Солонгос улсад ажиллаж амьдардаг нэгэн гэр бүл манай редакцад хандлаа. Тэд ой гарантай хүүгээ 2020 оны 9-р сарын 3-ны Сөүл-Улаанбаатарын чиглэлийн чартер нислэгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт Монгол руу явуулжээ. Хүү нь одоо Maison гэх буудлын 508 тоот өрөөнд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт тусгаарлагдаж байна.
Харамсалтай нь хүү 2020 оны 9-р сарын 14-нд буудлын өрөөнд байсан шүүгээнд гараа хавчуулж, улмаар гурван хурууных нь шөрмөс тасарчээ. Буудлын ажилтнуудад энэ тухай хэлэхэд буудалд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх юу ч байгаагүй байна. Ингээд ГССҮТ-өөс эмч ирж үзээд, оёод явсан байна.
Хүүгийн гарыг оёсон эмч хэлэхдээ, "гурван хурууных нь шөрмөс тасарсан. Яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай. Хагалгаанд оруулахгүй удвал наалданги үүсэж, шөрмөс залгах боломжгүй болно. Шөрмөс залгасан ч хуруунууд нь насан туршдаа хөдлөхгүй болох эрсдэлтэй. Тиймээс шөрмөс залгах хагалгаанд яаралтай оруул" гэжээ.
Ингээд хүүгийн ар гэр улсын онцгой комисс, эрүүл мэндийн яаманд энэ талаараа дуулгаж, өргөдөл гаргасан байна. Тэд энэ сарын 15-нд хүүг өөр эмнэлэг рүү шилжүүлнэ гэсэн ч 16-нд шилжүүлэхээ болилоо гэсэн хариу өгчээ. Хүүг хагалгаанд оруулахаар эмнэлэг рүү шилжүүлвэл хагалгаа хийсэн эмч нарыг 21 хоног тусгаарлах болно тиймээс боломжгүй гэжээ. Хүүгийн тусгаарлагдах өдөр 9-р сарын 25-нд дуусах ба ахиад найман өдөр өнгөрч, хугацаа алдахаар байна.
Улсын онцгой комисс оо! Тангараг өргөсөн эмч нараа ! хүү насан туршдаа хуруунууд нь хөдлөхгүй хөгжлийн бэрхшээлтэй болох уу? Эмч нарыг тусгаарлахаас төвөгшөөж хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүргээ хойшлуулж болох хэрэг үү?
Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 4-р зүйлд зааснаар "төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах" гэсэн байдаг. Гэтэл төр, тангараг өргөсөн эмч энэхүү хуулийн заалтыг илтэд зөрчиж байна.