Ердөө 30-хан жилийн дараа дэлхийн хүн амын бараг талаас илүү нь буюу 4.9 тэрбум хүн холын хараа муутай болсон байна гэсэн судалгаа гарчээ. Миопия буюу холын хараа муудах гажгаар жилээс жилд хэдэн сая хүн “өвчилж”, өнгөрсөн 25 жилийн хугацаанд гэхэд дэлхийн хүн амын 13.2 хувь нь шинээр нүдний шил зүүх болсон байна. Азийн зарим оронд хүн амынх нь бүр 75-90 хувь холын хараа муутай бол Европын орнууд болон АНУ-д энэ үзүүлэлт дунджаар 30-40, Африкт 10-20 хувь байдаг аж. Азиудын дунд хараа муутнуудын хувь их байгаа нь ганц Хятад улсын үзүүлэлттэй холбоотой. Тус улс харааны гажигтай иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд 1.3 тэрбум хүнийх нь бараг 500 сая нь холын хараа муутай гэсэн судалгаа гарчээ.
Харин 2050 он гэхэд бараг таван тэрбум хүн миопиятай байна гэдэг харааны эмгэг тахал болтлоо газар авна гэсэн үг юм. Хэдий халдварт өвчин биш ч дэлхий нийтээрээ ийм эмгэгтэй байна гэдэг нэгэн төрлийн байгалийн шалгарал юм гэж эрдэмтэд үзжээ. Үүнд хот суурин газрын амьдрал, техник технологийн хөгжил хамгийн ихээр нөлөөлж буй ч хараа муутай хүмүүсийн үр удам хэдэн үеэрээ үргэлжилбэл хүний генид өөрчлөлт орох ч магадлалтай. Иймд хойч ирээдүйд холын хараа муудах гажгийг эмчлэхэд хүний харааг муутгадаг, харалган болгодог генийг эсийн төвшинд судлах хэрэгтэй гэж эрдэмтэн судлаачид онцолжээ.