АН-ын дэд дарга УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Сонгууль болоход дөрвөн сар үлдлээ. Энэ удаагийн сонгуулиар АН олонх болж чадахгүй байхаар байна. Жишээ нь АН-ын рейтинг МАН-аас муу, нөгөө нам шигээ нэр хүндтэй улс төрчгүй, намын чинь дарга л гэхэд үйл ажиллагаа нь таалагддаггүй таван улс төрчийн нэгд яваа. Та юу гэж харж байна?
Яах вэ сонгууль болдгоороо л болно. Хүмүүс нэр дэвшидгээрээ дэвшинэ, иргэд хэнийг сонгох сонгохгүйгээ өөрсдөө мэднэ. Сонгох хүмүүс нь өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлж байна. Сонгогдох гэж байгаа хүмүүс нь нэг юм бодох байлгүй дээ. Иргэдийн хүлээлт, асуулт ирэхээр асуусан асуултад хариу өгч чадахгүй бол тэр хүмүүс улс төрийн тавцан дээр ямар ч үнэ цэнэгүй. Тиймээс нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар асуудлыг хэрхэн шийдэх юм, шийдэл нь юу байгаа юм. Үүний төлөө хэрхэн зориг гаргах юм энэ бүхэндээ хариулттай байх хэрэгтэй.
Та Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй одоогоор ямар харилцаатай байна вэ ?
Зөрчилдөөнтэй биш. Бид ардчиллын зарчмаар намын даргаа сонгочихсон. Энэ тохиолдолд нэг хоёр хүн би дэмжихгүй байна гэж хэлэх нь зовлонтой. Ардчилал өөрөө ийм үр дагавартай. Хэчнээн 76 гишүүнийг муу хэлсэн ч ард түмэн сонгочихсон шүү дээ. Дараагийн сонгууль илүү мэргэн байгаасай гэсэн хүлээлтээр ардчилал оршин тогтнож байгаа. Ардчилсан намын дарга ‘’ирж бас явж” байдаг л зүйл. Өнөөдрийг хүртэл би нэг зүйл дээр л хатуу итгэл үнэмшилтэй байдаг. Ардчилсан нам дотроо хэрэлдэж муудсан ч гэсэн хүний эрхийн асуудал дээр байнга зогсоно. Байнга үүнийхээ төлөө зүтгэнэ. Ардчилсан нам хүний эрхийн талд зогсдог учраас иргэдийн хувийн өмч түүн дээр суурилсан эдийн засаг, чөлөөт өрсөлдөөний төлөө байнга дуугардаг байсан. Нэг, хоёр, гурав гээд зарим нэг хүмүүс Ардчилсан намын нэрээр чөлөөт өрсөлдөөн, эдийн засаг хувийн өмч рүү, тонгочиж дайрч байсан тохиолдлууд гарч байсан. Гэхдээ Ардын намаас илүү Ардчилсан нам энэ үнэт зүйлийн төлөө алхам хийдэг учраас бизнесменүүд ч гэсэн энэ үнэт зүйлийн тухай ярьж байна шүү дээ. Ардчилсан намыг харахаар хэчнээн дотроо хэрэлддэг ч гэсэн яг эдийн засаг, бизнесийн хувьд зоригтойгоор юмыг урагшлуулдаг юм байна. Ардын нам зүгээр л гацаачихдаг юм байна, бүх юмыг царцаачихдаг юм байна. Энэ хүмүүст огтхон ч зориг алга, эдийн засгийн ямар ч өөрчлөлт энэ хүмүүс хийхгүй байна гэдэг. Би үүнд л итгэдэг. Яагаад гэвэл энэ нийгмийн тодорхой том хүчин өөрөө яг Ардын намтайгаа адилхан арай ийм болчихгүй байлгүй дээ гэж.
Мөн та бүхэн анзаарч байсан бол яг үндсэндээ авилгатай холбоотой асуудлыг эргээд харахаар Ардчилсан намд авилгатай холбогдсон гишүүд байгаа. Түүнийг огтхон ч үгүйсгэхгүй. Гэхдээ 2015 оны эрүүгийн хуулиар авилгачид “харанга” болсон тэр хуулийг хэн баталж байлаа Ардчилсан нам баталсан байдаг. Ардчилсан нам парламентад олонх байгаагүй ч олон суудалтай байхдаа хөөн хэлэлцэх хэргүүд дээр ингэж тоглоно шүү, авилгын ийм гэмт хэргүүд шинээр эрүүгийн хуульд орж ирж байгаа заавал хөөн хэлэлцэх хугацааг нь ингэж тоолно шүү гэдэг байв.
Хэрэв Ардчилсан намын тэр хуулиуд яг тэр агуулгаараа үйлчилсэн бол маш олон авилгын хэрэг өнөөдөр шүүхийн шийдвэрийг сонсоод явдаг газраараа явчихсан байгаа. Ардын нам гарч ирээд хөөн хэлэлцэх хугацааг нь хулгайлсан. Авилгын дотоод хэргийг үгүй болгосон. Тэрнийхээ үр дүнгээр зарим нь ял завшсан, зарим нь улс төрийн шоу хийгээд явж байна. Ардчилсан нам муу нэртэй, үнэ цэнэгүй, нэр хүнд доогуур байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ зурвас алхаж байгаа алхмаа харахад энэ хуулийн салбарт, эдийн засгийн салбарт энэ нийгмийн салбарт хамгийн зоригтой өөрчлөлт гаргасан шийдвэрүүдийг Ардчилсан нам хийж байсан.
Тэр өөрчлөлтүүдийг зарим нь дуусгаж чадаагүй байсан байж болох юм. “Дотроо зодолдоод” гүйцэтгэл жаахан муутай байсан байж болох юм. Гэхдээ Ардчилсан нам энэ зоригтой өөрчлөлтүүдийг байнгын хийдэг. Энэ зоригтой өөрчлөлтүүдийн үр дагаврыг тухайн үедээ олон нийт ойлгоогүй эсвэл олон нийт үнэлээгүй ч гэсэн тодорхой хугацааны дараа үнэлж байдаг байсан.
Судалгаануудыг харахаар сонгогчид шинэ үе, залуу үеийг хүлээж байна. АН шинэ, залуусаа дэвшүүлэх үү? Дэвшлээ гэж бодоход хэдэн төгрөг авах юм?
Ардчилсан намын сул тал гэж байнга дөвийлгөж гаргаж ирдэг асуудлын нэг. Ардын нам бол үе үеэрээ нөхөөд дараа дараагийнхаа үеийг гаргаад ирдэг. Ардчилсан нам хатуу ширүүн өрсөлдөөн дунд гараад ирвэл ирэг, гарч ирж чадахгүй бол хохь гэдэг байдлаар байдаг. Энэ өрсөлдөөн дотор Ардчилсан нам ахиад өөрийн үнэт зүйл зарчим бодлогыг тээж авч явъя гэж бодож байгаа бол уламжлалт хуучинсаг улс төрчдөөсөө салж, шинэ үедээ итгэж тэдний гараар, тэдний нүдээр үзэл санаагаа бойжуулж авах ёстой. Энэ рүү явж чадахгүй бол үлэг гүрвэл шиг музейд очихыг үгүйсгэхгүй.
Үүнийг та яг сайн хэлж мэдэхгүй байна гэсэн үг үү ?
Энэ жилийн сонгуулиар Ардчилсан нам цусаа сэлбээд шинэ эрч хүчээр ороосой гэж хүсэж байна.
Ерөнхийлөгчийн зөвлөх Г. Уянга Ардчилсан намаас дэвшинэ гэж мэдэгдсэн ч 60 саяыг өгч чадаагүй болохоор дэвшиж чадахгүй болчихлоо гэж ахиад л мэдэгдсэн. Танай нам ингээд тариф тогтоогоод байвал мөнгөтэй нь л нэр дэвших бус уу?
Тийм яриа гараагүй, тэр хүний хувийн яриа байхыг үгүйсгэхгүй. Албан ёсоор огт ийм яриа болоогүй. Нам өөрөө мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа дотоод олон ажлаа хийхийн тулд санхүүжилт шаардлагатай байгаа нь мэдээж хэрэг. 60 тэрбумын, ЖДҮ хулгайлсан улс төрчид шиг хармагаараа дүүрэн мөнгөтэй улс төрчид Ардчилсан нам дотор байхгүй. Гэхдээ сонгуульд тодорхой хэмжээний зардал гарна, тэр зардлаа босгох гэж оролдож байгаа. Шүүмжлэлтэй байгааг үгүйсгэхгүй. Ямар нэгэн зардалгүйгээр сонгууль болон улс төрийн үйл ажиллагаа явахгүй. Энэ зардлыг нэг хүний халааснаас биш олон хүний хамтралаар босгох замаар шийднэ гэсэн зорилготой байна.
Г.Уянга манай УБЭ-ийн гишүүн биш, манай намын гишүүн биш шүү дээ. Мөн хэн дэвших вэ гэдэг хуулийн хугацаа арай болоогүй байна. Тиймээс нам дотор ямар нэгэн байдлаар энэ хүн дэвшиж байгаа гэсэн албан ёсны яриа гараагүй байна.
Танай намын залуу гишүүд хэдэн төгрөг өгч байж нэр дэвших юм бэ ?
Залуучууд сонгуулийнхаа зардлыг босгох хэмжээний зохион байгуулалт болон өөрийнхөө боломжоор босгох ёстой байх. Гэхдээ Ардчилсан нам өөрөө үзэл бодол цаашдын өөрчлөлтийг яаж хийх вэ гэдэг дээр бодлогоороо нэр дэвшигчдээ тодруулах хүсэл эрмэлзэл байгаа. Санхүүжилт бол дараагийн асуудал.