Эрүүл мэндийн яамны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгохдоо нийт 26 иргэн, аж ахуй нэгжүүдээс удаа дараа их хэмжээний хахууль авсныг нь тогтоож АТГ-т саатуулсан байна.
Тодруулбал, Н.Чимэдлхамтай холбоотой авлигын мэдээллийг өнгөрөгч хоёр жил гаруйн хугацаанд иргэдээс ирүүлж байсан ба энэ оны тавдугаар сард Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр Монгол Улсын гавьяат хуульч С.Нямжавын охин бөгөөд Н.Чимэдлхамын авлигын хэрэгт хэд хэдэн УИХ-ын гишүүдийн нэрс мөн холбогдож байгаа гэлээ.
Монгол Улсын гавьяат хуульч С.Нямжав нь 1975-1977 онд Булган аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгч, 1977-1980 онд Булган аймгийн ардын хэсгийн шүүхэд шүүгч, 1980-1987 онд Булган аймгийн шүүхийн шүүгч, арбитрч, орлогч дарга, 1987-1998 онд Булган аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгч, 1998-2012 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2012.01.06-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажилласан бөгөөд шүүгчээр нийт 37 жил ажиллажээ.
Түүнчлэн Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нарт холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн гэх боловч уг хэрэг шийдэгдээгүй нэг жилийн нүүр үзэж байна. Монгол Улсын шүүхийн байгууллагын эрхэм шүүгч нар өргөсөн тангарагтаа үнэнч, шударгаар уг хэргийг шийдвэрлэх нь чухал юм. Шүүгчийн тангарагт “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж заасан байдаг.