Энэ сарын 23-нд “Мөнх тэнгэрийн цаг” ТББ, Чингис хааны өв музейтэй хамтран лаан баримлын “Хубилай хаан ба монгол жанжид” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээлээ.
Энэ талаар Д.Дэлгэрмаа, “Манай компани 2012 оноос энэхүү лаан технологиор ази хүний царай, харцыг хэрхэн гүн харуулах талаар ажиллаж “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдэн үлдсэн хүлэг баатрууд болон ноёд хатдын баримлыг урлаж эхэлсэн. Чингис хааны сэдэвтэй олон баримал дунд Хубилай хааны өв соёл Европын жуулчдад илүү танигдсан байдаг. Марко Пологийн тэмдэглэлээр дамжуулан Европын жуулчдын сонирхлыг Хубилай хааны түүх татдаг. Тиймээс хоёр жилийн хугацаанд төлөвлөж, гурван сарын хугацаанд бүтээн баримлыг Хубилай хааны мэндэлсний 805 жилийн ойд зориулан өнөөдөр олон нийтэд толилуулж байна. Мөн манай музейн ерөнхий зөвлөхөөр профессор Н.Сүхбаатар ажилласан. “Монголын нууц товчоо”-нд 400 гаруй хүний дүр тэмдэглэгдсэн байдаг. Хэрхэн үүнийг буулгах вэ гэдгийг маш сайн зөвлөсөн. Хүмүүсийн харц, өндөр нам нуруу гэхчлэн “Монголын нууц товчоо”-ноос иш татан авч дүрүүдийг амилуулсан. Энэхүү лаан технологи нь бор шаргал, ази царайтай хүмүүсийн онцлогийг сайн гаргаж өгдөг. Өнгө тавилт, хүний арьсны нугалаа, харцыг сайн харуулж өгдгөөрөө давуу талтай байдаг” гэв.
Түүнчлэн лаан баримлуудад гэмтэл учруулахгүй бол энэ хэвээрээ 15-20 жил болдог. Лаа манай орны эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой, халуун хүйтэнд тэсвэртэй, бат бэх сайн чанарын материал юм.