Засгийн газрын шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.
Засгийн газрын хуралдаанаар малчдад ноолуурын урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ, малчид үндэсний үйлдвэрт ноолуураа тушаах хэрэгтэй юм байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Дэлхийн зах зээл хүнд байдал орж байна. Гэхдээ бид ноолуурынхаа үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх бүрэн боломжтой. Малчдыг төр засгаас зарласан үйлдвэрүүддээ л ноолуураа тушаахыг уриалж байна. Ингэж байж ноосных шиг, ноолуурын урамшууллаа авах боломж бүрдэнэ. Энэ жил ноолуурын үнэ маш ихээр унана. 50-60 мянган төгрөгөөр борлуулах л боломжтой гэх яриа гараад эхэллээ. Янз бүрийн ятгалганд итгэж ноолуураа яарч борлуулж, хохирохгүй байхыг хүсье.
Энэ жил нийт ноолуурынхаа 50 хувийг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой. Тиймээс ч, засгийн газраас цогц арга хэмжээ авах шийдвэрийг гаргаж байна. Үндэсний үйлдвэрлэгчид маань идэвх санаачлагатай, хамтран ажиллах хэрэгтэй байна” гэж мэдэгдлээ.