Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Монгол улсын 2021 оны төсвийг УИХ өнөөдөр цахимаар хэлэлцэж эцэслэх батлах гэж байна. Өрөг.мн сайтын Өрөг хэлэлцүүлэг “МУ-ын 2021 оны төсвийн төслийн тэвчиж болох зардлууд” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Зочноор:
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
- Эдийн засагч Ч.Отгочулуу
- Иргэн Б.Цогтгэрэл
- Сангийн яам, эрх барьж байгаа намын гишүүдээс урьсан боловч ирсэнгүй.
Эдийн засагч Ч.Отгочулуу:
“Ковидын үед бизнесүүдэд ажлын байр хадгалж үлдэх дэмжлэг огт алга”
- Монгол улсын эдийн засаг 10 тэрбум долларын эдийн засаг. Төсвийн зардал нь 3-4 тэрбум доллар, эдийн засгийн 40 хувь нь улсын төсвөөс хамааралтай байна гэсэн үг. 100 төгрөгийн орлоготой өрх байлаа гэж бодоход 40 төгрөг нь татвар төлөгчдийн мөнгөөр орж ирж байна гэсэн үг. Төсвийн бодлого гэдэг бол манай улсын макро эдийн засгийн хамгийн чухал бодлого.
- Манай сангийн сайд сүүлийн үед төсвөө алдагдалтай байх нь зөв, бид төсвөө тодотгосон, Кенс гэж эдийн засагчийн хэлснээр: “Хямралын үед төсвөө алдагдалтай батлаад тэр мөнгөөрөө эдийн засгаа тэтгэх ёстой” гэж. Би энэ дүрмийг баримталж байна гэж өөрийгөө зөвтгөдөг.
- Улс өр тавиад төсвийг их алдагдлаар эдийн засагт оролцохыг зөвтгөдөг. Нөгөө дэх нь буруушаадаг. Төсөв эдийн засагт оролцох хэрэггүй. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө хямралаас гарах ёстой гэж үздэг. Үүний хамгийн том жишээ бол АНУ-ын жишээ байна. АНУ-ын эдийн засаг 2020 оны 3-р улирлаар 33%-ийн өсөлттэй гарсан. Түүхэнд байхгүй хамгийн өндөр өсөлт гэсэн үг. Шалтгаан нь төсвийнхөө зардлыг багасгаад, төрийн хүнд суртлуудаа байхгүй болгоод, бизнесийнхэндээ бүх боломжийг нь өгөөд, татварыг нь бууруулж компаниудыг орлогожуулаад, бизнесийн хямд зээл гаргаад эдийн засгаа босгож ирсэн. Манайх бол үүний эсрэг явж байна.
- Ирэх оны төсөв 3 их наядын алдагдалтай, 3 их наядын гадаадын өр зээлээр санхүүжих юм шиг байна. 1.7 их наядаар барилга байгууламжууд барих юм шиг байна. Төсөв алдагдалтай батлахаар асар их хэмжээний мөнгийг нийлүүлэх болдог. Тэгэхээр төгрөгийн ханш унана. Төгрөгийн ханш унахаар иргэдийн амьжиргааны төвшин доройтно. Үүнээс сэргийлэхийн тулд Монгол банк зах зээлээс илүүдэл мөнгийг сороод авчихдаг. Эцэст нь зээл олдохгүй хувийн хэвшлийнхэн хохирдог.
- Ковидын үед ээж аав нь ажилгүй болж байхад хүүхдэд нь 100 мянган төгрөг өгөөд өрхийн амжиргааг дэмжиж чадахгүй. Ажлын байр хадгалах дэмжлэг үзүүл.