2021 оны улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед Өрөг.мн сайтын редакц 2021 онд санхүүжүүлэх төсөл, барилга, байгууламжийн жагсаалтаас нэн шаардлагатай бус барилга байгууламжийн жагсаалтыг цувралаар хүргэж байгаа.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын сонгогдсон тойрог болох Хэнтий аймгийн төсөв бусад 20 аймгийн төсвийг хол хаяж байна. Өөрөөр хэлбэл Хэнтий аймгийн нэг хүнд оногдох төсөв бусад аймгийн нэг хүнд оногдох төсвөөс 3-4 дахин өндөр, Булган аймгийн нэг хүнд оногдох төсвөөс 11.4 дахин өндөр байгаа юм. Дэлгэрүүлбэл, 2021 онд Улсын төсвөөс Хэнтий аймагт нийтдээ 125 тэрбум 827 сая төгрөгийг 90 гаруй төсөлд зарцуулахаар байна. Харамсалтай нь дээрх 90 гаруй төсөл бүгд нэн яаралтай, нэн шаардлагатай, ажлын байр нэмэх, зардлаа хурдан хэмжээнд нөхөх төсөл бараг байхгүйтэй адил байна. Жишээ нь
1. Хэнтий аймгийн 3 сум, 1 тосгонд Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв барихаар тус бүрд нь 2021 онд 700 сая төгрөг нийтдээ 2,8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
2. Хэнтий аймгийн Хэрлэн суманд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллагуудын нэгдсэн конторын барилгад 1,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
3. Хэнтий аймгийн 9 суманд соёлын төв барих, засвар хийх төсөвт нийтдээ 8 тэрбум 61 сая төгрөг төсөвлөсөн байна.
4. Хэнтий аймгийн Норовлин суманд барьж байгаа Шихихутаг нууц товчоо аялал жуулчлалын цогцолборын барилга болон тохижолтын төсөвт нийт 1 тэрбум төгрөг 500 сая төгрөг.
5. Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо барилгад 700 сая төгрөг.
6. Хэнтий аймгийн Биндэр суманд барьж байгаа Их хуралдай цогцолборын барилга интерьер дотоод уран сийлбэр шинэчлэл 1.5 тэрбум төгрөг.
7. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ахмадын сувиллын өргөтгөлд 300 сая төгрөг.
8. Хэнтий аймгийн Дадал сум, Дэлүүн болдог нисэх буудлын барилгад 4 тэрбум төгрөг тус бүр төсөвлөжээ.
Дээрх барилга байгууламж, төслийг шаардлагатай юу гэвэл шаардлагатай гэж тайлбарлаж болно. Харин цар тахлын үед шаардлагатай хөрөнгө оруулалт мөн үү? Хөрөнгө оруулалт, төсөв үр өгөөжтэй байх ёстой. Аялал жуулчлалын бүс нутаг болгох гэж хөшөө дурсгалууд барьж болно. Гэхдээ өндөр төсөвт өртөгтэй хөшөөнүүдийг нэгэн зэрэг дутуу хагас барьснаас нэг нэгээр нь цогцолбор болгон барьсан нь хугацааны хувьд ч үр дүнтэй баймаар. Бүх аймагт нисэх буудал бариагүй байхад автозам холбогдож байгаа алс суманд давхар таван тэрбумын төсөвт өртөгтэй нисэх буудлын барилга ойрын хугацаанд мөн л шаардлагатай юу? Ковид цар тахлаас болж аль ч салбарт эдийн засаг хумигдмал болж, эрүүл мэнд, ажлын байр зэрэг нэн шаардлагатай зүйлд төсвөө зарцуулах шаардлага тулгараад байгаа юм. Эцэст нь үр ашиг муутай энэ мэт төслүүд нийт 2021 онд 2.1 их наядын алдагдал авчирна. Алдагдалтай батлах төслүүдийн алдагдлыг бид ахиад л гадаадаас өр нэмж нөхөх шаардлага тулгарах магадлал өндөр юм.
2021 оны Монгол улсын нэгдсэн төсвийн төслийг зарцуулалтыг үзэх линк