
Төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн ч эрх баригчдын дотоод зөрчил, хариуцлагын асуудал чуулганы танхимаас хальж, улс төрийн гол сэдэв хэвээр үлдлээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.
Тодруулбал, Төсвийн байнгын хороо танилцуулга хийсний дараа чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70.5-д заасны дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 56 нь буюу 82.4 хувь нь төсвийн тодотголын төслүүдийг холбогдох хууль, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн гэж үзэн дэмжив.
Ингэснээр Монгол Улсын 2026 оны төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Төсвийн тодотголоор улсын төсвийн зардлыг танах, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, түлш шатахууны нөөц бүрдүүлэх, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж эхэлснийг УИХ-ын дарга С.Бямбацогт онцолсон.
Гэвч төсвийн тодотголын хэлэлцүүлэг зөвхөн эдийн засгийн асуудлаар хязгаарлагдсангүй. Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий гэх хувийн сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан эсэх асуудал улс төрийн маргааны гол сэдэв болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт байнгын хороодын хуралдааны үеэр хөндөгдсөн уг асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон Сангийн сайд З.Мэндсайхан тайлбар өгч, мэдээллийг няцаасан. Харин сөрөг хүчний зүгээс асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Н.Учрал өөрөө ч уг асуудлыг шалгуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, АТГ-т биечлэн очсон билээ.
АН-ын улс төрийн зөвлөл, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал
Энэ нөхцөл байдалд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр өглөө, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны өмнө хуралджээ. Тус хурлаас Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар оруулж ирэх ёстой гэж үзсэн бөгөөд уг асуудлыг шахаж ажиллах чиглэлийг УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн байна. Улмаар бүлгийн хуралдаанаар Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэхэд намын дарга О.Цогтгэрэл болон бүлгийн гишүүд уг шийдвэрийг дагахаа илэрхийлжээ. Ийнхүү төсвийн тодотголын хэлэлцүүлэгтэй зэрэгцэн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудал улс төрийн хэлэлцүүлгийн дараагийн гол сэдэв болж байна.
Н.Номтойбаяр: Сайд нарын хариуцлагагүй байдал уу, зохион байгуулалттай асуудал уу гэдгийг шалгах хэрэгтэй
Төсвийн тодотгол болон Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Шадар сайд Н.Номтойбаяраас тодруулга авлаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хэсэг гишүүн Булган аймагт уулзалт хийсэн бөгөөд уг уулзалтаар Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрыг унагах эсэх асуудал яригдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Шадар сайд Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайдын хамаарал бүхий гэх сургуульд төсвөөс 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан эсэх асуудлаар тэрбээр Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хардаж байгаагаа мэдэгдэв.
Тэрбээр “3.5 тэрбум бүү хэл 500 төгрөг байсан ч хянадаг биз дээ. Сангийн яам, Боловсролын сайд нь яагаад хянаагүй юм. Л.Энх-Амгалан сайд бүгдийг хольж, хутгаад бусдыгаа эвгүй байдалд оруулаад байна. Сайд нарын хариуцлагагүйн асуудал уу эсвэл зохион байгуулалттай асуудал уу гэдгийг шалгаж, тогтоох хэрэгтэй. Эд нараас болж миний ажиллаж байгаа Засгийн газрын нэр хүнд сэвтээд байна” гэлээ.
МАН-ын 30, 38-ын хуваагдал үгүйсгэгдсэн ч зөрчил ил болов
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн 30, 38-ын хуваагдлын талаарх мэдээллийг гишүүд үгүйсгэж байгаа. Гэвч эрх баригч намын доторх зөрчил, байр суурийн ялгаа сүүлийн өдрүүдэд илүү тодорхой болж байна. Тухайлбал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа нарын мэдэгдэл, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсамандын ярилцлагаас энэ зөрчлийн өнгө аясыг харж болохоор байна. Төсвийн тодотголын асуудлаар сайд нарын тайлбар зөрж, төрийн байгууллагын томилгоо болон албан тушаалын дарамттай холбоотой асуудал ил болж байгаа нь МАН доторх улс төрийн зөрчлийг улам гүнзгийрүүлж байна.
А.Намсаманд: Хууль зүйн сайд С.Амарсайхан томилгоонд шахалт үзүүлсэн
ШШГЕГ-ын дарга А.Намсамандын мэдэгдэлд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан албан тушаалын тодорхойлолт болон хуулийн шаардлагад нийцэхгүй хүмүүсийг дэвшүүлэн томилохыг шаардаж ирсэн гэх асуудлыг хөнджээ. Тэрбээр сайдын жолоочийн эхнэрийг “Төр хурах” амралт, сувиллын газрын даргаар томилсон, жолоочийн төрсөн дүүг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилсон гэх жишээг дурдсан байна.
Мөн яамны Хяналт шалгалтын газрын даргын хүргэн дүүг Төв аймагт даргаар томилох шахалт ирж, улмаар томилсон гэх мэдээллийг өгчээ. Эдгээр нь төрийн албаны томилгоо хуулийн шаардлага, мэргэшлийн зарчимд нийцэж байгаа эсэх, албан тушаалын нөлөөлөл ашигласан эсэх асуудлыг дахин хөндөж байна.
Б.Булнай: Хууль хүчний байгууллагыг ашиглан гүйцэтгэх ажиллагаа явуулсан
Үүгээр зогсохгүй иргэн Б.Булнай Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг өөрийнх нь эсрэг хууль хүчний байгууллагыг ашиглан гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж мэдэгдсэн байна. Түүний энэхүү мэдэгдэл нь төрийн байгууллагын томилгоо, албан тушаалтнуудын харилцаанаас гадна хууль хүчний байгууллагын үйл ажиллагаа, эрх мэдлийн нөлөөлөлтэй холбоотой шинэ асуудлыг гаргаж ирж байна. Гэхдээ дээрх мэдэгдлүүд нь холбогдох этгээдүүдийн тайлбар болон эрх бүхий байгууллагын шалгалтаар эцэслэн тогтоогдоогүй байгаа юм.
Ийнхүү төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн ч Засгийн газрын нэр хүнд, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудал, төрийн албаны томилгоо болон хууль хүчний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдэгдлүүд улс төрийн маргааныг улам хурцатгаж байна.
Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголын ард зөвхөн мөнгөний хуваарилалт бус эрх мэдэл, хариуцлага, томилгоо, Засгийн газрын тогтвортой байдлын асуудал зэрэгцэн яригдаж байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа нарын байр суурь, ШШГЕГ-ын дарга А.Намсамандын томилгоотой холбоотой мэдэгдэл, иргэн Б.Булнайгийн Хууль зүйн сайд С.Амарсайхантай холбоотой гомдол, мэдээлэл нь эрх баригчдын доторх зөрчлийн хүрээг улам тэлж байна. Эдгээр мэдэгдэл нь бүгд нэг асуудлыг хөндөж байгаа мэт боловч цаанаа эрх мэдлийн хуваарилалт, томилгооны нөлөөлөл, хариуцлагаас гадна хэн нь хэнийхээ талд зогсож байгаа вэ гэсэн улс төрийн асуултыг дагуулж байна.
30, 38-ын хуваагдал хэдэн хэсэгт хүрсэн, хэн нь хэнийгээ дэмжиж, хэн нь хэнийхээ эсрэг байр суурь илэрхийлж байгаа нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байна. Эрх баригчдын дотоод зөрчил зөвхөн бүлгийн тооны асуудал биш болж, төрийн бодлого, төсвийн шийдвэр, томилгоо, Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. УИХ-ын танхимд хуваагдал үгүйсгэгдэж болох ч хөшигний ард гарч буй мэдэгдлүүд түүнийг үгүйсгэхэд улам хэцүү болгож байна. Өнөөдрийн байдлаар 30, 38-ын хуваагдал хэд ч болж салсан байж мэдэхээр, эрх баригчдын дотоод улс төрийн зураг улам бүр ээдрээтэй болжээ.










