1994 оноос хойш гараг дэлхийн хөрснөөс 28 триллион буюу их наяд тонн мөс хайлж үгүй болсныг Их Британийн Лийдс, Эдинбург болон Лондоны их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг тогтоожээ. Тэд хоёр туйлаас гадна мөнх цаст уулс, мөсөн гол зэргийн зургийг хиймэл дагуулаар авч, нарийвчлан судалсны дүнд энэхүү тооцоог гаргасан байна. Эрдэмтэн судлаачид дэлхийн дулаарал, хүлэмжийн хийнээс үүдэлтэй эл үзэгдлийг “аймшигтай”, “цочирдом” хэмээгээд байдал энэ янзаар үргэлжилбэл энэ зууны эцэс гэхэд далайн төвшин одоогийнхоос метр гаруйгаар нэмэгдэнэ гэдгийг анхааруулсаар байгаа. Энэ нь сонсоход хэдий бага тоо мэт боловч далай тэнгисийн төвшин дунджаар нэг см-ээр нэмэгдэхэд л их ус бараадан аж төрдөг ойролцоогоор сая хүний ахуй амьдрал өөрчлөгддөг гэсэн судалгаа бий аж.
Дэлхий мөсөн бүрхэвчээ алдах нь зөвхөн далайн төвшин нэмэгдэхтэй холбоогүй. Цас, мөс хэдий их хайлж үгүй болно, тэр хэрээр дэлхийн гадарга нарны гэрлийг буцааж ойлгох чадваргүй болж, хөрс шороонд илүү их илч дулаан шингэснээр дулаарал улам эрчээ авах аюултай юм. Мөн их хэмжээний хүйтэн, цэвэр ус далай тэнгист цутгана гэдэг хоёр туйлын биологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах бол мөнх цаст уулсын цас, мөс хайлах нь их уулс нуруудаас эх аван урсдаг гол мөрнийг бохирдуулж, сая сая хүний ундны усны нөөцийг дундарна гэсэн үг.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс болж цас, мөс их хэмжээгээр хайлж байгаа тухай өмнө нь эрдэмтэд олонтаа дурдаж, анхааруулсаар ирсэн. Харин дээрх судалгаа мөнөөхөн мөсөн бүрхэвчний хэмжээг нарийвчлан гаргаснаараа анхдагч болж байна. Лийдсийн их сургуулийн эрдэмтэн Том Слэтэрийн хэлснээр 28 их наяд тонн мөс гэдэг Их Британийн газар нутгийг бүхэлд нь 100 метр зузаан мөс бүрхсэнтэй тэнцэх тийм их хэмжээний мөс аж.
Орчуулсан Л.Очир