Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд их дээд сургууль, коллеж, МСҮТ, ЕБС, цэцэрлэгүүдийн хичээлийг түр зогсоож гуравдугаар сарын 30 хүртэл хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Энэ хугацаанд оюутнуудад цахимаар, сурагчид болон цэцэрлэгийн насныханд теле хичээл заах зохицуулалтыг БСШУСЯ-наас хийсэн. Бид сурагчид хэрхэн хичээлээ үзэж байгаа болон теле хичээлийн чанар, сургалтын хоцрогдол үүсэж байгаа эсэх талаар ЕБС-ийн хүүхэдтэй эцэг, эхчүүдээс тодрууллаа.
Б.Ганчимэг: Би хүүхэдтэйгээ теле хичээлийг үзэж хамт хичээлийг нь хийлгэдэг. Теле хичээлийн сургалтын чанар муу байна. Зааж байгаа багш нарын арга хичээлээ явуулж байгаа нь хурдан, хүүхдэд ойлгомжтой байдлаар зааж чадахгүй байна.
Л.Баттөмөр: Манай хүүхэд хувийн сургуулийн 10-р ангид сурдаг. Хичээлийн хувьд багш нь фэйсбүүкээр хичээлийг нь явуулж байгаа. Теле хичээл үзэхгүй, зөвхөн багшийнх өгч байгаа хичээл, даалгаврыг л хийж байна. Сунгаж хичээллэх хэрэгтэй.
Н.Нарангарав: Хүүхдүүд хөл хорио тогтоосноор маш их хохирч байна. Манай хүүхэд Төв аймагт эмээ дээрээ байгаа. Хөдөө, орон нутагт байгаа хүүхдүүд цахимаар хичээлээ үзэж чадахгүй байна. Ийм нөхцөл байдалд хичээлийг нь сурах бичгээс нь л өмнө үзсэн юмнуудыг нь мартуулахгүй байхын тулд давтуулж байна даа. Теле хичээлээ үзэж чадахгүй хоцорсон олон хүүхдүүд байгаа гэж бодож байна. Хоцорсон хүүхдүүдийн хоцрогдлыг арилгаж, нөхөх байх гэж бодож байна. Хичээлийг нөхөж оруулмаар байна.
“СОНГУУЛЬ БОЛНО ГЭЭД СУРГУУЛИУДЫГ ЭРТ АМРААЖ БОЛОХГҮЙ, НӨХӨЖ ХИЧЭЭЛЛЭХ ХЭРЭГТЭЙ”
“Шинэ монгол” сургуулийн гүйцэтгэх захирал асан, ОУ-ын харилцааны доктор П.Наранбаяр: "Боловсролд асуудал хүндэрч байна. Хүүхдүүд есөн долоо хоног буюу 47 өдрийн хичээл тасраад байна. БСШУСЯ-аас ЕБС-ийн хичээлийг дөрөв, тавдугаар сард амралтгүй оруулахаар болсон. Гэтэл бямба гарагт хичээл ороод ороод найман өдрийн хичээлийг л нөхөж байна. Цаана нь 35 өдрийн хичээл нөхөгдөж чадахгүй үлдэх нь. Цахимаар болон телевизээр явж байгаа хичээлийн үр дүнг тооцох хэцүү. БСШУСЯ сурагчдаа хүүхдээ бодсон шийдвэр гаргах хэрэгтэй.
Өдөр болгон талх ид гэвэл идэж чадна, харин нэг өдрийн дотор 10-ийг ид гэвэл чадахгүй мэдлэг яг үүнтэй адил.
Тасалдсан өдрүүдийг цагаар тооцвол 320 орчим цаг болж байна. Бага ангид 235 цагийн хичээл тасалдаад байна. Харин сэдвээр нь багцлаад авч үзвэл бага ангид 30 орчим, дунд ангид 20-23 орчим нэгж хичээл тутаж байна. 12 жил тасралтгүй сурсан 30 гаруй мянган хүүхдүүд төгсөөд ЭЕШ өгнө. Өмнөх жилтэй харьцуулахад энэ жилийн хичээлийн бүтэц өмнөх жилээс багаар буюу 35 долоо хоног байснаас 32-33 долоо хоногоор баталсан. 6 сард хичээллэх хэрэгтэй. Сонгууль болох жил гээд сургууллиудыг эрт амрааж болохгүй. Амарсан өдөр, цаг бүрээ нөхөж хичээллэж байж хүүхдийн хоцрогдол арилна. Сонгуулиа бодож ЭЕШ авах хугацааг хойшлуулахгүй байж болохгүй. Улс төрийн шийдвэрээс болж хүүхдүүд хичээл, сурлагаараа хохирч болохгүй асуудал" гэлээ.
"ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ БАГШИЙН ТАЙЛБАР ТУСЛАМЖТАЙГААР ЭЦЭГ, ЭХ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТРАН ХИЧЭЭЛЛЭХ НЬ ҮР ДҮНТЭЙ"
Энэ талаар албаны эх сурвалжаас тодрууллаа.
БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир: “Хөл хорио тогтоосон энэ үеийг амралт гэж ойлгож болохгүй. Энэ бол онц ноцтой нөхцөл байдалтайгаар хөл хорио тогтоосон. Теле хичээл дээр 170 багш хичээл зааж байна. Төлөвлөгдсөн байсан хичээл сургалтын үйл ажиллагаа 48 хоногоор тасалдсан. Салбар яамнаас гурав дугаар улирлын 2-3 долоо хоног амрах амралтыг цуцалж байна. Цуцалснаар хичээлийн 14 хоногийг нөхөх боломжтой болж байгаа. Дөрөв тавдугаар сарын хичээлийг нэмэлтээр бямба гаригт оруулна. Доод тал нь найман долоо хоног бямба гаригт хичээллэхээр төлөвлөж байна. Үлдсэн өдрүүдийн хичээлийг теле хичээлээр орж байна” гэв.