
2025 оны 1-р сард Америкийн Mass General Brigham эмнэлгийн эмч нарын гахайнаас хүнд шилжүүлэн суулгасан бөөр 271 хоног ажиллаж рекорд тогтоожээ.
67 настай Тим Эндрюс 2025 оны 1-р сарын 25-нд гахайны бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон аж. Тэрээр 2-р хэлбэрийн чихрийн шижингийн улмаас бөөрний дутагдалд орж, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай өвчтөнүүдийн нэг болжээ. Тэрээр гахайны бөөр шилжүүлэн суулгуулснаар 271 хоног буюу ойролцоогоор 9 сар гемодиализ буюу бөөр орлуулах эмчилгээнд ороогүй ба гахайны бөөрөө 2025 оны 10-р сард авхуулсныхаа дараа энэ оны 1-р сард донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засалд оржээ.
Т.Эндрюст гахайны бөөр шилжүүлэн суулгасны дараа Т.Эндрюсийн дархлааны тогтолцоо эхэндээ гахайны бөөрийг гаднын биет гэж үзэн хүлээн авахгүй байгаа шинж тэмдгүүд илэрсэн ч эмч нар зохих эмчилгээг хийсний дараа хэвийн ажиллаж эхэлжээ.
Мэс засалд орсноос хойш 6 сарын дараа эмч нарын шилжүүлэн суулгасан гахайны бөөрний судаснууд аажмаар гэмтэж, үрэвсэж, ажиллагаа нь доголдож эхэлсэн тул эмч нар 2025 оны 10-р сард тухайн бөөрийг авах мэс заслыг гүйцэтгэжээ.
Гахайн бөөрийг шилжүүлэн суулгах мэс заслыг гүйцэтгэсэн Mass General Brigham эмнэлгийн баг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хэдэн сар жилээр хүлээж буй өвчтөнүүдийн хувьд тохирох эд эрхтний донор гарч ирэх хүртэл амьд сэрүүн байхад гахайн эд эрхтнийг суулгах мэс засал тусална гэдгийг онцолжээ.
АНУ-д зөвхөн бөөрний донор хүлээж байгаа 100 мянга орчим хүн байгаагаас жилдээ 25 мянга орчим нь л бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж чаддаг байна.
Эд эрхтнийг нь хүнд шилжүүлэн суулгахад хамгийн тохиромжтой амьтан бол Юкатан үүлдрийн жижиг гахай бөгөөд энэ нь тус үүлдрийн гахайны эрхтнүүдийн хэмжээ нь хүний эд эрхтнүүдийн хэмжээтэй ижил байдагтай холбоотой аж.
Эх сурвалж: BBC News










