Тусгаарлалтад байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч түүний эхнэрээс коронавирус илэрсэн. Улмаар 2020 оны 11-р сарын 11-нд УОК-оос шийдвэр гаргаж, Улаанбаатар хотод хөл хорио тогтоож, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хаалаа. Мөн соёл урлаг, кинотеатр, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан.
Үүнтэй холбогдуулж, ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийж хэвлэл мэдээллийн ажилтнуудыг “нэг урсгалаар мэдээлэл ав, бидний мэдээлэлд л итгэ. Битгий залгаад ажилд саад болоод олон зүйл асуугаад бай” хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэвлэлийнхнийг “загнав”. Уг нь Д.Нямхүү дарга ДЭМБ-аас зарласан олон улсын онц байдлын хүрээнд, Монгол улс халдвараа дотооддоо алдсан тохиолдолд хэрхэн ажиллах, ямар арга хэмжээнүүд авах, хүмүүсээ хэрхэн яаж эмчлэх, халдварын голомтуудыг хэрхэн хяналтдаа байлгах талаар зэрэг КОРОНАВИРУСТЭЙ тэмцэх стратеги төлөвлөгөөгөө танилцуулж, түүнийг хамтран хэрэгжүүлэх ард иргэдээ мэдээлэлжүүлэх ёстой байлаа. Гэтэл хэвлэлийн хурлын туршид сэтгүүлчдийг нэг урсгалаар мэдээлэл ав, бид нарыг битгий хэрэлдүүлээд бай, би ядарч байна зэргээр тулга тойрсон ач холбогдол багатай жижиг зүйлс ярьсаар өнгөрөв.
МЭДЭЭЛЛИЙГ НЭГ УРСГАЛААР АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Онц байдал буюу цар тахлын үед үнэн бодит мэдээлэл ард иргэдийг тайван байлгах, паникт оруулахгүй байх, өвчинтэй зөв тэмцэхэд туслах хамгийн том туслагч юм. Тиймээс нэг урсгалаар мэдээлэл авах нь нэг талдаа зөв ч нөгөө талдаа ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ийн мэдээлэлд бүрэн итгэж болохгүй. Нэг цонхоор гарч буй төрийн мэдээллийг нягталж шалгахгүйгээр шууд дамжуулна гэдэг байж болшгүй зүйл. Тиймээс ч Дэлхийд сэтгүүл зүй гэдэг зүйл үүсэж, өдий хүртэл хөгжсөн. Тэдний мэдээллийг давхар баталгаажуулж, тэдний ажилд “хяналт” тавих, ард иргэдийн нүд чих болох үүргээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл умартаж болохгүй юм. Сэтгүүл зүйн гол үүрэг бол ТӨРД итгэж байгаа нэрийн дор үг үсэггүй зөвхөн дамжуулах биш. Сэтгүүл зүй бол дамжуулагч биш. Зөвхөн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэгчийг сэтгүүл зүйд ШУУДАН ЗӨӨГЧ гэдэг. Хэн ч шуудан зөөж чадна.
ХЭРВЭЭ НЭГ УРСГАЛААР МЭДЭЭЛЭЛ АВДАГ БАЙСАН БОЛ?
Жишээ нэг: Хэрвээ төр засаг буюу ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ийн л мэдээлэлд итгээд тэдний л амыг харсан бол… аав ээжээсээ хол тусгаарлалтад байсан дөрвөн настай хүү гараа хавчуулчхаад байхад УОК хамт эмч тусгаарлах гэж төвөг гээд хагалгаа хийхгүй, өвчин намдаах эм өгөхгүй хүү насан туршдаа дөрвөн хуруугүй болох байлаа. Энэ талаар Өрөг.мн сайт олон нийтэд мэдээлж, УОК-ийн хүнлэг бус, болхи удаан байгааг шүүмжилсний эцэст хүү хуруунуудтайгаа үлдэж чадсан юм. Харин УОК энэ үйлдлээ тухайн үед уран үгээр хаацайлж байв.
Жишээ хоёр: Энхсаран сувиллыг халдварын голомт болчихлоо. Тусгаарлалтын дэглэмийг огт мөрдөхгүй, мөрдүүлэхгүй байна хэмээн тусгаарлалтад байсан иргэд мэдээлсэн. Энэ талаар ЭМЯ өөрсдөө таг дуугүй байснаа 2020 оны 11-р сарын 10-нд хурлынхаа үеэр хүлээн зөвшөөрч, Энхсаран сувилал голомт болсоныг мэдээлсэн. Гэтэл энэхүү мэдээллээ төд удалгүй устгаж, Энхсаран сувилал халдварын голомт болсон талаар ахиж дурдаагүй. Өөрөөр хэлбэл тэд мэдээлэл нууж байна. Тиймээс Өрөг.мн сайт 2020 оны 11-р сарын 11-нд Энхсаран сувиллаас ХӨСҮТ рүү шилжүүлсэн хүмүүсээс утсаар ахин тодруулга авч, тусгаарлалтын дэглэм хэрхэн алдагдсаныг мэдээлсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн төрд л итгэ, хэвлэлийнхэн дуугүй бай гэхийн цаана олон зүйлийг нуух, хүний эрхийг зөрчих аюул байгаа юм. Энэ бол зөвхөн манай редакц дээр гарсан УОК, ЭМЯ, ХӨСҮТ-тэй холбоотой жишээ.
МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ САЙН ӨГӨХИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Д.Нямхүү хэлэхдээ та нарт мэдээлэл өгөхөөс ядарч байна гэж байна лээ. Ингэж болохгүй. Мэдээлэл цуглуулдаг, мэдээлэл бэлтгэдэг, мэдээлэл өгдөг үүрэгтэй хүмүүсээ ажиллуул. Мэдээллээ ил тод нээлттэй өг. Мэдээллээ хагас дутуу ойлгомжгүй хүртээмжгүй өгснөөс үүдэж хүмүүс төөрөлдөж, паникт орж, худал мэдээлэл хөөсрөн газар авдаг. Худал, баттай бус мэдээллийг газар авахуулахыг хүсэхгүй л байгаа бол өөрсдөө үнэн бодит шуурхай мэдээллээр сэтгүүлчдийг ханга. Сэтгүүлчдэд мэдээлэл өгнө гэдэг нь Дулмаа, Цэцгээ гэх хоёр сэтгүүлчийн тухай хэрэг биш. Харин тэднээр дамжиж Монголын ард түмэнд өгөх мэдээлэл юм. Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа манай сайтад өгсөн ярилцлагадаа “Онц байдлын үед ард түмэнд мэдээллийг нэг шугамаар биш харин нас боловсролд нь уялдуулан ангилан ялгаж түгээдэг. Гэтэл манайд мэдээллийг хүртээмжтэй, зөв түгээхгүй байснаас иргэд төөрөлдөж, худлаа мэдээлэл авч, паникт орж байна. Зөвхөн ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээ гэдэг чинь хангалтгүй шүү дээ. Мэдээллийн зорилго нь бүх хүнээ ижил төсөөлөл, ижил ойлголттой болгоход оршдог. Мэдээлэл маш чухал” гэсэн юм. Өөрөөр хэлбэл мэдээлэлд менежмент хийж чадахгүй залхуурч суугаа Д.Нямхүү та ЭМЯ-тайгаа ярьж байгаад энэ үүргээ бусдад шилжүүлж бас болохыг нөхөрсгөөр сануулья.