Бизнес өрөг нэвтрүүлгийн шинэ цуврал “Өрөг” нэртэйгээр Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз MNB –ээр үзэгчдэдээ хүрч эхэллээ. Энэ удаагийн зочноор урлагийн салбарт амжилттай ажиллаж яваа дуучин Ука /Д.Уламбаяр/-тай ярилцлаа.
Энэ удаагийн дугаарын зочин хөтлөгч:
- MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин
- Хөгжийн зохиолч Б.Одбаяр /Оки/
Уран бүтээлч хүний нэг дуу, клип бүтээх ажил нь бизнесээр бол нэг төсөлтэй адил. Хэдий хугацаанд, яаж ажиллаж нэг дуу төрдөг вэ?
Нэг дуу бүтэх хугацаа янз бүр. Заримдаа цаг нь таарвал нэг сарын дотор, заримдаа зургаан сарын дотор ч бүтдэг. Багагүй ажил болно. Би мэргэжлийн хүмүүсээр нь ажлыг чанартай хийлгэхийг боддог. Өөрөө дууныхаа үгийг хэд хэдэн удаа бичихийг оролдож байсан ч дөрвөн мөрөөс илүү дуу болж байгаагүй ээ. Аяыг нь ч хөгжмийн зохиолчдоор бичүүлнэ. Хөгжмийн найруулга буюу микс мастерингаа гадагшаа явуулж хийлгэдэг. Энэ нь дууны хөгжмийг хүний чихэнд тааламжтай сонсогдох, зарим хэсэг дээр хүч өгөх зэргийг хэлж байгаа юм. Дуу бэлэн болмогц энэ дуун дээрээ би ямар дүр төрхтэй гарах вэ гэдгээ тодорхойлно. Дахин давтагдашгүй дүр гаргахыг хичээдэг.
Нэг дуу, клип хэдий хэмжээний өртгөөр бүтдэг вэ?
Хамгийн сэтгэл ханамжтай үнэ бол 20 сая төгрөг. Мэдээж үүнээс арай хямд үнээр ч хийж болно л доо. Гэхдээ чанартай хийе гэвэл үнэтэй л гэсэн үг.
Кино бол IPTV-д өгөөд, кино театруудаар өгөөд ашгаа олдог. Манайд дууг төлбөртэйгээр татаж авч сонсох хандлага бага. Ашгаа та яаж олдог вэ?
Миний дуу, клип, уран бүтээл бол миний нэрийн хуудас гэсэн үг. Маш сайн чанартайгаар хийвэл бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нүүр царай нь болох рекламд нь тоглох байдлаар санхүүжнэ гэсэн үг.
Зарим мэргэжлийн хүмүүс сүүлийн үеийн уран бүтээлчид дууг хэт “үйлдвэрлэдэг” болж гэж яриад байдаг. Үйлдвэрлээд байна гэдэг нь нэг дуу шиг л хоорондоо ялгарахгүй бүтээл гарахыг хэлж байгаа байх. Чанартай уран бүтээл гэж ямар уран бүтээлийг хэлэх вэ?
Хөгжмийн зохиолч Оки:
Намайг Өөжгий ах зэрэг туршлагатай ах нар хэт үйлдвэрлээд байна уу гэдэг л байсан. Гэхдээ ойрхон давтамжтай олон уран бүтээл хийж байж хоорондоо адилхан биш байна, чи гэдэг хүнийг уран бүтээлээс чинь тодорхойлох бүр л хэцүү болж байна гэдэг байсан. Миний хувьд бол залуу уран бүтээлчид аль болох сайн ажиллаж олон уран бүтээлийг олон янзаар хийж л байх хэрэгтэй. Хийхгүйгээр хэзээ ч хийж сурахгүй. Хөгжмийн урлагт авьяастай байхаас илүү хөдөлмөрч байх нь өөрийгөө авьяастай юу эсэхээ мэдэх боломж юм. Хөгжмийн чадвар бол олон жилийн академик сургалтаар хичээллэж хичээллэчихээд яг сургууль төгсөх үедээ авьяастай авьяасгүйгээ мэдэх тохиолдол ч байдаг. Уран бүтээлч болгон өдөр бүр “би ер нь авьяастай юу үгүй юу” гэдэг асуулттай тулгардаг. Хөдөлмөр, сургалт хийхгүйгээр үүнийгээ тодорхойлох хэцүү.
MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин: Урлаг бол мэдрэмж, сэтгэлийн таашаал. Тэр таашаалын хэмжигдэхүүн нь их байна уу, бага байна уу гэж өрсөлдөж хэмжигдэхгүй байх. Чартын нэг хоёрт орсон эсэх, хичнээн хэмжээний ашиг олсноор ч урлагийг чанартай чанаргүй гэж ангилахгүй байх. Үзэгч, сонсогчдоо хэр зэрэг мэдрэмж төрүүлж байгаа вэ гэдэг нь зорилго нь. Бүгдэд нь заавал таалагдах албагүй. Дээр үед бүгд нэг хүнийг шүтэх, даган дуурайх хандлагатай байдаг байсан. Жишээ нь Д.Сүхбаатар гуай шиг л мундаг хүн болох юмсан гэдэг ч юм уу. Одоо бол яг өөрөөрөө байх, урлагаас авах мэдрэмжийг өөрөөрөө мэдрэх, өөртөө таалагддаг зүйлээ л сонсох боломжтой болсон. Тухайн уран бүтээл хүн хүнд өөр мэдрэгдэнэ, цаг үеэсээ шалтгаалж бас өөр мэдрэгдэнэ.
Ука: Жишээ нь “Би чамд хайртай” гэдэг өгүүлбэрийг дууллаа гэхэд сонсож байгаа хүнд хайрлагдсан юм шиг мэдрэмж өгөх нот, ая түүндээ тохирсон дуулалттай байх ёстой. Оки бид хоёрын хамт ажилласан “Хөг-жим” цомог бол миний хувьд амьдралдаа хийсэн хамгийн гоё цомгуудын нэг. Монголын язгуур хөгжмийн зохиолуудаас, язгуур дүр төрхөөс нь үндэслүүлж орчин цагийн зах зээлд танилцуулж хийсэн ажил. Энэ цомог маань 2017 оны шилдэг цомог болж байсан.
Киви хамтлаг тараагүй, тун удахгүй тоглолт хийнэ
Киви хамтлаг байгуулагдаад 17 жил өнгөрчээ. Одоо яагаад нийлж уран бүтээл хийхгүй байна вэ? Бараг тарчихсан гэж хэлж болох уу?
Үгүй бид тараагүй. Уг нь энэ 12-р сард Киви хамтлагийн тоглолт болох байсан. Коронагаас болоод бүх төлөвлөгөөнүүд хойшлоод байна. Миний хувьд арван нэгдүгээр сарын зургаанд өөрийн бие даасан тоглолтыг хийхээр бэлтгэлдээ орчихсон байгаа. “Steppe Arena –Талын дэвжээ” өвлийн мөсөн өргөөний нээлттэй холбоотойгоор олон ажил төлөвлөчихсөн том баг ажиллаж байна.
Анх ямар ч цалингүй, автобусаар яваад л бэлтгэлээ хийдэг байсан. Киви хамтлаг байгуулагдаад таван жилийн дараагаас санхүүгийн эрх чөлөөнд хүрч байсан.
Анх Киви хамтлаг продюсертай байсан. Продюсер Б.Ангирмаа нь маш хатуу диктатуртай ажилладаг. Гурван охиноо нөхөрт ч гаргадаггүй дуулуулдаг гэсэн яриа их тарж байсан. Тэр үед яаж ажилладаг байв?
Продюсер Б.Ангирмаа багш маань бодлогоо гаргана, санхүүгээ босгоно, дуугаа зохионо гээд бүгдийг хийдэг байсан. Бид бэлтгэлээ сайн хийгээд л дуугаа дуулна. Багш маань тэр үед та нар юу ч үгүй байж, юу ч мэдэхгүй чадахгүй байж юун зугаа цэнгэл, юун нөхөр вэ. Ажлаа л сайн хий гэдэг байсан. Тухайн үед бол хүнд сонсогддог байсан ч одоо бодоход тэгж ажилласны хүчээр л өдий зэрэгтэй уран бүтээлч чадсан гэж боддог. Хүн ер нь шахуулаад ажиллаад байхаар тэрийгээ шахуулж байна гэж бодохоо больж дадал болж суудаг.
Одоо ч гэсэн би шинэ залуу уран бүтээлчдийг хараад ингэж зүгээр сууж байхаар ганц сайн бэлтгэл хийгээд л, биеэ сайхан хөөлгөөд л, ганц юм шинээр сурчихвал энэ хүн хол явна даа гэж хардаг болсон байна лээ.
Найзуудтайгаа хамт шоудахаар гарахдаа хүртэл багшаасаа зөвшөөрөл авдаг байсан. Багш дурамжхан зөвшөөрөл өгсөн бол цаанаа л гэм хийчихсэн юм шиг хэцүү. Энэ бол манай багш хатуу чанга, биднийг хараа хяналтдаа байлгадагтаа биш. Бид хийж байгаа ажилдаа дэндүү дуртай болохоор ажлаа хүндэтгэж, биднийг дэмжиж, чиглүүлж байгаа багшийг хүндэтгэсэндээ тийм харилцаа бий болж байгаа гэсэн үг юм. Тэр үед бол өдөр болгон л бүжгийн бэлтгэл, хоолойн бэлтгэл хийнэ. Ямар хувцас өмсөхөө төлөвлөж түүнийгээ бэлтгэнэ, орой нь тоглолттой байна, хажуугаар нь фитнесдээ явж өөрийгөө хөгжүүлнэ гээд их л ажилтай, завгүй байдаг байсан.
Анх та нар цалинждаг байсан уу?
Эхний гурван жил ямар ч цалингүй, автобусаар явна, алхана. Шинэ дуу, клип гаргаж түүнийгээ телевизээр цацуулаад хүмүүс үзчихсэн байвал тэр нь бидэнд мөнгөөр үнэлшгүй их цалин юм шиг л санагддаг байсан. Киви хамтлаг байгуулагдсанаас хойш таван жилийн дараагаас санхүүгийн эрх чөлөөтэй болж байсан. Эхний нэг жил бол ямар ч дуу гаргахгүй зөвхөн бүжгийн бэлтгэл хийгээд л, багшдаа өөрсдийнхөө юу чаддагийг харуулахыг их зорьдог байсан.
Гэр бүлийнхэн нь урлагийн хүн болохыг нь дэмжиж байсан уу?
Эргэн тойрны хүмүүс маань урлагаар хол явахгүй ээ, өөр ажил хийхгүй юм уу гэж их хэлдэг л байсан. Аав минь ялангуяа миний охинд нарийн бичгийн ажил л их сайхан тохирно, нарийн бичиг болооч ээ гэдэг байсан. Манай аав нарийн бичгийн ажилд их дуртай байсан юм шиг байгаа юм /инээв/
Нөхөртэй болоод их зоригтой болж байсан. Ганцаараа байхдаа хүмүүс юу гэж хэлэх бол гээд хүссэн хувцасаа ч өмсөж чаддаггүй байсан.
Одоо үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдчихсөн дуучин болсон. Ажиллах арга барил нь өөрчлөгдсөн үү?
Хүүхэдтэй болсноос хойш амьдралын дадал өөрчлөгдсөн. Өглөөний цагаа хоёр хүүхдэдээ зориулна. Өглөөний цайг нь бэлдэж өгөөд, тэднийг ажиглана, ярилцана. Юунд дуртайг нь мэдэхийг бодно. Одоо харин хадам аав ээж маань та хоёр ажилдаа цаг гарга гээд хүүхдүүдийг минь харж өгч байгаа. Voice шоуны хоёр ч улирлын ард гарлаа. Их юм сурсан. Одоо бүх ажлаа яг бизнес болгож хийж байна. Урд нь хоббигоороо бэлтгэл хийгээд, цалин хэдийг ч авсан яах вэ гэж ажилладаг болсон. Одоо дүр төрх, уран бүтээл, цагийн хуваарь гээд бүгдийг нь нарийн төлөвлөж бизнесийн зарчмаар ажиллаж байгаа. Хажуугаар нь өөрийгөө хөгжүүлэхээ орхиж болохгүй. Уран бүтээлч хүн гэдэг бол үргэлж үзэгчдийнхээ түрүүнд явж байх хэрэгтэй. Үүний тулд их юм үзэж, судлах хэрэгтэй болдог.
Таны хувьд харьцангуй сүүлд гэр бүлтэй болсон. Нөхөртэй болох үедээ багшаасаа зөвшөөрөл авсан уу? /инээв/
Үгүй шүү дээ /инээв/. Тэр үед багш маань харин ч Уламбаяраа одоо хүнтэй суу, нөхөртэй бол. Хүмүүс намайг барьж идэх нь. Найз залуу байна уу гэдэг байсан.
Ээж болоод уран бүтээлдээ гаргах илэрхийлэл нь өөрчлөгдсөн үү?
Ээж болоод нэг их өөрчлөгдөөгүй. Харин нөхөртэй болоод илүү зоригтой болсон. Хүссэн хувцсаа өмсөж, хүссэн цүнхээ барьдаг болсон. Ганцаараа байхдаа янз бүрээр хэлүүлэхээс, намайг хүн тэгээд бодчих вий гэдгээс айдаг байсан. Энэ гутал цүнхээ хэнээр авахуулсан бол гэсэн харцнаас тийм айдас үүссэн байх. Өмнө нь намайг цалингаараа машин авч унахад энэ тийм залуугаараа машинаа авахуулсан байх гээд холбож бичиж байсан зэрэг бүр айдастай болгосон.
Дуу болгон дээрээ өөр өөр дүр төрхтэй гарч ирдэг. Тэр дүр төрхийг хэн бүрдүүлж өгдөг вэ? Хувийн стилисттэй юу?
Хувийн стилист байдаггүй. Өөрөө судалж байгаад л дүр төрхөө бүрдүүлдэг.
Сүүлийн үед зураг зурах хоббитой болсон. Мэдрэмжийг минь өөрөөр хөгжүүлж байгаа
Хүн хоббитой байх нь сэтгэлзүй талаасаа, бүтээлч байдалд нөлөөлөх талаасаа ч олон талын давууг бий болгодог. Зүгээр нэг хобби гэж сонсогдож байгаа ч хүний сэтгэлзүйг хүчтэй болгож байдаг юм байна. Таны хувьд уран бүтээлч хүн учраас шинээр сэтгэх шаардлага их тулгарч байгаа. Тэр мэдрэмжийг юунаас авдаг вэ? Ямар хоббитой вэ?
Өнгөрсөн намар гэр бүлийн найзуудаараа Европоор аялж үзэсгэлэн үзсэн. Тэр бас намайг арай өөрөөр хөглөсөн. Аялалаас ирээд л би шууд зураг зурмаар санагдаад хичээл авч зурж сурч байгаа. Абстракт төрлийн зурагт илүү дурлаж, өнгө будгийн нийцлээс ямар өнгө ялгарч байна, ямар дүрс тодорч байна зэргийг харж мэдрэмж авах түүнийгээ найзуудтайгаа хуваалцах их гоё. Би өдөр тутамдаа хийдэг зүйл гээд энгийн юмнаас мэдрэмж авахыг боддог. Жишээ нь маш гоё хоол идэх. Гэртээ гоё хоол хийж, ширээ засаж гэр бүлээрээ тойрч суугаад гоё зүйлс ярьж, хоолоо мэдэрч идэх зэрэгт ач холбогдол өгдөг. Тэр мэдрэмжээ буцаад уран бүтээлдээ илэрхийлэхийг зорьдог.
Д.Энхтүвшин: Би найман жилийн өмнөөс өөртөө цаг гаргах боломж олдоод урлаг судалдаг болсон. Урлаг хүнийг нэг байрандаа зогсоохгүй түлхэж өгч, өөрчлөлтөд бэлдэж байдаг шиг санагддаг. Ялангуяа өвөрмөц уран бүтээлийг яаж ингэж сэтгэв гэдэг талаас нь харж таашаал авах сонирхолтой байдаг. Хүнийг хоббигоор нь дамжуулж олон зүйлд сургаж болдог. Сэтгэлзүйг бас хөгжүүлж байдаг.
Б.Одбаяр /Оки/: Би спортод их дуртай. Тоглолтуудыг зорьж очиж үздэг. Би бас их уйдамтгай. Гэхдээ энэ нь уран бүтээлч хүнд байхад зүгээр чанар байх гэж боддог.
Дуунуудаараа юуг илэрхийлэхийг зорьдог вэ?
Янз бүр. Юу ч байж болно. Тухайн үеийн сэтгэл мэдрэмжээс их шалтгаалдаг. Энгийн жишээ гэхэд Дон Диортой хамтарч дуулсан “Crush Landing on you” дуу гэхэд архи, согтууруулах ундаа бага хэрэглээрэй гэдгийг хөнгөн байдлаар илэрхийлсэн дуу. Сүүлийн үед ихсээд байгаа гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралтай холбоотой мэдээллүүдийг хараад эмзэглэж үүнийг дуугаар илэрхийлж, өөр байдлаар хүргэхийн тулд “Crush Landing on you” дуу төрсөн байх жишээний. Бас энэ дуун дээр нэг хөгжилтэй түүх ярихад би нэг удаа аймар шартаж үзсэн. Уг нь архи согтууруулах ундаа бага хэрэглэдэг л дээ. Б.Идэрээгийн комеди үзэж байхад манай ширээн дээр зөвхөн оргилуун дарс л байсан юм. Комеди үзээд л инээгээд оргилуун дарс уугаад байсан чинь маргааш нь аймар шартсан. Тоглолттой хэрнээ босож чадахгүй, бөөлжөөд. Тэр их хэцүү, муухай мэдрэмж байсан. Шартсан хүнд ямар хэцүү байдгийг жишээ нь тэгэхэд ойлгосон. Аавыг архи уусан үед ээж яадаг байлаа гэж хүртэл бодогдож байсан шүү. Тэгсэн манай нөхөр бантан хийж өгөөд, намайг сайн асарч тэнхрүүлсэн юм. Нөхрийнхөө хайрыг өөр байдлаар дахин мэдэрч байлаа. Тэгээд л тэр мэдрэмжээ дуундаа оруулж байсан.
Ганцхан чамайг хайрлая
Шартсан ч чамайг л хайрлая
Хурган бантангаар дайлъя…. гээд.
Жишээ нь “Do it” дуу бол бас нэг өөр мэдрэмжийг өгсөн дуу. Миний ганц бие байх үеийн мэдрэмж шингэсэн. Ганц бие хүмүүс орой гарах үедээ ямар догдлолтой гардгийг бодож байгаад л хийсэн дээ.
Өөрийн брэндийг гаргана гэж төлөвлөж байгаа
Ямар ч төрлийн бизнес эрхэлсэн Монголын зах зээл жижиг зах зээл. Уран бүтээлч хүний хувьд олон улсаас фентэй болох, уран бүтээлээ олон улсад гаргах тал дээр ямар бодолтой байдаг вэ?
Миний хувьд гадаадад гаръя, цөм авъя гэж зорьдоггүй. Яагаад гэвэл гадаадаас үзэгчид тухайн улсын язгуур урлагийг л илүү сонирхоно. Би Америкт гарч дуулъя гэвэл над шиг зүс царайтай, надаас илүү гоё дуулдаг эмэгтэй дуучид хэдэн мянгаараа байгаа. Би өөрийгөө тэнд өрсөлдөж чадна гэж боддоггүй. Хэрвээ гарна гэвэл ялгарлаа бий болгож гарах нь зөв. Монголоо илүү яаж байлдан дагуулах билээ л гэж бодож байна. Хичнээн секси байгаад, хичнээн мөнгөтэй байгаад гадны зах зээлд сонин биш. Харин морь унаад дуулах нь сонин харагдаж магадгүй.
Та одоо нэгэнт өөрийн гэсэн брэндийг бий болгож чадлаа. Үүнийгээ цаашдаа яаж ашиглах төлөвлөгөөтэй байгаа вэ?
Киви хамтлагт байхаасаа л би залуу сонсогчид руу их анхаарсан. Сонсогчид маань надтай хамт өсөж хөгжиж байна. Мөн зогсолтгүй уран бүтээл туурвиж ирснийхээ үр шимийг одоо хүртэж эхэлж байна. Орж ирж байгаа хөрөнгийг буцаагаад уран бүтээлдээ сайн зарцуулж чаддаг. Одоо харин үл хөдлөх хөрөнгө рүү хөрөнгө оруулалт хийж байгаа. Уран бүтээлч хүний хамгийн амжилттай үеийнхээ орлогыг хүүхдүүддээ яаж үлдээх билээ гэдэг дээр анхаарч байна.
Дөчин нас хүртлээ уран бүтээлдээ маш сайн анхаарч хүлээн зөвшөөрөгдөөд, түүнээс хойш тэр нэр нөлөөллөө нийгмийн зөв зүйлийн дуу хоолой болж ашиглана гэсэн бодолтой байна. Тэр нь юу вэ гэвэл хүүхдийн хүчирхийллийн эсрэг маш хүчтэй дуу хоолой болно. Яагаад дөчин наснаас хойш гэж төлөвлөсөн бэ гэвэл тэр хүртлээ нийгэмд би өөрөө хүлээн зөвшөөрөгдөх нь чухал юм. Мөн өөрийн нэг брэнд бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн байгаа.
Нэвтрүүлгийн дэлгэрэнгүй үзэх линк: https://www.youtube.com/watch?v=76Ym1nSgNjY&t=1s