
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар угтан авав.
COP17-ийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мүн Жэ Инийг хүлээн авч уулзахаар төлөвлөжээ.
Хоёр улсын төрийн тэргүүн 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийж, Монгол, Солонгосын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх тухай хамтарсан тунхаглал гаргаж байв.
БНСУ нь 2011 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулсан туршлагатай. Тус улс цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улстай нягт хамтран ажилладаг.









