
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ жилийн тухайд 170 мянга гаруй орчим оюутнууд их дээд сургуульд суралцаж байна гэсэн тооцоо байна. Үүний 60-70 орчим хувь нь хөдөө орон нутгийн оюутнууд юм. Хөдөө орон нутгийн оюутнуудын тухайд гэвэл түрээсийн байранд амьдрах уу аль эсвэл оюутны дотуур байрандаа амьдрах уу гэсэн хоёр сонголт үүснэ. Оюутнууд хамгийн багадаа сарын 1,200,000-1,800,000 төгрөгийн түрээс төлөөд суух бололцоо хомс. Хамгийн боломжит сонголт нь дотуур байр. Их, дээд сургуулиудын дотуур байрны төлбөр болон ор хүрэлцээ харилцан адилгүй байдаг бөгөөд оюутнуудын байрлах эрэлт жил бүр нэмэгдэж байна.
Энэ талаар МУИС-ийн Үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Туяацэцэгээс тодруулахад, тус сургуулийн дотуур байрны төлбөр энэ хичээлийн жилд 15 хувиар нэмэгдсэн байна. Байрны засварын түвшин, нөхцөлөөс шалтгаалан 10 сарын төлбөр нь 960,000- 3,360,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Тус сургуулийн дотуур байр нийт 1800 оюутан хүлээн авах хүчин чадалтай. Энэ жилийн хувьд 1500 орчим оюутан дотуур байранд хамрагдсан бөгөөд үүнийг монгол оюутнуудын хувьд дотуур байрны багтаамж үндсэндээ дүүрсэн гэж үзэж болохоор байгааг сургуулийн зүгээс мэдээллээ. Мөн дотуур байранд хамрагдаж чадаагүй 80 гаруй оюутан Оюутны хөгжлийн газарт хандан “байргүй үлдсэн” тухай хүсэлтээ цаасан хэлбэрээр гаргасан байна. Тус хүсэлтийг шийдвэрлэхээр сургуулийн зүгээс ажиллаж байгаа аж.

Тэгвэл АШУҮИС-ийн Сургалтын бодлого зохицуулалт, чанарын баталгаажуулалтын газрын дарга Г.Дарамбазар: Манай сургуулийн дотуур байрны төлбөр орон нутагт 10 сарын хугацаанд нийт нэг сая төгрөг, Улаанбаатар хотод байрлах дотуур байрны төлбөр 1.2 сая төгрөгийн төлбөртэй байгаа. АШУҮИС-ийн хувьд дотуур байранд байрлах хүсэлт гаргасан бүх оюутныг хамруулах боломж одоогоор хязгаарлагдмал байна. Төв байрны ойролцоох нэгдүгээр болон хоёрдугаар дотуур байранд I,II курсийн оюутнуудыг түлхүү оруулдаг. Учир нь эдгээр оюутнуудын хичээл төв кампуст явагддаг тул шинэ элсэгчдэд ойр байрлах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс давуу эрх олгодог. Харин эмнэлзүйн хичээлд хамрагдаж эхэлсэн III курсээс дээш түвшний оюутнуудыг ихэвчлэн зүүн хотхонд байрлах, 1200 оюутны багтаамжтай дотуур байранд хуваарилдаг.
Энэ жилийн хувьд оюутнууд хичээл эхлэхээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногоос дотуур байрандаа орж эхэлсэн. Сургуулийн зүгээс өөрт байгаа квотын хүрээнд бүх дотуур байранд оюутнуудыг хуваарилсан бөгөөд одоогоор байршуулалтын ажлыг зохион байгуулж дуусгасан байна.


МУБИС-ийн хувьд энэ хичээлийн жилд нийт 1800 орчим оюутныг дотуур байраар хангахаар бүртгэл, хуваарилалтыг зохион байгуулж байна. Бакалаврын түвшний орон нутгаас суралцаж буй оюутнуудын ойролцоогоор 35 хувь нь дотуур байранд хамрагддаг. Дотуур байранд оюутнуудыг хуваарилахдаа нэгдүгээр курсийн оюутнуудад эхний ээлжинд байр олгож, үлдсэн квотын хүрээнд хоёр, гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудыг дарааллын дагуу хамруулдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эхний ээлжний оюутнуудаа дотуур байрандаа хүлээн авсан талаар тус сургуулийн Сургалтын орчин дотоод үйлчилгээниий төвийн менежер Ц.Ёндонсамбуу хэллээ.


Ийнхүү их, дээд сургуулиудын дотуур байрны төлбөр, багтаамж харилцан адилгүй боловч нийтлэг нэг асуудал нь хүсэлт гаргасан бүх оюутныг байрлуулах боломж хязгаарлагдмал байгаа явдал юм. Ялангуяа орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнуудын хувьд дотуур байрны ор хүрэлцээгүй тохиолдолд түрээсийн байрны зардал нэмэгдэж, сургалтын төлбөрөөс гадна амьдрах зардлын дарамт үүсэх нөхцөл бүрдэж байна.










