Монгол улс далайд гарцгүй орон. Тиймдээ гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг. Бидний амьдралын өртөг өндөр байдаг гэсэн үг. Далайд гарцгүй орнуудын хувьд агаарын тээврийн салбар чухал ач холбогдолтой салбар. Тэгэхээр агаарын тээврийн салбарыг манай улсад яаж хөгжүүлэх боломж байна вэ гэсэн сэдвийг ӨРӨГ хэлэлцүүлэг энэ удаа хөндлөө.
Агаарын тээврийн салбарын либералчлалыг дахиад ямар хүрээнд хийх шаардлагатай гэж харж байгаа вэ?
“Хүннү эйр” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал:
Төрөөс агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхийн тулд урт хугацааны хөнгөлөлттэй зээл зэрэг, санхүүжилтийн схем гаргаж өгөх хэрэгтэй. Ийм дэмжлэг байхгүйгээс төрийн болон хувийн авиа компаниуд өөрсдийн бизнесийн зээлээр онгоц худалдаж аваад, ашигтай ажиллана гэж хэзээ ч байхгүй. Бидний хувьд Манжуур, Эрээний нислэгийг хоёр жил алдагдалтай ажиллаж байж, таван жилийн дараа тогтвортой болгож ирсэн. Гэхдээ алдагдлыг Хятадын тал төлсөн л дөө. 2019 онд Манжуурийн нислэг 15.000 зорчигчтой, Эрээний нислэг 50.000 зорчигчтой явсан. Эрээний нислэгийн зорчигчийн тоо Москвагаас Эрээн рүү ирж байгаа зорчигчтой адилхан болж чадсан.
Дараагийн маш чухал зүйл бол төрөөс энэ салбарын боловсон хүч бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Нэг нисгэгч 100 цаг нисдэг журамтай болохоор бидэнд нисгэгч олддоггүй. Аргаа ядаад бид Венесуэлээс нисгэгч авч ирж ажиллуулж байна.
Мөн орон нутгийн нислэг дээр НӨАТ-ыг чөлөөлж өгөөчээ. Орон нутгийн нислэг бол Монгол улсад байдаг цорын ганц НӨАТ-тэй нийтийн тээвэр. Орон нутаг руу явж байгаа автобус, галт тэрэг, такси НӨАТ-гүй байдаг. Олон улсын тээвэр ч НӨАТ-гүй байдаг.