ШӨХТГ-ЫН ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭТЭЙ ЯРИЛЦЛАА.
Гамшгийн тухай хуулиар гамшгийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлсэн юм байна. Татварын хөнгөлөлт үзүүлээд байхад зарим бараа бүтээгдэхүүн үнэ нэмсэн асуудал гарсныг танайхаас шалгаж дууссан. Бизнес зарчмаараа үнэ нэмэхгүй байх ёстой байсан юм уу?
Бид өнөөдөр цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалд амьдарч байгаа. Гамшгаас хамгаалах хууль, ковид 19-ийн хууль, Засгийн газрын бэлэн байдлын зэргийн тухай тогтоол гэсэн гурван хуулийг мөрдөж байна. Эдгээр гурван хуульд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг олгох асуудлууд тусгагдсан. Бизнесийн үнэ нэмсэн асуудалд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар яагаад оролцоод байгаа юм бэ? гэж хүмүүс асуугаад байна. Үүн дээр гурил үйлдвэрлэгч, талх үйлдвэрлэгч, сүү үйлдвэрлэгч компаниуд үнэ нэмэхгүй гэдэг үндэслэлээр Засгийн газраас тодорхой хөнгөлөлт аваад явж байгаа. Тэр утгаараа үнэ нэмж байгаа энэ асуудал дээр Засгийн газрын тогтоолоороо Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хяналт тавьж ажиллах ёстой учраас үнэ нэмсэн газруудад шалгалт хийсэн.
Тохиролцоонд хүрсний дагуу татварын хөнгөлөлт олгож байгаа гэсэн үг юм байна. Гамшгийн үед үнэ нэмэхгүй байна гэсэн гэрээ хийсэн гэсэн үг үү?
Тухайлбал одоо би бодит жишээ хэлье. Алтан тариа ХХК 2020 онд импортолсон улаан буудайн гаалийн татвараас 602.9 сая төгрөг, НӨАТ-өөс 1 тэрбум 266.1 сая төгрөг хөнгөлүүлсэн. Өгөөж чихэр боов ХХК хувьд 2020 оны эхний хагас жил импортолсон ургамлын тосондоо 62,8 сая төгрөгийн гаалийн татвар, НӨАТ-аас 130,3 сая төгрөгийг тус тус чөлөөлсөн байгаа. Сүү ХК-ийн хувьд 2019 онд аж ахуй нэгжийн орлогын албан татвараас 339.2 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн. 2020 оны 4-8 –р сард нийгмийн даатгалын шимтгэлээс Сүү ХК 660,6 сая төгрөг, Талх чихэр ХК нэг тэр бум 22,1 сая төгрөгийн хөнгөлөлтүүдийг тус тус эдэлсэн.Хэзээнээс хойш хөнгөлүүлт эдэлсэн гэсэн үг вэ? 2020 оны 4-р сарын 9-ний өдөр батлагдсан гаалийн татвар чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 2020 оны 154-р тогтоолыг тус тус үндэслэн олгосон.
Эдгээр нэр дурдсан компаниуд ийм хэмжээний хөнгөлөлт эдэлсэн хэрнээ бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн гэсэн үг үү?
Алтан тариа компани зэрэг гурил үйлдвэрлэгч компанийн хувьд 2-3 боломж байгаа. Нэг нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас улаан буудайг хямдралтай үнээр авах боломж нь байсан ч аваагүй. Аваагүй нөхцлөө бол Улаанбаатар гурил компанид нэг дор өгсөн гэдэг ийм шалтгаан хэлж байна. Гэхдээ тухайн үед бол Хөдөө аж ахуйг дэмжих сангаас бүх гурилын үйлдвэрт санал тавиад тэндээс Улаанбаатар гурил компани саналыг хүлээн аваад, авсан. Хоёрдугаарт тухайн газар тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүдээс худалдаа хийгээд нөөц үүсгэх байсан. Үүнийг хийсэн эсэх нь өөрсдийнх нь асуудал болж байгаа юм. Гуравдугаарт импортоор буюу ОХУ-аас улаан буудай авч ирэх, импортолсон улаан буудайг нь гаалийн татвар чөлөөлчихөөд байна. Боломжоороо өөрсдөө оруулж ирээд татаад явах ёстой боломж нь өөрсдөд нь байгаа. Энэ гурван боломж байсаар байтал ганцхан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас бид улаан буудай аваагүй гэдэг үндэслэлээр манай улаан буудайн нөөц дууссан учраас бид үнэ нэмсэн гэдэг. Ийм асуудал яриад байгаа юм.
Алтан тариа ХХК гурилын үнээ хэдэн төгрөгөөр нэмсэн бэ?
Алтан тариа ХХК хувьд кг тутамд 100-330 төгрөгөөр нэмсэн. Бусад гурилын компаниуд үнээ нэмээгүй. 10-р сарын нэгний өдрөөс гурилын үйлдвэрлэгч компаниудаас үнээ нэмнэ гэсэн мэдэгдэл орж ирсэн. Тухайлбал өнгөрсөн жил төрөөс улаан буудайг гурил үйлдвэрлэгч компаниудад нийлүүлэхдээ тонн тутмын 560 орчим мянган төгрөгөөр нийлүүлсэн. Энэ жил бол 600-660 орчим мянган төгрөгөөр нийлүүлж байна. Тонн тутамд 100 мянган төгрөгийн, кг тутамд 60 орчим төгрөгийн ийм үнэ нэмэгдэлд орж ирж байгаа. Иймээс гурилын компаниуд 10-р сарын нэгнээс бид үнэ нэмнэ гэдгээ мэдэгдэж байгаа. Энэ асуудлаар өнөөдөр бид Монгол улсын шадар сайд, УОК-ын даргатай уулзаад тухайн гурил үйлдвэрлэгч компаниудтай холбоотой буюу улаан буудайтай холбоотой асуудлыг тавьсан. Одоо энэ гурилын үнэ нэмэгдээд явахад цаашдаа юу болох талаар бидэнд ямар нэгэн хариулт одоогоор өгөөгүй байгаа.
Тэгэхээр энэ шалгалтуудыг хийсний дараа үнэ буух уу?
Үнэ буулга гэдэг шаардлага тавина. Нэгэнт зөрчлийн хэрэг нээгээд тухайн хэрэг дээр торгуулийн шийдвэр явагдаж байгаа учраас үнэ буулгах процессыг бид хийнэ. Хоёрдугаар асуудал нь гамшгаас хамгаалах хуулийн заалтаар торгууль тавигдана. Талх чихэр ХК-ийн хувьд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох атар талхны үнийг нөхдүүд нэмээгүй, нэмүү өртөг шингэсэн талхнуудын үнийг нэмсэн учраас бид энэ асуудлыг огт хөндөөгүй. Сүү хувьцаат компанитай холбоотой асуудал дээр жишээлбэл үнэ нэмсэн шалтгаан нь малчдаас буюу сүү нийлүүлэгч фермерүүдээс авч байгаа сүүнийхээ зардал дээр 100 төгрөг нэмсэн гэсэн. Өмнө нь литр сүүг 800 төгрөгөөр авдаг байсан бол одоо 900 төгрөгөөр авч байгаа. Тиймээс худалдаалж байгаа үнэ дээр 100 төгрөг нэмэхээс аргагүй. Гэтэл Монголын фермерүүдийн холбоо гээд малчид болоод фермерүүдийн нэгдсэн холбоо нь бид 100 төгрөг нэмснийг хүлээн зөвшөөрөхгүй хоёр талдаа суучихсан. Улсаас татварын хөнгөлөлтүүд эдлүүлж байгаа өргөн хэрэглээний бараанууд дээ бид хяналт тавьж ажиллахаас өөр аргагүй юм. Жишээ нь шатахуун, мах махан бүтээгдэхүүн, гурил гурилан бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлууд багтаж байгаа.
Татварын Ерөнхий газар гамшгийн тухай хуулиар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бизнесүүдэд хөнгөлөлт олгож байгаагаа нээлттэй зарлахгүй байхыг хүссэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга шинээр томилогдов уу, үгүй юу бизнесийнхэнтэй дайн зарлалаа, бизнесийнхний бизнес зарчмаар ажиллах боломжийг хааж байна гэсэн ойлголтууд их гарсан. Бизнесүүд ийм хөнгөлөлт олгож байгаа талаар хэр сайн мэдээлэлтэй байгаа вэ? Хөнгөлөлтөө хангалттай эдэлж чадаж байгаа юу?
Бизнесийн байгууллагууд өөрсдөө бол мэдээлэлтэй байгаа шүү дээ. Жишээлбэл Татварын Ерөнхий газраас тухайн татварын хөнгөлөлттэй холбоотой, Гаалийн Ерөнхий газраас гаалийн хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг авахад Татварын байгууллага жишээ нь тухайн хөнгөлсөн хөнгөлөлтийг аль болох зарлахгүй байхыг хүсэж байна гэж нэг ажилтан хэлж байсан. Энэ чинь нууцын зэрэглэлтэй асуудал биш нэгдүгээрт. Хоёрдугаарт хэрвээ нууцын зэрэглэлтэй асуудал байвал бидэнд мэдэгдэх ёстой. Нууцын зэрэглэл гэсэн тэмдэгтэй ирэх ёстой. Тийм тохиолдолд яагаад тухайн компанийн эдэлж байгаа хөнгөлөлт урамшуулалтай холбоотой асуудлыг нийтэд нээлттэй зарлахгүй байгаа вэ гэдэг асуудал бас асуулт тэмдэгтэй хэвээрээ үлдэж байгаа.
Энэ татварын хөнгөлөлт хэдий хугацаанд эдлэх нь тодорхойгүй байгаа юу?
УОК-ийн шийдвэрүүд бол сунаад сунаад явж байгаа. Одоо бол шинэ ургац гарч байгаатай холбогдуулаад ургацын хэдэн хувь байна гэдгийг тодорхойлно. Сая гурил үйлдвэрлэгч компаниудаас ирж байгаа мэдээллээр бол энэ жилийн ургац алдагдалтай байна. Хоёрдугаарт бид Хөдөө аж ахуйг дэмжих сангаас бидэнд тонн тутамд хуучин авч байснаас 100 мянган төгрөгөөр үнэ нэмж байгаа. 660 мянган төгрөг хүртэл нэмж байгаа учраас гурилын үнийг нэмэхээс өөр арга алга гэдгээ бидэнд мэдэгдээд байгаа. Одоо 10-р сарын нэгнээс гурилын үнэ нэмэгдэнэ гэдэг мэдэгдэл бидэнд өгчихсөн байна. Бид өнөөдөр Монгол улсын шадар сайдад гурилын үнэ нэмэгдэж байгаатай холбоотой асуудлаа танилцуулсан. Бид судалж байна. Тонн тутамдаа 100 мянган төгрөг нэмж байгаа тохиолдол үүсвэл яах вэ? Гэдгийг УОК дээр авч ярилцаж, хэлэлцэх ёстой. Тэд нарын эрх үүргийн асуудал гэсэн үг.
Ломбардууд хуулийн цоорхой ашиглан иргэдийн мөлжиж байгааг шалгаж байна Ер нь үе үеийн ШӨХТГ-н дарга нар бизнесүүдийг үнээ буулга, хаана торгоно, шалгана гэж “попорлоо” гэж хэрэглэгчид шүүмжилдэг. Яг үнэхээр шалгалт, судалгаа хийгээд үр дүн гарсан ажлууд байдаг уу? Үр дүн гаргаж ямар ажлууд одоо хийж байна?
Бид зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй гэдэг акц өрнүүлсэн.
Одоо ороод харвал дэлгүүрүүд зарагдсан барааг буцаахгүй гэдэг бичгээ авчихсан байгаа.
Та бүхэн шалгаад үзээрэй. Тухайн зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй гэдэг асуудал өөрөө хэрэглэгчийн эрхийн хуулийн 12-р зүйл дээр байгаа. Үүн дээр бид зөрчлийн хуулийн 10.2.2 гэдэг акцаар таван сая төгрөг, иргэн бол 500 мянган төгрөгөөр торгох заалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Нөгөө талдаа юу байна гэхээр дэлгүүрүүд эсвэл үйлчилгээний байгууллагууд маань угаасаа л хуулиа мөрдөөд ажиллах юман дээр ажилдаггүй. Заавал өндөр дүнтэй торгууль сонсож байж хуулиа мөрддөг. Одоо бид ломбардуудын шалгалт хийж байна. Шалгалт үр дүнтэй явж байна. Нийтдээ 997 ломбард Улаанбаатар хотын хэмжээнд байна. Бид 180 гаруй ломбардыг хяналт шалгалтын хүрээнд хамруулсан. Зөвхөн 180 ломбардын гэхэд 36.8% нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Гаднаа үгээр л ломбард гэсэн бичиг тавиад иргэдийн эд хөрөнгийг бага мөнгөөр үнэлэж авч байна. Энэ бол мөнгө хүүлэлтийн систем юм. Мөн нэг хүн маш олон ломбардыг зэрэгцээ газар ажиллуулж байна. Тухайлбал банк, банк бус санхүүгийн байгууллагууд Монгол банкан дээр бүртгэлтэй иргэд зээл авахад тэр зээл нь бүх банкны систем дээр харагдаад явчихдаг. Ломбард өнөөдөр энэ хууль эрх зүйн орчин дутагдалтай байна.
Нэг банк бус санхүүгийн байгууллагатай байснаас олон ломбардтай байх нь хяналт шалгалтгүй, өндөр хүүтэй байдаг гэсэн хуулийн цоорхой ашиглаж нэг эзэн олон ломбардууд ажиллуулж байна. Ломбардыг ер нь хаанаас зохицуулдаг юм бэ? Санхүүгийн зохицуулах хороонд хамаарах уу?
Дүүргийн үйлчилгээний газраас л зөвшөөрөл аваад явж байгаа. Үүнийг жишээлбэл өнөөдөр яалтчгүй нийтийн хэрэглээ гэдэг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэж ярьдаг шиг санхүүгийн нийтийн хэрэглээ нь ломбард байгаа юм. Нэг км хүрэхгүй газар 40 ломбард байна. Тэр 40 ломбард нь бараг худалч хүнд нэг хүний эзэмшил байна. Жишээлбэл 300 сая төгрөгтэй хүн байлаа гэхэд банк бус байгуулаад явах уу? Олон ломбард байгуулаад явах уу гэхээр олон ломбард байгуулаад явах хууль эрх зүйн цоорхой нь тэр хүнд ашигтай байгаа. Банк бол жишээ нь 3.5 – 4% хүү авна. Ломбард бол 8%, 10% хүү авч байна. Хүний эд хөрөнгийг үнэлэхэд банк бус бол заавал үнэлгээний компани, даатгалын компанитай харьцаж байгаа. Ломбард бол тийм юм байхгүй шууд хүний сая төгрөгийн үнэтэй зүйлийг 100 мянган төгрөгөөр үнэлж аваад. Нөгөө хүнд бол бэлэн мөнгө хэрэгтэй болохоор тухайн үед хэрэглээгээ хангаад 100 мянгаа аваад 900 мянга нь тэр байгууллагад орлого болоод үлдэж байна.
Тэгэхээр үүн дээр танайхаас ямар зохицуулалт хийж байгаа вэ?
Бид шалгалтаа ЦЕГ, Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч хийж байна. ЦЕГ бол зөвшөөрөлгүй ломбардыг шууд газар дээр нь хааж байгаа. Бид бол ломбардуудыг 20 сая төгрөгөөр торгож байгаа.