
АНУ-ын Хууль зүйн яам, TikTok платформ хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүх дээр хянан шийдвэрлүүлж буй маргаанаа эцэс болгосон байна.
2024 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа TikTok платформ, тус платформыг эзэмшигч ByteDance компанийг 13-аас доош насны олон сая хэрэглэгчдийн хувийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдынх нь зөвшөөрөлгүйгээр цуглуулж, 2000 оноос АНУ-д хэрэгжиж эхэлсэн Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн аж.
Тэгвэл талууд харилцан тохиролцож, TikTok платформ АНУ-ын Хууль зүйн яамд 400 сая ам.доллар төлөх болсноор талуудын маргаан эцэс болжээ. Өмнө нь Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн хэргээр 2019 онд YouTube платформ 170 сая ам.доллар, 2022 онд Epic Games 275 сая ам.долларын торгууль төлж байжээ.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын 29 муж Facebook, Instagram зэрэг платформуудыг эзэмшигч Meta компанийг Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн хэргээр шүүхэд өгөөд байгаа ба Meta компани дээрх хуулийг зөрчсөн нь тогтоогдвол олон зуун тэрбум ам.долларын торгуульд унах юм.
Эх сурвалж: BBC.com









