажилтан зэрэг төрийн халамжийн тогтолцооны гадна үлдсэн иргэд (бизнес эрхлэгч, хөдөлмөр эрхлэгч) өөрийн болон үр хүүхдийнхээ суурь хэрэгцээ болох хооллох хэрэгцээг хангаж чадахгүй тохиолдолд “ямар нэгэн аргаар” хүнс олж авах гэж хөл хорионы дүрэм журмыг зөрчих, дээрэм, хулгай хийх, хүчирхийлэх зэрэг үйлдлүүд гаргах магадлалтай болдог.
Иймээс хөл хорионы үед бүх иргэдийн “суурь хэрэгцээг” хангахад анхаарч ажиллах үүрэгтэй УОК, НОК зэрэг холбогдох байгууллагууд мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран ажиллаж, онлайн, ТВ-ээр сөрөг сэтгэл хөдлөлийг бууруулах зөвлөгөө, дасгалыг явуулах, өдрийн хоол хүнсгүй байгаа иргэддээ анхаарах нь зайлшгүй зүйл болж байна.
Сэтгэл судлаач Б.Хишигням,
PhD, Л.Золбаатар, МЭК ХХК