Hugo Boss, Burberry, Kering зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн төлөөлөлтэй Баянхонгор аймгийн Шинэжинст, Архангай аймгийн Их Тамир сумдын малчид хотноосоо цахимаар холбогдож, тогтвортой ноолуурын талаар ярилцлаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтийг хангах нь” төсөл болон Монголын Тогтвортой Ноолуурын Платформын стратегийн хамтрагч байгууллагууд болох Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл, Ногоон Алт Малын эрүүл мэндийн төсөл, Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо тэргүүтэй олон байгууллагууд энэ арга хэмжээг хамтран зохион байгуулсан байна.
Энэ үеэр малчид брэнд компаниудын төлөөлөлтэй “тогтвортой” ноолуурын бэлтгэл, мал амьтны тавлаг байдал, бэлчээрийн доройтол, малын чанар, үржлийн асуудлуудыг хөндөн хэлэлцлээ. Энэ жил КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн зах зээл дэх ноолуурын эрэлт буурч ноолуурын ханш 50 хувиар унасан, үүнтэй зэрэгцэн баруун аймгууд ган гачигт нэрвэгдсэнээр малчдын орлого буурч ахуй амьдрал хүндрэх эрсдэлд ороод байна. Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас улбаатайгаар бэлчээрийн доройтол, цөлжилтийн эсрэг малчид зохион байгуулалтад орж “тогтвортой ноолуур” бэлтгэлийг эрчимжүүлж ноолуураа самнах үед ангилан ялгаж, малын тавлаг байдал, бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлэх гэх зэргээр үйлдвэрүүдэд ахиу үнээр нийлүүлэх хүчин чармайлт гаргаж байна.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр, холбогдох судалгаагаар ган болсны улмаас энэ өвөл Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь зэрэг аймгийн 75 сумын 80 гаруй мянган малчдын амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоотой байна. Тэдний нэг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд л гэхэд сүүлийн 4 жил гандуу байсан ба энэ жил гамшгийн хэмжээнд хүрсэн гэж малчид хэлж байна.
Нийт 120 мянган малтай тус сумын нийт мал сүргийн 80 хувийг ямаан сүрэг, энэ дундаа Залаажинстийн цагаан ямаа бүрдүүлдэг. Бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн, Улаанбаатараас 960 км алслагдсанаас болж, өвс тэжээлээ ойролцоогоор нэг эм ямааны үнээр буюу 18-20 мянган төгрөгөөр худалдан авч байгаа гэж малчид хэлж байлаа. Тиймээс “Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл” ТББ-аас явуулж буй баталгаажуулалтын ажлын хүрээнд малчид бүлгийн зохион байгуулалтад орж, хоршоогоороо дамжуулан дотоодын үйлдвэрүүдэд ноолуураа ийлүүлж, тогтвортой ноолуурыг дэмжсэнийхээ төлөө кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал авсан байна.
Харин улсдаа бэлчээрийн даац хэтрэлтээрээ тэргүүлдэг Архангай аймгийн Өлзийт сум жил бүр мал сүргийн тоог 5 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж, энэ жил Эрдэнэт үйлдвэрт мах бэлтгэн нийлүүлж байгаа юм байна. Даян Дэлхийн Байгаль Орчны сангийн санжүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төслийн хүрээнд Архангай аймгийн Өлзийт сумын малчдын 30 хувь нь буюу 110 гаруй өрх, 29 бүлэгт хуваагджээ. Энэ хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумаас “эрчмийн хар”, “баяд” үйлдвэрийн 100 орчим хуц, ухныг авчран цөм сүргийн аж ахуй байгуулсан байна.