ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал ”НӨАТ-ын Хуулийн 5.1-д “Бараа ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус хувийн хэрэглээнд худалдан авч, импорт оруулсан хувь хүн албан татвар төлөгч байна” гэсэн байгаа.
Албан татвар төлөгчийн худалдан авалт нь хуульд заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд албан татвар төлөх, албан татвараа буцаан авах зохицуулалттай.
Энэ зохицуулалтын 15 дугаар зүйлийн 2.1-д “Хууль заасан шаардлага нөхцөлийн хангасан тохиолдолд албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох”, 15-ын 2.2 нь “Сугалааны тохирлоор урамшуулал олгох” гэсэн гэсэн урамшууллын хоёр хэлбэртэй.
ТЕГ энэ хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ Сангийн сайдын баталсан журмын хүрээнд хэрэгжүүлдэг.” Үүнд нь:
1. НӨАТ-ын албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам.
2.Сугалааны тохирлоор урамшуулал олгох журам.
Энэ хоёр журамд “ТЕГ нь татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээг, НӨАТ-ын хуульд заасан шаардлага хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцож, хяналт тавьж ажиллана” гэсэн байгаа. Мөн энэ журмын 3.2.1 –д нь “Дээрх батлагдсан шалгуур үзүүлэлтээр шалгаж үзэхэд шаардлага хангаагүй тохиолдолд НӨАТ-ын тухай хуулийн 5.1-д заасан урамшууллыг хүчингүй болгох” зохицуулалт байна.
Үүний дагуу сугалааны тохирол явагдсаны дараа хуульд заасан шаардлагаа хянаад шаардлага хангагүй тохиолдолд урамшуулал буцаан олголтыг хүчингүй болгоно.
2019 онд татварын албан улсын төсөвт 4,5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн. Үүний 1,88 их наяд төгрөгийг НӨАТ-аар орсон байгаа.
Өөрөөр хэлбэл нийт хуримтлуулсан албан татварын 24 хувийг НӨАТ-аар бүрдүүлж байгаа юм.
2016 онд 558,3 тэрбум төгрөгийг НӨАТ-аар төвлөрүүлдэг байсан бол НӨАТ-ын урамшууллыг олгож эхэлснээс хойш 1,88 их наяд болсон. 2016 онтой харьцуулахад 94,3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
НӨАТ-ын буцаан олголт:
2016 онд 499 650 хүнд 35,1 тэрбум төгрөг буцаан олгож байсан.
2019 оны тоон мэдээгээр 807 270 хүнд олгохоос 796 276 хүнд 121,6 тэрбум төгрөгийн урамшууллыг буцаан олгосон байна.
НӨАТ-ын сугалааны урамшуулал:
2016 онд 6,9 тэрбумыг сугалааны урамшуулал гэж олгосон.
2019 оны гүйцэтгэлээр 312865 иргэнд 18,7 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон.
ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан "Өнөөдрийн байдлаар 910707 иргэн 146,1 тэрбум төгрөгийг буцаан олгохоор тооцоо гарсан байна. Энэ 910 мянган иргэдээс бид 359 171 иргэнд 14,9 тэрбум төгрөгийг хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа талаар эрсдэлд тооцон шалгаж ажилласан. Үүнтэй холбоотойгоор 996 иргэний 2,1 тэрбум төгрөгийг “хянагдаж байгаа” гэсэн төлөв оруулаад байна. Тэгэхээр буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнх нь татвар төлөгч иргэдэд буцаан олгогдоно. Харин энэ 996 иргэний хувьд хянагдаж байгаа нөхцөл шалгуурыг тооцоод шалгуурыг хангаж байвал “буцаан олгох” төлөвт шилжинэ. Шаардлага хангаагүй гэж үзвэл буцаан олгохгүй, цуцална.
Эрсдэлд тооцох жишээнүүдийг танилцуулъя. Эрсдэл тооцох явцад үүрэн телефоны компаниудаас 1 иргэн 8392 баримт буюу 336 сая төгрөгийг буцаан олголтын баримтыг системд оруулсан байна. Шатахуун импортлогч компаниас нэг иргэн нэг өдөрт 16 баримт буюу 73 сая төгрөгийн баримтыг системд оруулсан. Иймэрхүү байдлаар хууль зөрчин буцаан олголт авах гэсэн оролдлогууд байгаа тул бид нар хуульд заасан хэмжээний хүрээнд эрсдэл тооцох, шалгах үйл ажиллагаа зайлшгүй хийж байгаа юм.
2016 онд НӨАТ-ын системд 596 мянган хүн бүртгүүлж байсан. 2019 онд нэг саяын босгыг даваад 1,1 сая хэрэглэгч идэвхтэй хэрэглэж байна. 2019 онд иргэд, ААН-ээс 503 сая баримтыг үлдээсэн. Гэхдээ НӨАТ-д жижиг дэлгүүр, захын лангуунуудыг хамруулж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Иймд бид хялбар шийдлүүдийг санал болгосноор 2019 онд 53 мянган иргэн шинээр бүртгүүлсэн. Өмнө нь огт бүртгэлгүй байсан 20 мянган компани бүртгүүлсэн.
Цаашдаа “ebarimt”-ыг улам боловсронгуй болгоно.
ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “Систем өөрөө автоматаар ажиллаж байдаг. Тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу автоматаар ажиллаж байдаг. Тэгэхээр жишээлбэл, нэг иргэн нэг өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгөөр шатахуун худалдаж авна гэж байхгүй. Одоогийн байдлаар систем дээр 996 иргэний л асуудал байгаа. Эдгээр иргэд нь сая хэлдэг жишээтэй адил маш их хэмжээний худалдан авалт хийсэн.”
ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “Зөвхөн хувийн зорилгоор хийсэн худалдан авалт гээд заасан байхад зарим иргэд аж ахуй, бизнесийн зорилгоор хийсэн худалдан авалтуудаа, жишээлбэл олон литрээр авсан шатахууны талоноо нэг нэр дээр бүртгүүлж улсаас буцаан олголт авах гээд байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг. НӨАТ-ын буцаан олголтыг зөвхөн хууль журмыг хангасан тохиолдолд буцаан олгоно.
910 мянган хүн тооцоод буцаан олголт хийх гэж байгаа бол эрсдэл тооцоод дахин шалгаж байгаа хүний тоо 1000 хүрэхгүй байна. Энэ хоёр тоог харьцуулаад үзээрэй.
Тэгэхээр олон нийтийн сүлжээгээр яваад байгаа “нийтээр нь буцаан олголтын хэмжээ буурлаа” гэсэн яриа нь үндэслэлгүй.
Мөн өөрт нь мэдэгдэхгүй байна гэж яриад байгаа. Гэтэл “хянагдаж байгаа” гэсэг төлөвт оруулаад өөрт нь мэдэгдээд байгаа юм аа. Энэ 996 хүн шалгуур хангана гэж үзэж байгаа бол холбогдох газруудтай холбогдоод буцаан авах ажиллагаа нь бүрэн нээлттэй шүү. Тэгэхээр хүмүүсийн яриад байгаа шиг шууд хасаад байгаа юм биш харин хууль журамд нийцүүлж байгаа хэрэг юм.”