Алт мөнгөн эдлэл зарж борлуулж буй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ сорьцын хяналтын газраар баталгаажуулж худалдаалж байхыг хуульчилсан байдаг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл сорьцын албаар баталгаажуулаагүй мөнгөн эдлэл худалдаалж иргэдийг хохироох явдал тасрахгүй байна.
Бид иргэдээс ирүүлсэн “Сорьцын албаар баталгаажуулаагүй мөнгөн эдлэл худалдаалж үйлчлүүлэгчдийг хохироож байна” гэх гомдлын мөрөөр Нарантуул захын “Баялаг-Ундраа” худалдааны төвөөс сурвалжлага бэлтгэлээ.
Найр, наадмын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд “Баялаг-Ундраа” худалдааны төвийн мөнгөн эдлэлийн лангуу үйлчлүүлэгчдийн хөлд дарагджээ. Мөнгөн аягануудыг хэд хэдээр нь торлоод гарах иргэдийг цуваа тасралтгүй үргэлжилж байна лээ, Баялаг Ундраад. Эмээл, хазаар ч сугавчлаад гарах иргэд олон юм.
Үйлчлүүлж буй иргэдээс худалдан авч буй үнэт эдлэлийнхээ чанарт хэрхэн хяналт тавьдаг талаар тодруулахад хэдэн саяын төгрөгөөр үнэлэгдэх мөнгөн эдлэлийг худалдагчийн “аманд ороод” л авчихдаг тухайгаа хэлж байна. Мөнгөн эдлэл худалдаа эрхлэгчдээс зарж буй бүтээгдэхүүнээ үнэт металл сорьцын хяналтын газраар шинжлүүлдэг эсэх талаар тодруулахад мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж, уцаарлаж, зарим нь лангуугаа түгжээд зугтаасан юм.
Энд худалдаа эрхэлж буй иргэд мөнгөн аягануудаа үнэт металл сорьцын хяналтын газраар шинжлүүлж тамга даруулжээ.
Харин 5-30 сая төгрөгийн хооронд ханштай худалдаалагдаж буй мөнгөн чимэгтэй эмээлүүдийг сорьцын албаар огт шинжлүүлдэггүй юм байна. Худалдагчид тайлбарлахдаа “Эмээл худалдаж авч буй иргэд өөрсдөө сорьцын албаар шинжлүүлдэг. Бид хуурамч эд материал худалдаалдаггүй” хэмээн уцаарлаж байв.
Д.БЭХБАТ: АШИГ ОЛОХ ЗОРИЛГООР АЛТ, МӨНГӨН ЭДЛЭЛ ХУДАЛДААЛЖ БАЙГАА БОЛ СОРЬЦЫН АЛБААР ШИНЖЛҮҮЛЭХ ЁСТОЙ
Бид үнэт металлын сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбатаас тодруулга авсан юм.
-Үнэт эдлэл худалдаалж буй иргэд бараа материалаа сорьцын хяналтын албаны шинжилгээнд хамруулалгүй борлуулах тохиолдол байна. Та бүхэн энэ асуудалд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Иргэн аж ахуйн нэгж байгууллагууд ашиг олох зорилгоор алт, мөнгөн эдлэл худалдаалж байгаа бол сорьцын албаар шинжлүүлэх ёстой. Хуулинд ч тодорхой заасан байдаг. Бид аж ахуйн нэгж албан байгууллагуудад хяналт тавьж ажилладаг ч тэр бүрт хүрч ажиллаж боломж хомс байна. Иргэд сорьцын шинжилгээнд хамруулсан хаана үйлдвэрлэсэн нь тодорхой үнэт эдлэл авах шаардлагатай байна.
-Зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад ямар арга хэмжээ тооцдог вэ?
-Эхний ээлжид албан шаардлага өгдөг. Цаашлаад төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ авч ажилладаг. Удаа дараа зөрчил давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэв.
Алт, мөнгөн эдлэлийн орцыг шошго дээр нь нааж худалдан авагчдад үнэн зөв мэдээлэл өгөх нь худалдаа эрхлэгчдийн үүрэг. Гэтэл сорьцын хяналтын албаар шинжлүүлээгүй, хэдэн сая төгрөгөөр үнэлэгдэх мөнгөн эдлэл худалдаалж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл талаар сорьцын албаны байцаагчид хэлж байна.
Мөнгөний орц хэмжээг худал бичиж иргэдийг төөрөгдүүлдэг тохиолдол энд гарч байсан талаар эх сурвалж ярьж байна. Тэд нэг аяга хийх мөнгөөр л хоёр аяга, нэг эмээлийн чимэглэл хийх мөнгөөр гурвыг хийдэг гэнэ. Хохирогчид нь гол төлөв орон нутгийн иргэд байдаг аж.
Эх сурвалжийн хэлж буйгаар бол 22 лантай мөнгөн эмээл хийхдээ 11 лан мөнгө дээр 11 лан зэс нэмж иргэдийг залилдаг жишиг “Баялаг-Ундраа”-гийн худалдаа эрхлэгчид дунд байдаг гэнэ. Энэ жишгээр нэг эмээлээс сая орчим төгрөгийн ашиг унагадаг ажээ. Ийм жишгээр мөнгө хүүлж байх боломжтой байгаа юм.
Ингэж хийсэн эмээлийн чимэглэлийг гаднаас нь харж ялгах боломж байдаггүй юм байна. Харин зэстэй хольсон мөнгийг дахин хайлуулж өөр төрлийн үнэт эдлэл хийж болдоггүй аж. Энд худалдаа эрхлэгчид мөнгөн эдлэлээ сорьцын шинжилгээнд хамруулдаггүй нэг шалтгаан нь энэ байж ч болох.
Бид сорьцын хяналтын албаар шинжлүүлдэггүй аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавьж ажиллаж байгааг Баян-Ундраа худалдааны төвийн менежерээс тодруулахад “Манай зүгээс түрээслэгчдэд сорьцын хяналтын албаар баталгаажуулсан бараа зарахыг шаарддаг. Шаардлага биелүүлээгүй тохиолдолд МХЕГ зэрэг холбогдох газруудад мэдэгддэг юм. Бид иргэдийн хувийн өмчид халдаж хааж боох эрхзүйн үндэслэл байхгүй. Цагдаа хуулийн байгууллагын л хийх ажил” гэлээ.
Мөнгөн аягануудаа сорьцын хяналтын албаар шинжлүүлчхээд хэдэн сая төгрөгөөр үнэлэгдэх эмээлийг сорьцын хяналтын албаар шинжлүүлэхгүй худалдаалж байгаа нь лан унагаж иргэдийг залилж байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна. Иймд иргэд мөнгөн эдлэл худалдан авахдаа сорьцын хяналтын албаар баталгаажсан эдлэл худалдан авахыг анхааруулж байна.
Япон,БНХАУ, Хонгконг зэрэг улсуудад мөнгөн эдлэлийг худалдаалахдаа жинлэж үзээд л тухайн цаг үеийн алт, мөнгөний үнээр бодож худалдаалдаг юм байна. Өөрөөр хэлбэл ур хийцийн үнийг худалдаалахдаа нэмж боддоггүй аж. Цутгамал хэв нь бэлэн байдаг гэнэ.
ҮНЭТ ЭДЛЭЛ ХУДАЛДАН АВАХДАА ЮУ АНХААРАХ ВЭ
· Ямар ч тохиолдолд үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй, улсын сорьцын баталгаагүй түүнчлэн дээрх тэмдгүүд нь мэдэгдэхгүй, балархай, эсвэл цифрүүдийн шрифтийн хэмжээ харилцан адилгүй зэрэг эдлэлийг хийсэн металл нь үнэт металл биш гэж шууд ойлгож болно.
· Үнэт эдлэлийг худалдан авахдаа худалдагчаар нь жин, чулуун шигтгээ зэргийг шалгуулж авахаас гадна эдлэлийн нэр, сорьц, жин, чулуун шигтгээний нэр, байгалийн, таримал, дуураймал алин болох, carat зэргийг бичүүлсэн гэрчилгээг /сертификат/ заавал авах шаардлагатай.
· Ямар ч тунгалаг чулуун шигтгээний арыг будсан эсвэл далд хийсэн эдлэл байвал шигтгээ нь дуураймал чулуу гэж ойлгох хэрэгтэй.
· 583 юм уу түүнээс доош сорьцтой алтан эдлэлийг гарынхаа алга эсвэл цэвэр цагаан даавуун дээр сайтар үрэхэд ногоон бал гарах юм уу зэс үнэртэж байвал алт биш гэж ойлгоорой.
· Эрдэнийн чулуун шигтгээтэй алт, мөнгөн эдлэл нь нилээд өндөр үнэтэй учраас хүн бүр худалдан авч чаддаггүй. Иймээс худалдан авах чадвар багатай хүмүүст зориулан хийсэн дуураймал юм уу алт, мөнгөн хучилттай эдлэлийг ялгаж таних нь чухал. Цахилгаан химийн /гальвоник/ хучилттай эдлэл дээр хучилттай гэдгийг тэмдэглэсэн Pt18k, GP18К, Au 0.02 тэмдэглэгээг алтан, MНЦ, нейзилбер тэмдэглэгээг мөнгөн эдлэл дээр тус тус тавьсан байдаг.
· Үнэт эдлэлийг таних хамгийн энгийн арга нь үнэ. Ялангуяа үнэт чулуун шигтгээтэй алт, мөнгөн эдлэлийн үнэ асар өндөр байх бөгөөд үнэ хямд байвал үнэт эдлэл биш гэж ойлгож болох юм байна.