Нэгэнт төлөвлөлтгүй баригдчихсан Улаанбаатар хотыг яаж цэгцтэй бөгөөд хүндээ ээлтэй хот болгох боломжтой вэ? Дагуул хот барих ёстой юу?
Монголд бидний хүн амын тооноос, амьдарч буй газар зүйн онцлогоос шалтгаалаад ахин 2-3 хот шинээр хөгжих хэрэгтэй. Зөвхөн Дархан, Эрдэнэт биш Улаанбаатартай ойр байгаа аймгуудыг хотын статусаар хөгжүүлэх нь зөв. Нийслэлтэйгээ хоршиж ажилладаг шинэ хотууд бол зайлшгүй хэрэгтэй. Жишээ нь Дархан, Эрдэнэтийн хувьд хүн ам ихтэй ч хотын менежмент нь хөгжөөгүй. Өөр улс орнуудын хувьд нийслэл хотоос гадна маш олон хот байдаг. Аялал жуулчлал эсвэл эрүүл мэнд, эмчилгээгээрээ дагнасан хот байдаг. Солонгос улсад л гэхэд Сөүлийн хажууд медиа хот байдаг. Нэг талаараа хот гэдэг нь бизнесийн модель. Төрөөс нь хотод төсөв гаргаад л түүнийгээ арай ядан хүргэхдээ биш систем хөгжүүлж өөрийгөө санхүүжүүлдэг байх хэрэгтэй. Сөүлийн хөгжилд хөрөнгө оруулаад тэндээсээ хөрөнгө оруулалтын ашиг авдаг. Яг үүн шиг Улаанбаатар нийслэл хотын үүрэг гүйцэтгэж байгаа юм чинь Улаанбаатарын хүнсийг нийлүүлдэг зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэх хэрэгтэй.
Улаанбаатартаа амьдарч байгаа тохиолдолд хот доторх асуудлаа инновацлаг байдлаар шийдэх нь хамгийн зөв шийдэл. Инновацлаг хот болгоё гэж ярьж байна. Яаж инновацилаг болгох вэ?
Дэлхийн олон мянган хотууд бүгд Улаанбаатарын зовлонг туулаад гарчихсан. Улаанбаатар хот 1,5 сая хүнтэй байхад Станбул хот 15 сая хүнтэй. Өдөртөө дөрвөн сая жуулчин явдаг. Энэ мэтчилэн манай 1,5 сая хүний асуудал бусад хотын асуудлын хажууд маш жижиг. 1,5 сая хүн, 600 мянган машины түгжрэлээ шийдэж чадахгүй байна. Гэтэл яг манайх шиг газар нутаг дээр 15 сая хүнтэй хот асуудалгүй амьдраад л байна. Үүнээс үзвэл манай хот менежментгүй л байгаагийн илрэл юм. Үр ашиггүй зүйлсийг л үргэлж хийдэг. Зөвхөн харагдах барилга байшин, зам талбайн асуудал дээр төвлөрөөд байгаа болохоос нэг зам дээр 40 машин биш 400 хүнийг багтаах талаас бодохоор инновацийн асуудал ороод ирж байгаа юм. Инноваци гэхээр холын сансрын юм төсөөлөөд байдаг. Манайд х4 настай хүүхэд код бичиж сурч байгаа. Мөн цахиурын хөндийд программ хийдэг залуучууд ч байна. Энэ мэтчилэн миний хувьд хүн болгон хийж чаддаг зүйлсээрээ хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулаасай гэж их хүсдэг. Төр засгаас энэ тал дээр анхаарах ёстой ч тэднийг хэзээ хийх бол гээд хараад, хүлээгээд өөрөө хохироод байгаад байна гэдэг харамсалтай хэрэг шүү дээ. Тиймээс иргэдийн оролцоо маш чухал юм. Нэг жишээ байна л даа. Сөүлд тээврийн менежментийн хамгийн том шийдэл нь сурагч хүүхдээс гарсан байдаг. Тэр сурагч хүүхэд бүх автобусны чиглэл, зогсоол дээр ирэх цагууд, хүлээн авагчийн мэдээлэл гэх мэтчилэн бүх мэдээллүүдээ хотынхоо захиргаанаас судалгаанд ашиглах гэж байгаа юм аа гээд нэхээд авчихсан. Үүний дараа тэр сурагч үүн дээрээ код бичээд программчлаад хэн хаана хэдэн цагт чамайг хүргээд өгөх вэ гэдгийг тодорхой болгочихсон. Түүгээр нь автобусны суудлын тоог ч бараг харж болдог. Үүнийхээ төлөө тэр хүүхэд төлбөр аваагүй хотдоо хүлээлгээд өгчихсөн. Энэ мэтчилэн хүн болгон хотын эд эс учраас оролцох ёстой байдаг. Тиймээс бид дээрээс ямар нэг зүйлийг хүлээж байхынхаа оронд шинэлэг санаа гаргаж хотын хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Инновац гэдэг чинь ердөө шинэлэг байдал шүү дээ.
Чиний хувьд хотын засаглалын менежмент мэргэжилтэй. Үүнийхээ хүрээнд хотын судалгаа, төсөлд оролцож байсан уу?
Хотын засаглал гэхээр хүмүүс анх удаа сонсож байгаа юм шиг тохиолдол их гардаг. Засаглал гэдэг нь систем өөрөө өөрийгөө удирдах гэсэн үг. Хот гэдэг бол системүүдийн систем. Ямар хотод хүмүүс эрүүл, тайван, аз жаргалтай амьдрах вэ гэдэг зохицуулалтыг хийдэг салбар шинжлэх ухаан юм. миний хувьд Улаанбаатарт засаглал талаасаа оролцсон төсөл одоохондоо байхгүй байна. Харин Малайзад байхдаа сонгуулийн тухайн нэг хотын судалгаан дээр ажиллаж шийдлүүдийг олж байсан. Харин Монголд ТББ байгуулаад нийтэд мэдээлээд, таниулах төрлийн ажил руу орсон.