Өнөөдөр /2020.9.18/ Төрийн ордонд Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг салбарын төлөөллүүд дунд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн зорилго нь 2000-аад оны эхэн үеэс шат шатны эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжиж эхэлсэн цахим шилжилтийг дүгнэн ярилцаж, өнөөгийн тулгамдаад буй хүндрэл бэрхшээл, цаашид хэрхэн ажиллах шаардлагатай байгаа талаар ярилцлаа.
Уулзалтанд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, хүний гавъяат эмч Ж.Чинбүрэн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, улсын 1,2,3 дугаар шатлалын эмнэлгүүдийн мэдээллийн технологийн хэлтэс, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Эрүүл мэндийн яам болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс энэ чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулсан бол хэлэлцүүлгйн шатанд олон олон санал санаачлага гарч байлаа.
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал: “Эрүүл мэндийн цахим шилжилтийг цаг алдалгүй хийж эхлүүлснээр бид 2023 он гэхэд: Иргэд бүх шатны эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ оочерлож дугаарлахгүйгээр хуваарийн дагуу очоод шууд үзлэг оношлогоондоо хамрагддаг болно. Өөрийн үзүүлсэн эмчтэйгээ заавал очих шаардлагагүйгээр цахимаар харилцаж дараа дараагийн заавар зөвлөгөөгөө авдаг болно. Эмнэлэгт бичиг цаас бариад өрөө өрөөгөөр гүйдэг биш өрөө хооронд таны мэдээллийг агуулсан дата өөрөө гүйдэг болно. Иргэн бүрийн эрүүл мэндийн цахим бүртгэл хийгдэж урьдчилан сэргийлэх хуваарьт үзлэгүүдийг цаг тухайд нь иргэдэд сануулдаг болно. Нэг үгээр дүгнэн хэлэхэд, цахим орчинг ашиглан иргэд эмнэлэг дээр ирэх эмнэлэг иргэд дээрээ очдог нөхцөл байдлыг бий болгохыг урьтал болгон ажиллахыг зорьж байна.” Гэлээ
Тус хэлэлцүүлгийн дүнд Инновац, цахим бодлогын байнгын хорооноос зөвлөмж боловсруулах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал дээр үнэлэлт дүгнэлт гаргуулж, цаашдын зорилго, авах арга хэмжээг тодорхой болгон ажиллах юм.