Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл хотын түгжрэл хэд дахин нэмэгдлээ. Зарим өдрүүдэд тэг зогсолтийн хэмжээнд хүрч байна. Хүн бүр зам дээр хэдэн цаг түгжирч зогсож байгаагаа тооцож бухимдацгааж байна. Нийтийн эрх ашиг хохирч, хүн бүрд стресс үүсгэж, ажлын бүтээмж, бизнесийн үр ашиг цаашлаад Монгол улсын эдийн засагт маш том хохирол учруулж байгаа асуудал билээ. Харин хотын удирдлагууд энэ асуудал дээр одоог хүртэл ямар арга хэмжээ авахаа илэрхийлсэнгүй.
Тэгвэл Засгийн газар, хотын удирдлагуудад богино хугацаанд хэрэгжүүлж болох шийдлүүдийг санал болгож байна.
“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ:
Олон жил л замын түгжрэл бууруулах талаар ярьж байгаа боловч өнөөг хүртэл зам нь ч олигтой нэмэгдэж сайжирсангүй, машины тоо нь л нэмэгдээд байна. Лондон хотын замын түгжрэлээ шийдсэн жишээ манайд хэрэгжихэд хялбар гэж миний хувьд бодож байна. Лондон хот хотын тусгай татвараа нэмж, хотоо бүсчилэн хотын төврүүгээ дөхөх тусам татвар ихэсдэг. Та хотын төвд алхмааргүй машинтайгаа явмаар байгаа бол хэн нэгнээс илүү мөнгө төлөх л хэрэгтэй болно.
- Үүн шиг Улаанбаатар хотын тусгай татвараа нэмж, түүнийг нэгдсэн санд төвлөрүүлэн замаа нэмэх, тогтмол засч сайжруулж байх.
- Хөдөөнөөс машинтайгаа орж ирж байгаа иргэд хотод машинтайгаа явбал байх өдрийнхөө тоогоор татвар төлөх
- Улаанбаатар хотын их тойруу дотор ороход нэг өөр татвар, бага тойруу руу ороход нэмэгдсэн татвар төлөх буюу хотыг бүсчилж татвар нэмэх.
- Машины гаалийн татвараа нэмэх
- Буруу хүрдтэй машиныг хориглох. Зам тээврийн ослын ихэнх хувь нь буруу талдаа жолооны хүртдтэй машинаас болдог.
“МЕТРО ДЕВЕЛОПМЕНТ ГРУПП”-ИЙН ЗАХИРАЛ Б.ОДСҮРЭН:
Манай Улаанбаатар хот дотор нийтдээ 1000 км орчим засмал зам байгаа, 600 мянган автомашин явж байна. Нэг машинд 11м2 зам ноогдож байна гэсэн үг. Хүн ам ихтэй метрополис хотод хэрэгждэг зам, автомашины харьцааг илэрхийлсэн дүрмээр бол нэг машинд 60м2 зам ноогдож байж түгжрэлгүй явдаг. Тэгэхээр манайд хотын зам нь тав дахин бага байна, эсвэл хотод байгаа машин нь тав дахин их байна гэсэн үг. Манай нөхцөл байдлаар бол таван машины нэг нь явж байж түгжрэл үүсэхгүй байхаар байна. Энэ гаргалгааг бодож замын түгжрэлээ шийдэхгүй бол эрүүл мэндээр хэлбэл суурь өвчин боллоо. Маш ойрын хугацаанд шийдэж болох шийдэл бол:
- Бүсчлэлийн хязгаарлалтанд орох
- Сургуулиудын хичээлийн цагийг зөрүүлэх
- Төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх
- Авто замын төлөвлөлт хийдэг газартай болох
- Байшин хоорондын хашаануудаа нурааж замуудыг нээ
- Альтернатив замуудыг бий болгох
Хоёр км зам туулах гэж хоёр цаг түгжирч байна. Энэ бол Бээжин юмуу Солонгос руу нисч очих хугацаа шүү дээ.
“АЛТАЙ ХОЛДИНГ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.БАТТҮШИГ:
Замын түгжрэлийг багасгах богино болон урт хугацааны арга хэмжээг тогтмол авах хэрэгтэй. Маш ойрын хугацаанд хэрэгжиж болох Латин Америкт хэрэгждэг программуудыг би санал болгож байна.
- Урамшууллын систем:
Айл бүр хүүхдээ хүргэж өгөх гэж нэг нэг машин унаж гараад түгжрэл үүсгэж байна. Тиймээс хөршийнхөө хүүхдийг юм уу, хамаатныхаа хүүхдүүдийг хамтад нь гурваар нь, дөрвөөр нь нэг машинаар сургууль, цэцэрлэгт нь авчирвал урамшуулдаг байх. Төрөөс сан бүрдүүлж сургууль, цэцэрлэгүүдэд хуваарилан урамшуулах байдлаар. Эсвэл татвараас хөнгөлөх, эсвэл оноожуулж түүнийгээ өөр зүйл ашиглах байдлаар түгжрэлийг багасгах иргэдийн оролцоог урамшуулах. Урамшуулал нь хүнд илүү хурдан түлхэц болдог.
- Хувийн гэлтгүй улсын сургуулиудын хүүхдийн автобусны тоог нэмэх. Эцэг эхчүүд санаа зоволтгүй сургуулийн автобусанд нь суулгаад явуулах хэмжээний стандарттай болох.
- Хотын нийтийн тээврийг сайжруулах.
- Мөн утааг давхар бууруулах давуу талтай учраас цахилгаан машины хэрэглээг нэмэх хэрэгтэй.
“МОНГОЛ ХҮН МОНГОЛЫН БАЯЛАГ”,”МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТӨСЛИЙН САНААЧЛАГЧ Г.ГАЛБАДРАХ:
Нийтийн сахилга батыг бий болгоход иргэдийг ухамсартай болохыг хүлээж цаг алдах шаардлагагүй. Америкт бол өндөр торгуультай гол зохицуулалт л үйлчилдэг. Түрийвчтэй нь ярихад иргэд аяндаа торгуулахгүй байх ухамсартай болдог.
Төр зоригтой гол шийдвэрүүдийг гаргаж эргэж буцахгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Сошиал дахь хэдхэн хүний эцэргүүцлээс болж шийдвэрээсээ эргэж буцаад байвал асуудал хэзээ ч шийдэгдэхгүй.
- Нийтийн тээврийн тоог ихэсгэх, нийтийн тээврийн давтамж эргэлтийг ихсгэх,
- Манайд хамгийн боломжтой UB Cab таксины компанийг нэгдүгээр эгнээгээр зорчдог болгох.
- Хөдөөнөөс ирсэн машин хотын төв рүү ордоггүй байх, орвол татвар төлөх
- Гол түгжрэлийн бүс рүү орохдоо өндөр татвар төлдөг болох.
- Хотын төв рүү заавал машинтайгаа орох ажилтай бол байгууллага нь ажилтныхаа өмнөөс өндөр татварыг нь төлдөг жишиг олон улсад үйлчилдэг.
- Байгууллага нь өөрөө татварыг нь төлж өгдөг татвар төлөх боломжгүй иргэдэд нийтийн тээврээ хөгжүүлж сонголт өгөх хэрэгтэй
- Төв рүү орохдоо татвараа төлөх хэцүү байвал алхах, такси барих сонголт бий шүү дээ.